| |
Юань ОУВС-ийн нөөцийн валют болсон нь Монголд ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Ингэснээр юань уг ангилалд орсон тав дахь валют болоод байна. Өмнө нь Америк Доллар, Евро, Иен, Паунд нөөц валютаар бүртгэгдэж байсан юм.
SDR багцад орно гэдэг нь юань олон улсад чөлөөтэй хөрвөдөг, ам.доллар шиг валют болно гэсэн үг. Мөн иргэд, ААН-үүд хаана ч очоод юанийг чөлөөтэй солих эрхтэй болж байна. Гэхдээ БНХАУ дэлхийн худалдааны гол тоглогч учраас энэ асуудал өмнө нь харьцангуй шийдэгдчихсэн байсан.
Харин энэ удаад юанийг ОУВС-гаас албан ёсоор зарлаж байгаа нь онцлог юм. Ингэснээр юань эрсдэлгүй, чөлөөтэй хөрвөдөг валют гэдэг нь батлагдаж, үнэлэгдэж эхэллээ.
Энэ нь Монголд ямар ашигтай вэ?
Монголын банкны валютын урсгалын 18 хувийг юань эзэлдэг, харин ихэнх хувийг нь ам.доллар эзэлдэг. Гэхдээ манай гадаад худалдааны 65 хувийг БНХАУ эзэлдэг. Харин экспортын 85 хувийг эзэлдэг уул уурхайн компаниудын бүх гадаад харилцаа Хятад компаниудтай холбоотой.
Монголбанкны мэргэжилтэн Л.Энхдэлгэр энэ талаар "Юань ОУВС-ийн нөөцөд бүртгэгдэж, олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлснээр ам.долларын эрэлт буурна. Бүх төлбөр тооцоог заавал ам.доллараар хийгээд байх шаардлагагүй болно гэсэн үг.
Хэрэв Монгол, Хятадын худалдаа эрхэлж буй талууд хоорондоо тохиролцоод худалдаагаа юаниар хийгээд эхлэх юм бол ам.доллар, юаний харьцаа тэнцвэржинэ. Ингэхээр ам.долларын огцом савлагаа, ханшийн хэт сулрал ажиглагдах эрсдэл буурах боломжтой” хэмээн тайлбарлав.
Ямартай ч энэ үйл явдал Монголд сайнаар нөлөөлнө. Гэхдээ олон улсын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар БНХАУ юаниа либералчлах хэрэгтэй ажээ.
Хэдийгээр юань нөөцийн валютад албан ёсоор бүртгэгдсэн ч ам.долларын статуст шууд нөлөөлөхөд хол байна гэсэн юм. Харин БНХАУ-тай гадаад худалдааны өргөн холбоо хамаарал бүхий манай улсад эерэг нөлөөлөл нь дэлхийн бусад орнуудаас илүү түргэн хугацаанд мэдрэгдэх боломжтой.
ikon.mn