|
Видео

Шинэ мэдээ

Таван саяын үнэтэй хөөрөгний даалинг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөв

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр бэлгэнд авсан хөөрөгний даалин болон бичсэн номоо Монгол төрийн түүхийн музейд гардуулав.

Уг даалинг уран хатгамалч С.Одончимэг Ц.Оюунгэрэлийг ССАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Тарбозавр Батаарыг эх орондоо авч ирэхэд нь бэлэглэсэн байна. Даалинг уран хамтгамлын загасан нуруу, зүү ороолт болон задгай хамтгамал гэсэн арга барилаар урласан бөгөөд 5 сая төгрөгийн үнэтэй аж.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, "Энэхүү даалинг Үлэг гүрвэлийн төв музейг нээх ёслолын үед надад бэлэглэсэн. Тиймээс Үлэг гүрвэлийн төв музейд хадгалуулахаар шийдсэн ч ойр дотныхон УИХ-ын гишүүд, төрийн түшээд өөрт ирсэн бэлгээ Төрийн түүхийн музейд хүлээлгэж өгөх нь зүйтэй гэж зөвлөсөн. Энэ даалинг уран хатгамалч С.Одончимэгийн аав ардын зураач А.Сэнгэцохиогийн урласан хээгээр чимсэн. Ерөнхий загварыг С.Одончимэгийн хүү Б.Ганбаатар хийсэн. Тиймээс нэг гэр бүлийн гурван үеийн хамтран хийсэн соёлын өв гэж үзэж байгаа юм. Мөн Төрийн түүхийн музейд ганц даалин хадгалуулах нь зохимжгүй гэж үзээд өөрийн бичсэн "Ногоон нүдэн лам”, "Миний ажлын ноу-хау”, "Гэрт болсон яриа”, "Америкт суралцсан тэмдэглэл” болон "Тарбозавр батаарын тухай үлгэр” номоо хамт хадгалуулж байна. Тун удахгүй өөрийн бичсэн монгол бичгийн уран бичлэгийн бүтээл болон "Нүүдэлчний яриа” номоо гардуулах болно” гэв.

Монгол төрийн түүхийн музейн захирал Н.Оюунтэгш, "Энэ жил Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Монгол төрийн түүхийн музей үйл ажиллагаа явуулаад 9 жил болжээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ССАЖЯ манай музейг дэмжиж, сан хөмрөгийг баяжуулахад ихээхэн анхаарсан. Үүнээс өмнө Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн тангарга өргөж байхдаа өмссөн хувцас болон төрийн өндөр хэмжээний айлчлалаар өгсөн бэлэг дурсгалыг хадгалуулсан. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг өгч буй оюуны болон урлагийн бүтээлийг бид өнөөдрөөс үзэгч олны хүртээл болгоно. Цаашдаа энэ мэт музейн сан хөмрөгийг баяжуулах ажлыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ССАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Тарбозавр батаарыг эх орондоо авч ирснээр Монгол Улсын соёл болон эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан учраас би энэхүү даалинг урлаж түүнд бэлэглэсэн хэмээн уран хатгамалч С.Одончимэг хэллээ. Тэрбээр, "Би энэхүү бүтээлийг гурван сар урласан. Монголын уран хатгамал хаягдаж, устах хэмжээнд хүрч байна. Тиймээс энэхүү даалингаар Монголын уран хатгамлын гайхамшгийг харуулахыг зорьсон” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler