|
Видео

Шинэ мэдээ

Боловсролын салбарын “амьгүй албат”

Боловсролын салбарын “амьгүй албат”

 

Боловсролын салбар бантан боллоо. Сайдын сэнтийд заларсан хэн нэг нь дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог. Багш, хүүхэд хоёроор баахан тоглодог боллоо.  Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор, сүүлдээ хувь хүнийхээ хувьд ч олигтой боловсорч чадахгүй, хүний ам руу гүйгээд орчихдог хэдэн нөхдүүд болж хувирсаар байна.

 

Боловсролын сайдаар өмнө нь одоо­гийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажил­лах­даа Америкийн "Кембрижийн хөтөл­бөр”-ийг хэл амтайхан туршиж үзсэн. Одоо энэ хөтөлбөр нь сургалтын төлбөр нь тэнгэрт хадсан цөөхөн хэдэн хувийн сургуулийн имидж болохоос хэтрээгүй. Нийтэд түгээн дэлгэрээд ч сүйд болоогүй. Дараа нь Л.Гантөмөр сайдын суудалд тухлахдаа  жинхэнэ шинэ үеийн монгол хүүхдийг шинэ аргаар боловсруулна гээд Шинэчлэлийн Засгийн газраар далайлгасан "Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэдэн тэрбумаар нь зарцуулж, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын "Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Улсын хэмжээний 27 мянган багшийг увуулан цувуулан сургалтад хамруулж, хот, хөдөөгийн сургуулиудыг багш, хүүхэд хоёртой нь баахан самарсан. Багш нар бичиг цаасанд дарагдаж, дарагдаж, одоо л нэг зүгширч байна. Ажил жигдэрч, арга эвээ олж эхэлж байна гэж байсан. Гэтэл дахиад л засаг төр солигдож, сайдын суудал

шинэ эзэнтэй болсон.

 

Үнэндээ Ж.Батсуурь сайд улс төрийнхөн дундаа чимээтэй хүн байх. Сургууль, цэцэрлэгийн хооронд хүүхдээ зөөгөөд гүйж яваа эгэл жирийн

ардын хэн ч танихгүй л нэг нөхөр. Өмнө нь түүнийг боловсролын салбарт ажиллаж байсан гэдэг ч энэ салбарт эрхэм сайдаар овоглосон, түмний дунд нэр олсон ажил бараг байхгүй.  Харин саяхан түүнийг хүүхдүүдийнх нь амралтын хоногоос хугаслахад олонх нь түүнийг "үзэн ядах”-даа таньдаг болсон байх. Зургаан настнуудынхаа хичээлийн ачааллыг мэдэрч, тооцоолж чаддаггүй ийм хүн салбар удирдаж чадах уу гээд халаглах хүн ч цөөнгүй байсан.

 

Өнөөдөр дахиад л Ж.Батсуурь сайдын шинэ тушаалаар хот, хөдөөгүй бужигнасан "Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож байна. Нойр, хоолоо хугаслан байж, энэ салбарт зүтгэж яваа багш нарын заримынх нь сэтгэл амарсан байж магадгүй. Харин хүүхдийнхээ ахиж, дэвшиж, хөгжиж байгааг хараад баярлаж суусан эцэг, эхчүүд дахиад л сайдын мэдлэггүй, сэтгэлгүй, мэдээлэлгүйг гайхаж байна. Ж.Батсуурь сайдын найруулга муутай энэ жүжиг хэзээ өндөрлөх бол, дахиад юуг яаж самрах бол гэдэг айдас хүлээлт үүсчихлээ. Боловсролын салбарын­хаа бодлогыг хурдан тойглож, тордохгүй бол хийснийг нь бал­луурдаж, хэдэн ту­шаал цохож суух хооронд технологийн эрин, дэлхий нийтийн даяар­шил дунд монгол хүүхдүүд чинь туршилтын туулай болсоор байна. Том, жижиггүй тархиа угаалгасаар байгаад хэн ч биш болж хувирах эмгэнэлтэй хувь заяа хүлээж байна. Багш нар сайдаа боловсролын салбарын "Амьгүй албат” гэж нэрлэдэг болсон сурагтай байна. Эрхэм сайд танд багш, хүүхэд хоёроор тоглохоос өөр хийх ажил алга уу?

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ТУУЛ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler