|
Видео

Шинэ мэдээ

Г.ОТГОНЦЭЦЭГ: БИ ЗӨВХӨН ОЛОН ОЛИМПОД ОРОЛЦОЖ, АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ Л ХҮСЧ БАЙНА

Г.ОТГОНЦЭЦЭГ: БИ ЗӨВХӨН ОЛОН ОЛИМПОД ОРОЛЦОЖ, АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ Л ХҮСЧ БАЙНА

 

Олимпийн хүрэл медальт жүдоч Галбадрахын Отгонцэцэг "Абу Даби”-гийн Их дуулга тэмцээнээс алтан  медаль хүртсэнийхээ дараахан онлайнаар дараах асуултуудад товчхон хариулсан юм.

 

-Та Риогийн олимпийн дараа Монголдоо ирсэн. Одоо дахиж хэзээ ирэх вэ?

- Монголдоо Токиогийн Гран при тэмцээнд оролцсоныхоо дараа буюу 12 дугаар сард очно доо. Монгол улсын эмэгтэй шигшээ багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийнэ.

 

-Таны иргэншлийн талаар тодорхой хариулт авахыг хүсч байна. Та яг аль улсын иргэн бэ?

-Казахстан улсын иргэншилтэй болсон. Учир нь Олимпод орохын тулд заавал тухайн улсынхаа иргэн болох ёстой. Тэгсний үндсэн дээр тэр улсаасаа барилдах эрхтэй болдог. Уг нь аливаа улсын өмнөөс барилдахын тулд гурван жил тус улсаасаа барилдсан байх шаардлагатай байдаг. Харин миний хувьд Казахстан улсын иргэн болсноос найман сарын дараа албан ёсоор Олимпийн ерөнхий хорооноос зөвшөөрсөн. Богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн учраас гэсэн үндэслэлээр. Үүний хүчинд би Риогийн олимпод оролцож, хүрэл медаль хүртсэн.

 

-Та Монголынхоо нэрийн өмнөөс хэзээ барилдах вэ?

-Энэ талаар янз бүрийн юм ярьж болохгүй. Казахстан руу ямар нэгэн байдлаар мэдээлэл хүрээсэй гэж хүсэхгүй байна. Энэ бол ганц Г.Отгонцэцэгийн ч мэддэг, шийддэг асуудал биш л дээ. Монголын жүдо бөхийн холбоо, Казахстаны жүдо бөхийн холбооны гэрээ хэлэлцээрээр шийдэгддэг зүйл учраас би ямар нэг тайлбар өгөх боломжгүй. Би хувь тамирчны хувьд аль болох олон олимпод оролцож, амжилт үзүүлэхийг л хүсч байна.

 

-Та Казахстанд хэр дасч байна вэ?

-Шинэ улс оронд бэлтгэл сургуулилтаа хийж, ур чадвараа сайжруулах боломж надад олдсон. Нөгөөтэйгүүр, казакууд нэг сайн хүндээ маш сайн ханддаг. Тиймээс надад мэдээж таалагдаж байгаа.

 

-Таны ойрын зорилго юу байна вэ?

- Токиод түрүүлэх зорилготой байгаа. Тэгвэл бүх гранд сламуудад түрүүлж үзсэн гэдэг амжилтын эзэн болно.

 

-Таныг уухайлан дэмжсээр байдаг Монголчууддаа хандаж үг хэлэхгүй юу?  

-Та бүхний дэмжлэгт баярладаг шүү. Сэтгэлийн халуун дулаан үг, урам надад маш их хэрэг болдог, хүч өгдөг гэдгийг хэлэхийг хүсч байна. Баярлалаа. 

 


 

С.Алдар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler