| |
Видео
Шинэ мэдээ
УЛС ТӨРЖИЖ БОЛДОГГҮЙ САЛБАР ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ
Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр тул иргэн бүрт чанартай боловсрол олгох нь төрийн хүлээх гол үүрэг байдаг. Гэтэл сүүлийн үед төр энэхүү үүргээ умартаж эхлээд байна. Өөрөөр хэбэл, хүнийг хүн болгох хамгийн том хөдөлгөгч суурь боловсролын эрүүл механизм үгүйлэгдэх боллоо. Өмнөх Засгийн үед буюу АН төр барьж байхдаа ерөнхий боловсролын сургуулиудад "Цөм” хөтөлбөр гээчийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, сургах гэдэг ухагдахууныг суралцах гэдгээр солих зорилго бүхий "Цөм” хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлээд байгаа.
Уг нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө туршиж үзээд, олон давуу талууд бий болж байна хэмээн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үед уг хөтөлбөрийг хэрэгжүүлж туршихад багш нарын идэвх эрс сайжирч, хоорондоо санал бодлоо солилцож, хамтран хөтөлбөр гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл, санаачилгыг сургуульд тэр дундаа багш нарын гарт шилжүүллээ. Харин сурагчдын хувьд нэгдүгээрт, амьдрах ухаантай хүн бэлтгэх, хоёрдугаарт, мэдлэг чадваруудыг олгохын зэрэгцээ боддог, бодоод шийддэг, шийдсэн шийдвэрээ илэрхийлдэг цогц чадварыг олгож болох нь. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд шинийг сэтгэгч, шинийг эрэлхийлэгч байж, цоо шинэ нийгмийн бүтээж чадна. Гуравдугаарт, бие дааж идэвхтэй суралдах буюу хүүхэд бүхэнд "би чадна” гэсэн итгэтгэлийг өгөх хөтөлбөр болж чаджээ гэж дүгнэж байсан.
Гэтэл Засаг солигдсон учир өнөөх хөтөлбөр нь хэнд ч хэрэггүй хог, новш болоод хувирчихлаа. Угаасаа аль ч засагт салбарын сайдууд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэж, үгүй юм аа гэхэд ямар нэг өө олж муулдаг. Илүү зүйл хийж харагдахын тулд цоо шинийг эхлүүлдэг. Чадахгүй бол өмнөх зүйлийн нэрийг нь өөрчилж хийдэг жишиг тогтчихоод байгаа. Тэгвэл энэхүү гажиг жишиг боловсролын салбарыг тойрсонгүй. Мэдээж шинэ зүйл учир мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарах нь ойлгомжтой.
Тиймээс ч дөнгөж хэрэгжиж эхлээд байгаа хөтөлбөрийнхөө учрыг олох гэж багш, сурагчид болоод эцэг, эхчүүд будилах зүйл цөөнгүй гарч байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд салбарын сайд нь "Цөм” хөтөлбөрийг цөм муулах боллоо. Саяхан тэрбээр ""Цөм” хөтөлбөрийг гаргасан хүмүүс нь ч өөрсдөө юу хийснээ мэдэхгүй байна” гэсэн гарчиг бүхий ярилцлага нийтлүүлсэн. Гэтэл үүнийг харсан эцэг, эхчүүд "дэлбэртэл” ууралцгааж байна. Арга ч үгүй биз. Сурах бичгийн агуулгыг дур зоргоороо өөрчлөх асуудал сүүлийн жилүүдэд маш их гарч байгаа. Үүнтэй зэрэгцээд, нам, Засаг солигдохтой зэрэгцээд хүүхдийнх нь боловсролоор "тоглоом” хийгээд байгаа болохоор хэн баярлах билээ. Тиймээс улс төржиж болдоггүй салбар гэж байдаг юм гэдгийг ойлгоод, ядаж энэ салбарыг учир утгагүй улс төржилтөөс хэлтрүүлж сурмаар байна.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар