|
Видео

Шинэ мэдээ

ТҮҮХИЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ХАМГААЛАЛТЫГ ЧАНГАТГААЧ

ТҮҮХИЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ХАМГААЛАЛТЫГ ЧАНГАТГААЧ

 

Манай улсын үнэт зүйлийн нэг бол яах аргагүй өнгөрснийг өнөө үетэй уулзуулж буй түүхийн дурсгалт олдворууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймээс монголчууд түүхийн дурсгалт зүйлсээ хайрлан, хамгаалж ирсэн уламжлалтай. Нөгөөтэйгүүр түүхийн үнэт олдворууд нь гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
 
Тэгвэл манай улсын түүхийн үнэт олдворуудад ямар ч харуул хамгаалалт гэж алга. Хэн дуртай нь хэзээ ч хулгайлахад бэлэн гэхэд нэг их үнэнээс хол зөрөхгүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй захын музей руу ороход харуул хамгаалалтын ажилтан гэхээс илүү жижүүр нэртэй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам хүн сууж харагдах нь элбэг. Зарим газар руу ороход бүр хүнгүй юм. Музейд хэн орж, гарч байгаад хяналт тавьж байгаа ч юм алга.

Саяхан л гэхэд Монгол цэргийн музейн харуул хамгаалалт сул, үзмэр харагч нь ажилдаа хайнга хандсаныг далимдуулан, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн гар бууг хулгайлсан хэрэг гарсан.Харин хэрэгтэнг камерын бичлэгийн тусламжтайгаар олж тогтооход ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан гэдэг. Хүү хэргийн талаар мэдүүлэхдээ "Би бууг авч явж байгаад хаячихсан. Хаана хаяснаа санахгүй байна” гэж мэдүүлсэн. Хэргийг одоо Баянзүрх дүүргийн дагдаагийн хэлтэс шалгаж, байгаа аж. Яах вэ, хүүхэд шохоорхоод буу хулгайлсан л байна шүү дээ хэмээн өмөөрөх нэгэн байж магадгүй.

Гэхдээ энэ чинь түүхийн давтагдашгүй дурсгал гэдгийг бодох л хэрэгтэй. Өөрийгөө ч хамгаалах чадваргүй ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд зүгээр ороод л үзмэр хулгайлаад гарч ирж байна шүү дээ. Хүүхэд ингэж байгаа юм чинь насанд хүрсэн хүн яах нь ойлгомжтой биз дээ. Нэгэнт л түүхийн үнэт олдворыг хамгаалах, арчлах, олон нийтэд таниулах зорилгоор байгуулагдсан юм чинь хамгаалсан шиг хамгаалвал яасан юм, музейн дарга нар аа. Бид чинь техник, технологийн дэвшилтэт зуунд амьдарч байна. Технологийн давуу талыг ашиглаад харуул хамгаалалтаа сайжруулбал дээргүй юу. Одоо ч юм хөгжөөд металл мэдрэгч хаалга хүртэл бүтээчихсэн байна. Захын номын дэлгүүр, томоохон супермаркетууд металл илрүүлэгч хаалгатай байхад улсдаа тэргүүнд тооцогддог музейнүүдэд яагаад байж болохгүй гэж. Ямар хэдэн арван ширхэгийг ав гэсэн биш. Музейн гарах хаалган дээр ганц л байхад хангалттай. Металл илрүүлэгч хаалга нь дааж давшгүй үнэтэй биш юм. Хамгийн хямддаа 850 мянган төгрөгийн үнэтэй юм билээ.
 
Энэ мэтчилэн арга хэмжээ авч, музейн харуул хамгаалалтаа сайжруулахгүй бол хэн дуртай нь хүссэн үедээ түүхийн үнэт олдворыг аваад гарахад бас л мэдэхгүй өнгөрөх нь дээ. Одоо ч үүдний жижүүр, камераар аргацаадаг цаг өнгөрсөн байна шүү, дарга нар аа. Металл илрүүлэгч хаалга авч чадахгүй, төсөв байхгүй юм бол үүдэнд сууж байгаа нэртэй хэдэн "мануухай”-нуудаа чангатгавал ямар вэ.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler