| |
Доллартай эвлэрэх цаг
Долларын ханш 2000 төгрөгт хүрэв. Гайхах хэрэггүй дээ. Ногоон дэвсгэртийн ханш зөвхөн Монголд биш, дэлхийн өнцөг булан бүрт чангарч байгаа юм. Сүүлийн нэг жилд Чилийн песо ам.долларын эсрэг 19.8 хувиар суларсан байхад Австрали, Канадын мөнгөн тэмдэгт 22,24 хувиар тус тус унажээ. Үүнийг Оросын рубль мөн хугацаанд 84 хувиар үнэгүйдсэнтэй харьцуулахад юу ч биш мэт санагдах вий. Бидэнтэй ижил уул уурхай түшиглэсэн эдийн засагтай эдгээр улсаас гадна Энэтхэг, Малайз, БНСУ зэрэг орны ч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш уруудаж байна. Ам.доллар чангарч, бусад улсын, ялангуяа хөгжиж буй орнуудын валют сулраад багагүй хугацаа өнгөрсөн тул сонин биш байх л даа. Тэгвэл сүүлийн үед олон улсын валютын зах зээлээс барих "сюрприз”-ийн давтамж ойртож эхлэв. Тухайлбал, урд хөрш маань юанийн ханшийг чөлөөлөх нэрээр сүүлийн 20 орчим жил байгаагүйгээр буюу дөрвөн хувиар сулруулсан. Гэтэл Казахстаны Төв банк валютын зах зээлээс гараа татаж авснаар тэнгийн ханш ганц өдрийн дотор 35.5 хувиар уналаа. Энэ бүхэн юуг илэрхийлнэ вэ? Монгол шиг хөгжиж буй орнууд хямралд хэдийнэ нэрвэгдсэнийг шинжээчид анхааруулж байна. "Goldman Sachs”, "Merrill Lynch” зэрэг хөрөнгө оруулалтын томоохон банкны мэргэжилтнүүдийн тодорхойлсноор бид онц аюултай бүсэд орчихоод, живж явна. Тэгвэл хүнд байдлаас гарахын тулд юу хийх хэрэгтэйгээ бодохын өмнө эргэн тойрноо ажиглацгаая.
ОХУ, КАЗАХСТАНЫ СУРГАМЖ
Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Төв банк валютын ханшийг хүчээр тогтоохоо больж байгаагаа зарлаж, үр дүнд нь тэнгийн ханш 35.5 хувиар унасан билээ. Энэхүү мэдэгдлийн өмнөх өдөр 188.38 тэнгэ байсан ам.доллар 255.26 тэнгэ болтлоо суга өссөн юм. Юу болоод байгааг ч ойлгож амжаагүй, цочирдсон хүмүүс гадаад валют ихээр худалдан авч, ногоон дэвсгэртийн ханшийг улам дэвэргэж байжээ. Тиймээс валют арилжааны цэгүүд нь хэдэн цагаар хаалгаа барьж, ‘‘завсарлага” авахаас аргагүйд хүрсэн. Танил түүх байгаа биз? Яг ийм явдал өмнө нь ОХУ-д болсон шүү дээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас Оросын Төв банк рублийн ханшийг "зөнд нь орхисон”. Ингэснээр хойд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ганц сарын дотор 60 орчим хувиар унасан байдаг.
ОХУ, дараа нь Казахстаны эрх баригчид нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Валютын ханшийг тогтвортой байлгахын тулд интервенц хийж болно. Гэхдээ энэ нь байдлыг түр аргацаах, гал унтраах төдий л ажил юм. Гадаад валютын ханш өсөх нөхцөл бүрдсэн бол өсөж л таарна. Үүний эсрэг интервенцээр тэмцсэнээр гадаад валютын нөөцөө л барж дуусах эрсдэлтэй. Тухайлбал, Казахстаны Төв банк валютын ханшийг тоггворжуулахын тулд өнгөрсөн жил 18, энэ онд 10 орчим тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Энэ нь тус улсын хувьд хэтэрхий үнэтэй туссан учраас интервенц хийхээ зогсооход хүрсэн. Үр дүнд нь, олон сарын турш хорионд байсан ам.долларын ногт нь алдарч, ганц өдрийн дотор 35.5 хувиар чангарсан хэрэг.
Харин манайх бол угаасаа л чөлөөт, хөвөгч ханштай. ОХУ, Казахстан шиг валютын ханшийг тогтоох, барих оролдлого хийдэггүй хэмээн тайлбарладаг л даа. Гэхдээ Монголбанкинд валютын дуудлага худалдаа гэх зэвсэг бий. Үүгээрээ дамжуулаад зах зээлд гадаад валютын интервенц хийчихнэ.
