|
Видео

Шинэ мэдээ

Ногооныг хумих ягаан довтолгоо

Ногооныг хумих ягаан довтолгоо

 

БНХАУ-тай хийсэн экспортын орлогоороо валютын нөөц бүрдүүлэх боломжтой

Ноён "доллар” тун баргар байгааг та анзаарав уу? Сүүлийн нэг жил "цочир” чангарсан ам.долларын ханш уруудаж байна. Их гүрнүүдийн мөнгөн тэмдэгттэй харьцах америк долларын ханш сүүлийн хоёр долоо хоногт бараг арав орчим хувиар суларчээ. Америкийн эдийн засаг эргэн хүчирхэгжсэнээр ам.долларын ханш чангарсан. Гэвч дэлхий болон АНУ-ын улс төр, эдийн засгийн эрсдэлүүд ам.долларыг тийм ч удаан дураар нь өсгөхгүй бололтой. Бас "ноён” ногооныг дарах юанийн довтолгоо эхэллээ.

 

БНХАУ-ын мөнгөн тэмдэгт аравдугаар сарын 1-нээс эхлэн олон улсын нөөцийн валют болов. Энэ мэдээж шинэ мэдээ биш. Олон улсын валютын сан юанийг дэлхийн мөнгөн тэмдэгт болгохоо аль нэг жилийн өмнө мэдэгдсэн. Өнгөрсөн бямба гарагт харин албан ёсоор тушаал ахиулав.

 

Юанийн дэвшил дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? Уг сэдэв шинжээчид төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна. Гэхдээ энэ асуултад хариулт эрэхээс урьдаад Монгол Улсад ямар нөлөө үзүүлэхийг шинжээчдийн тайлбарласнаар хүргэе. Юань бол манай улсын худалдааны хамгийн том түншийн мөнгөн тэмдэгт. Энэ валют олон улсын нөөцийн сагсанд багтсанаар хөрвөх чадвар нь дээшилнэ гэж шинжээчид дүгнэж байна.

Дэлхийн мөнгөн урсгалд юанийн өрсөлдөх чадвар өснө гэсэн үг. Тэгвэл гадаад худалдааныхаа 60.5 хувийг БНХАУ-тай хийдэг Монгол Улс экспортынхоо орлогоор валютын нөөц бүрдүүлэх боломжтой болж байна.

 

БНХАУ-ын мөнгөн тэмдэгт аравдугаар сарын1-нээс эхлэн олон улсын нөөцийн валют болов

Монгол, Хятадын хооронд хийсэн худалдаа наймдугаар сарын байдлаар 3.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний дийлэнх буюу 2.5 тэрбум ам.доллар нь манай улсаас авсан Хятадын худалдан авалт. Монгол Улсын гадаад валютын албан нөөц уруудаж буйг Төв банкны удирдлага хүлээн зөвшөөрсөн. Ёроолдож буй валютын нөөцийг өсгөх арга нь юань гэдгийг эдийн засагчид хэлэв.

 

Бас нэг эерэг өнцөг. Ам.долларыг дарах юанийн довтолгоо эхэлснийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Юань дэлхийн мөнгөн урсгалд хүч түрэн орж ирснээр "ноён” ногооны ноёрхол хумигдах хүлээлт бий. Дэлхийн санхүүгийн систем дэх ам.долларын жин буурч, хамаарал багасна. Ингэснээр хэсэгтээ "галзуурсан” ам.долларын ханшид цохилт өгөх боломжтой. Энэ байдал урт хугацаанд илүү тод илэрнэ гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар юанийн давшилт дараах улсуудад хамгийн ашигтай. Үүнд, Хятадтай нягт худалдаа хийдэг, хөгжиж буй, Ази тивд оршдог орнууд багтана. Тэгвэл эдгээр шинжийг гурвууланг нь Монгол Улс агуулсан. Иймд урт хугацаанд юанийн түрэлт Монгол Улсад эергээр нөлөөлж таарч байна.

 

Юань тушаал дэвшээд зогсохгүй элит хэмээх зэрэг, дэв давхар хүртсэн. Энэ зэргийг нэмснээр Хятадын мөнгөн тэмдэгт Олон улсын валютын сангийн 189 гишүүн оронд "амь” тариа болон очих юм. Эдгээр улсад гадаад валютын хомсдол нүүрлэсэн тохиолдолд юаниар зээл олгох журамтай. Юанийн хөдөлгөөн манайд ийн нөлөөлөх нь.

 

Тэрчлэн өнгөрсөн долоо хоногийн байдлаар төгрөгийн юаньтай харьцах ханш 342.91-тэй тэнцэж байна. Юаныай харьцах төгрөгийн ханш сүүлийн гурван сард бараг 20 орчим хувиар сулраад байсан юм.

 

Дэлхийн мөнгө өрнөөс дорныг чиглэнэ. Том зургаар нь юанийн дэлхийн эдийн засагт үзүүлэх хамгийн том нөлөө нь энэ. Юань олон улсын валют болсноор Хятад дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох замыг нь засаж өгнө. БНХАУ-ын эдийн засгийн гол холбоотон BRICS-ийн орнууд ч манай гарагийг манлайлахад нэг талаас дэмжлэг болох учиртай. Ингэснээр дэлхийн эдийн засгийн хүчний тэнцвэр өөрчлөгдөнө гэсэн байр суурийг шинжээчид илэрхийлж байна.

 

Юань ам.доллар, евро, иен, фунтын хамт олон улсын валютын нөөцийн сагсанд багтаж байна. Энэ багцын дийлэнх буюу 41.7 хувийг ам.доллар эзэлж байгаа бөгөөд юань 10.92 хувийг бүрдүүлнэ.

 

Олон улсын валютын сан зайлшгүй тохиолдолд дэлхийн нөөцийн валютын сагсанд шинэ валют нэмдэг. Дэлхийн II дайны дараа манай гарагийн санхүүгийн системийг тогтворжуулахын тулд ам.долларыг багтаасан түүхтэй. Харин дэлхийн нэг тулах цэг болсон Хятадын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд юанийг элит валют болгосон гэдгээ тус сан албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.



Г.Байгал 

|згм)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler