| |
Цэцэрлэгийн хүүхдүүд хордлого авсан асуудлыг анхааралдаа авахыг даалгалаа
Сар бүрийн эхний долоо хоногт болдог аймгийн Засаг дарга нарын цахим хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өвс тэжээл бэлтгэх, дулаан цахилгааны өвөлжилтийн бэлтгэлээ нягтлах, ургац хураалтаа эрчимжүүлэхийг даалгалаа.
Энэ онд Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Өмнөговийн зам ашиглалтад орлоо гээд Хөвсгөл, Сүхбаатар аймгийн удирдлагуудыг замын ажилд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барина. 2015 онд сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг зэрэг барилгын ажил болон урсгал зардлаа аймаг орон нутаг мэдэж шийддэг байхаар эрх шилжүүлэх бодлого барьж ажиллана. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гадна ийм эрхийг шилжүүлэхээр төлөвлөж байгаа. УИХ-аар удахгүй хэлэлцэж эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлого авлаа. Цаашид ийм асуудал дахин гаргуулахгүй байх тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг хэлсэн юм.
Б.Тогтох