Тухайлбал, зөвхөн энэ сард л гэхэд найман удаагийн дуудлага худалдаагаар нийт 119.4 сая ам.доллар, 380 сая юань нийлүүлснийг графикаас харна уу. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаадугаар сарын дунд үеэс эхлээд огцом өссөн ам.долларын ханш энэ сард харьцангуй тогтворжиход Монголбанк нөлөөлжээ. Гэхдээ дээр дурдсанчлан, энэ нь гадаад валютын нөөцийг үрэн таран хийхээс цаашгүй хэрэг. Тиймээс Монголбанкныхан ам.доллар, юань нийлүүлэхээс илүүтэй зах зээлд бодит мэдээлэл өгөх тал дээр анхаарах хэрэгтэй болов уу.
2013 онд 1.9 тэрбум ам.долларт дөхөж очоод байсан төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн жил дөрөв дахин багассан. Тэгвэл энэ оны эхний хагаст төлбөрийн тэнцэл маань алдагдалгүй, бүр 83 сая ам.долларын ашигтай гараад буй. Тиймээс Монголбанк интервенц хийхгүй байлаа ч ам.долларын ханш өмнөх жилүүдийнх шиг өсөх үндэслэл алга байна. Өөрөөр хэлбэл, одоогийн ханшийн өсөлтийг дутуу, дулимаг мэдээлэлтэй хүмүүс л бий болгож буй хэрэг.
ХӨРӨНГИЙН ГАДАГШЛАХ УРСГАЛ
2011 онд оргил цэгтээ хүрээд байсан нүүрс, зэс, алт мэтийн ашигт малтмалын үнэ түүнээс хойш байнга хямдрах болсон. Ингэснээр манай экспортын орлого буурч, улмаар гадаад валютын ханш чангарсан гэдэг. Гэтэл энэ бүхэн зөвхөн ашигт малтмалын үнийн уналтаас болсон юм биш ажээ. Тухайлбал, Малайзын ринггит, Энэтхэгийн рупи, Солонгосын воны ханш ч эрчтэй сулраад байна. Өнгөрсөн жилийн өдийд нэгам.доллар 1014 вонтой тэнцэж байсан бол одоо 1190 вонд хүрч, 17 хувиар чангарсан байх жишээтэй.
"Financial Times” сонинд бичсэнээр бол, өнгөрсөн 13 сарын хугацаанд хөрөнгө оруулагчид хөгжиж буй 19 орноос 940 орчим тэрбум ам.доллар гаргаж авчээ. Хятад, Малайз, ОХУ, Турк, Бразил зэрэг орон үүнд багтсан байна. Хөгжиж буй зах зээлээс хөрөнгийн гадагшлах урсгал цаашдаа ч үргэлжилнэ гэж шинжээчид үзжээ. "Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банкныхан хөгжиж буй зах зээлийг "emerging markets” биш, "emergingcy markets” хэмээн нэрлэж, аюултай, онц байдал зарлахуйц болж байгааг нь илэрхийлсэн. Тэгвэл "Merrill Lunch”-ийн банкирууд хөгжиж буй орнуудыг "submerging markets” буюу живж буй зах зээл гэж егөөдсөн байх жишээтэй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид энэ аюултай бүсээс зугтах нь аргагүй. Нөгөө талд, АНУ-ын эдийн засаг хүчирхэгжиж байна. Тус улсын Холбооны нөөцийн банк мөнгөний хэт зөөлөн бодлогоосоо татгалзаж, бодлогын хүүгээ нэмэх сургаар л ам.долларын ханш чангарч эхэлсэн. ОХҮ буюу ам.долларын спот индекс сүүлийн нэг жилд 16 орчим хувиар өсөж, 95 нэгжээс даваад байгаа юм.
ЭЦЭСТ НЬ
Бусад хөгжиж буй улсын хөрөнгө ч гадагшилж, валютын ханш нь суларч эхэлснийг бид нэг талаас боломж гэж харж болно. Учир нь, Монгол Улс энэ зовлонг хэдийнэ туулчихсан шүү дээ. Төлөх ёстой төлөөсөө төлчихсөн гэсэн үг. 2011 онд оргил цэгтээ хүрсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гадагшлаад дууссан. Үүнээс шалтгаалаад ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2013 онд 22 хувиар, өнгөрсөн жил 12 хувиар суларч байв. Нөгөө талаас, бусад улс бидний зовлонг амсахын хэрээр өрсөлдөөн ширүүсэхээр байна. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалт татаж, гадаад валютын орлогоо нэмж байж л валютын ханшийг тогтворжуулна. Тиймээс Монгол төдийгүй бусад хөгжиж буй улс ч үүний төлөө тэмцэж эхэллээ.
Д.МӨНХЧИМЭГ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"