| |
Өвөл ордог ОНОНГИЙН ХАЛУУН РАШААН
XYII зууны үед рашааны дэргэд 60 орчим маарамба ламтай Наваанжалба гэдэг байнга хурал хурдаг дуган байжээ. Нэг өвөлд 600-1200 орчим хүн ирж бараалхан биеэ ариусган өвчнөө засдаг байв. Эл рашаанд Анхдугаар Богд Занабазар, Халхын Сэцэн хан Шолой, Халхын зая бандида Лувсанпэрэнлэй, Аграмба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байжээ.
Хүхэрт устөрөгч хийн үнэртэй, өнгөгүй тунгалаг рашаан бөгөөд нийт 24 ундаргатай, тус бүр 14-98 хэмийн халуунтай. 1921-1941 онд Оросын эрдэмтэн М.А.Усов, 1958-1960 онд Монголын эрдэмтэд судлаад эл рашаан нь үе мөчний архаг хууч, мэдрэлийн элдэв өвчнийг анагаахад үр нөлөөтэй хэмээн тэмдэглэсэн. Олон жилийн ажиглалт, өвчнөө сувилсан хүмүүсийн яриа, дурсамж тэмдэглэлээс үзвэл Ононгийн халуун рашаан нь үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян зэрэг өвчинг анагаан эдгэрүүлэх увидастай ажээ.
Эрт үед 108 худагтай байв. Онон гол үерт автах үед урсах, дарагдах, байшин сав нь эвдэрч хэмхрэх, өгөршиж муудах зэрэг нөлөөнөөс болж эдүгээ 10 орчим нь ашиглаж болохоор үлджээ.
Рашаанд бараалхахдаа эхлээд дуган, их бага овоо, морины овоонд тахилга үйлдсэний дараа "Их цэнхэр” худагт биеэ ариусгаж орох буюу гар нүүрээ угааж домнодог уламжлалтай. Угаал үйлдэх үед саван болон бусад ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхийг хориглодог.
Рашаанд орохдоо эхний өдөр 1, дараагийн өдөр 2, түүний дараа 3, тэгээд 2, сүүлд нь 1 гэх мэтээр 9-21 удаа буюу 5-9 өдөр багаас ихэсгэж, ихээс багасгаж ордог дэгтэй. Рашаанд орж байх хугацаанд өвчин нь хөдөлж байвал сайн гэж үзнэ. Өдөрт хэд орно, түүнийхээ тоогоор хооллодог. Учир нь бие их нялхардаг тул тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Нэг удаад 15 минутаас хэтрүүлэхгүйгээр өөртөө тохируулан орж, худагнаас гарахдаа заавал тэр өрөөний цас мөсөн дээр гишгэж дээш хөөрсөн халууныг доош буулгах ба хувцаслахдаа дээрээс эхлэн доошлох байдлаар хувцасладаг байна. Цас мөсөн дээр гишгээгүй тохиолдолд толгой өвдөх, нүд улайх, дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба хүний нүдний хараанд муугаар нөлөөлдөг ажээ.
Рашаанд орж байх үедээ унтах ба тухайн өдөртөө үд дунд унтах, рашаанд орохын өмнө их хэмжээгээр идэж уух, сонгино, сармис, гогодтой хоол идэхийг хориглодог. Худагт сууж байхдаа толгойгоо байнга рашааны устай алчуураар норгож байх ба зулайнаасаа сэрүү авахаас сэргийлдэг. Элэг муутай, жирэмсэн хүмүүс орох, ан гөрөө хийж амьтны амь таслахыг цээрлэнэ.
Ононгийн халуун рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь 12-р сарын 25-наас дараа оны 2-р сарын 15 хүртэл буюу хамгийн хүйтэн нөхцөлд рашааны чанар, хүний биед үзүүлэх нөлөө нь сайн байдаг байна.
Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун тийш 120 км зайд, Хэнтийн нурууны салбар Дуут Яны хойд талд Онон голын эрэг дээр оршдог. Ононгийн рашаан нь Их, Бага гэж хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд Бага халуун рашаан нь Их халуун рашаанаасаа зүүн тийш 8 км буюу Дуут Яны өвөр хөндийд жижиг толгодын ард бий. 1990 онд Наваанжалба дуган, 2003 онд Баатарын худгийг сэргээн засварлаж ашигласнаар сүсэгтэн олны мөргөлийн газар хэвээр үлджээ.
Жич: Тус рашаан сувилал нь 12-р сарын 20-ноос 3-р сарын 20-ны хооронд ажилладаг бөгөөд байнгын холбогдох утас байхгүй болно. Өөрөөр хэлбэл, гар утасны сүлжээ ороогүй газар юм. Тус рашааны хэр зэрэг ачаалалтай байгаа болон үнийн тухай мэдээллийг тус бүс нутгийн байгаль хамгаалагч эсвэл 93062060 гэсэн дугаараас асууж болно гэнэ.