| |
Сонголтгүй сонгууль сонгогчоор дутав
Нийслэлчүүдийн талаас илүү хувь нь дүүргийн ИТХ-ыг сонгох ээлжит сонгуульд саналаа өгсөнгүй. Ингэснээр энэ долоо хоногийн ням гаригт дахин нэмэлт санал хураахаас өөр аргагүй боллоо.
Тодруулбал нийслэлийн 152 хорооноос 74-т нь ирц бүрдэж, 78-ийнх нь ирц хүрээгүй байна. Харин хөдөө орон нутагт 1613 тойргоос 57 тойрогт нь дахин нэмэлт санал хураахаас өөр аргагүй нөхцөл үүсчээ. Улсын хэмжээнд авч үзвэл нийт 1765 тойргоос 135-д нь нэмэлт санал хураалт явуулна гэсэн үг. Иргэд, сонгогчдын идэвх ингэж буурсан нь олон шалтгаантай. Ажиглагчид ч тэдгээр шалтгааныг уралдан нэрлэж байгаа юм. Юуны өмнө сонгогчид олон сонгуулиас залхаж байгаагийнх гэж үзэх хүмүүс байна. Тэд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулах ёстой. Тэгээгүйгээс болж иргэд орон нутгийн сонгуульд оролцох идэвх, сонирхолгүй болж байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Үүнд үнэний хувь бий. Тэгвэл үүний яг эсрэгээр аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулаад, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг намар явуулдаг болсон нь иргэд, сонгогчдын ирц буурахад нөлөөлсөн гэж зарим хүн шүүмжилдэг.
Ялангуяа энэ жил нийслэлийн ИТХ-ын сонгуулиас гадна аймгийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулсан. Ингэснээр зөвхөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг намар явуулсан нь сонгогчдын идэвх буурах нэг шалтгаан байсан болов уу. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ач холбогдол бага гэж үзэн үл ойшоох хандлага иргэдийн дунд байдаг нь нууц биш. Баримт дурдъя. Манай улсын хувьд сонгогчдын ирц 1992 оноос хойш байнга буурч ирсэн статистик үзүүлэлт бий. 1992 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 92 хувь нь оролцсон бол түүнээс хойш сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц буурсаар 2012 онд 50 гаруйхан хувьд хүрсэн билээ. Харин өнгөрсөн зун болсон УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар ирц харьцангуй нэмэгдсэн. Гэтэл сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар энэ үзүүлэлт эрс буурлаа. Ийнхүү гурав, дөрөвхөн сарын дотор сонгогчдын ирц асар хол зөрүүтэй хэлбэлзэж байгаагаас сум, дүүргийн ИТХ-д ач холбогдол өгөхгүй байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.
2012 онд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар анх удаа нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулж, намар нь аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуулийг явуулсан. Гэтэл нийслэлийн есөн дүүргийн зургаад нь сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүйгээс дахин санал хураалт явуулсан билээ. Тухайн үед орон нутгийн сонгуулийг намар хэт орой цаг агаар хүйтэрсэн хойно зохион байгуулсан нь иргэдийн идэвх буурахад нөлөөлсөн гэж тайлбарлаж байсныг санаж байна.
Тиймээс жилийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа орон нутгийн сонгуулийн санал хураалт болох өдрийг нэг сараар наашлуулсан. Гэвч сонгогчдын идэвхид цаг агаар нөлөөлдөггүй нь энэ жилийн орон нутгийн сонгуулиас харагдлаа. Тэгэхээр саналаа өгөөгүй иргэдэд өөр шалтгаан байгаа гэсэн үг. Тэр нь юу байж болох вэ. Юуны өмнө иргэд МАН, АН гэсэн гол хоёр намд итгэхээ байжээ. Тиймээс энэ удаа санал өгсөн сонгогчид ч гэсэн хэнд ч өгсөн яах вэ, адилхан л танихгүй, мэдэхгүй хүмүүс байна гэсэн хандлагатай байсан бол, саналаа өгөөгүй иргэдийн хувьд сонгуульд оролцоод ямар ч нэмэргүй, АН, МАН адилхан гэж үзсэн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сонгогчид ямар ч сонголтгүй байлаа. Тиймээс энэхүү сонголтгүй сонгууль сонгогчоор дутсанаар ирц бүрдсэнгүй.
Нөгөө талаар ийнхүү сонгуульд оролцох сонирхол буурч байгаа нь зөвхөн Монголд болж байгаа хэрэг биш ажээ. Дэлхийн ардчилсан орнуудад ч ийм бэрхшээл тохиолдох болсон байна. Тухайлбал, либераль ардчилсан орнуудын сонгогчдын оролцооны дундаж нь 60 хувьтай байгаа бол баруун Европын нэлээд оронд сонгуулийн ирц дөнгөж 50 шүргэж байгаа гэнэ. Энэ нь нэг ёсондоо ардчиллын мөн чанар алдагдаж байгаагийн илрэл гэж болно. Тиймээс улс орнууд сонгогчдынхоо оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч олон төрлийн кампаничилсан арга хэмжээ авах болжээ. Сонгогчдыг сонгуульд заавал оролцохыг үүрэг болгон хуульчлах, саналаа өгөөгүй бол торгууль, шийтгэл ногдуулах аргыг зарим нь хэрэглэж байхад, саналаа өгсөн сонгогчид хонжворт сугалаанд оролцох эрх олгох зэрэг хөшүүрэг хэрэглэдэг улс орон ч цөөнгүй.
АНУ-ын Аризона муж сонгогчдодоо ийм урамшууллын сугалаа олгодог байна. Манайд ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдод утасны нэгж урамшуулал болгон өгч байсан жишээ бий. Иймэрхүү урамшууллын болон хариуцлага тооцох захиргааны арга бол нэг л удаагийнх. Цаашид сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн намууд шинэчлэгдэх, сонгуулийг эрүүл, цэвэр өрсөлдөөний дунд зохион байгуулах шаардлагатай болов уу.
АРДЫН ЭРХ сонин