Өнөө өглөө Хөвсгөл аймгийн төвөөс 70 км зайтай Түнэл сумын Цэнгэл нууранд ЗИЛ-130 автомашин цөмөрч живсэн гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан албан хаагчид гарч ослын газар очсон.
Аврах ажиллагаа 12:00 цагаас эхэлсэн бөгөөд автомашин нуурын эргээс 34 метр, найман метрийн гүнд живсэн байна. Цэнгэл нуурын урт нь 1000, өргөн нь 800 метр орчим тогтмол нуур юм байна. Автомашинд жолоочоос гадна хоёр иргэн явж байсан, эдгээр иргэд бүгд өөрсдөө нуураас гарчээ.
Живсэн автомашиныг Урал маркийн хүнд даацын автомашинаар татаж гаргахаар ажиллаж байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрхи живсэн автомашин шатахуун тээвэрлэж явсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл юм. Чиргүүлгүй, шатахуун зэрэг ачаа тээвэрлэж яваагүй болохыг албаны эх сурвалж мэдээллээ.