| |
Ж.Мөнхбат: Бонд босгох шийдвэрийг эцэслээгүй
-Эдийн засгийн сэргээх хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Хөгжлийн зээл авах уу, "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэх мэтээр. Боломжуудаа судалж байна-
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Орон сууцны найман хувийн ипотекийн зээл одоогоор түр зогссон байгаа. Цаашид энэ зээлийг үргэлжлүүлэн олгох уу гэдэгт та бодит хариулт өгнө үү. Иргэд төөрөгдөхөөс аргагүй болтол энэ тухай олон талын мэдээлэл цацагдаж байна л даа.
-Ипотекийн зээлийн асуудлыг Засгийн газар тодорхой хэмжээнд судалсан. Барилга, хот байгуулалтын яаманд Ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Монголбанкны зүгээс байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө дуулиан болж гаргасан таван хувийн зээл буруу шийдвэр байжээ. Энэ нь эдийн засагт маш том дарамт болсон. Найман хувийн орон сууцны зээлийг үргэлжлүүлэх боломжтой гэж Төвбанк байр сууриа илэрхийлж байгаа. Ер нь болЗасгийн газар орон сууцны зээлийг найман хувиар нь үргэлжлүүлнэ гэдэг байр суурьтай байгаа. Харин нөхцөл байдлыг боловсронгуй болгох асуудал бий. Гадуур яригдаад байгаа "Ипотекийн зээл зогссон” гэдэг мэдээлэл бол худлаа юм шүү. Орон сууцны таван хувийн зээлийг хөдөө орон нутагт үргэлжлүүлж болох юм гэсэн чиглэлийг Барилга хот байгуулалтын яам бидэнд өгөөд байна.
-Орон сууцны зээлийн эх үүсвэр байхгүй болсон гэж арилжааны банкууд үзэж байгаа. Зээлийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?
-Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал бий. Орлого хумигдаж байгаа асуудал ч байна. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкууд болгоомжилж байгаа. Зөвхөн найман хувийн зээлээс гадна барилгын салбарт банкууд маш их хөрөнгө оруулсан байдаг. Зах зээлд нийтдээ 33 мянга орчим байр баригдчихсан байж байгаа. Гэтэл худалдан авах чадвар хомс болчихсон. Барилгын салбарынхан барилгаа борлуулахад хүндрэлтэй байхад арилжааны банкууд болгоомжлох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ найман хувийн орон сууцны зээлийг үргэлжлүүлэх боломж байна гэж банкууд үзсэн.
-Төсвийн тодотголд татвар нэмэх асуудал орж ирээд, бөөн шуугиан болоод буцсан. Орлогоо нөхөхийн тулд зарлагаа хэмнэнэ гэсэн байр суурийг Засгийн газар барьж байгаа. Одоогоор яг ямар хэмнэлт хийсэн гэж хэлэх боломжтой вэ?
-Төсвийн тодотголын асуудлаар хэвлэлээр ташаа буруу мэдээлэл цацагдсан тал бий. Үүнээс болоод иргэд буруу ойлгосон. Ээлжит бус чуулган завсарлаад хөдөө орон нутагт очиж ажиллахад иргэд "Татвар нэмэх нь зөв” байсан гэдгийг ярьж байна. Ялангуяа архи, тамхины татвар, орон сууцны татвар, өндөр цалинтай албан тушаалтны цалинг бууруулах гэх мэтийг хөндөж, их асууж байна. Бид өмнө нь ярьж байсан. Ажил хийдэг иргэдийн 1,6 хувь нь 2,5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалин авдаг. Жишээ нь, төсвийн ажилчид, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийнхэн дунд 2,5 сая төгрөгийн цалин авдаг хүн байхгүй. Тиймээс аль аль талдаа мэдээллийг буруу хүргэсэн, буруу ойлголцсон асуудал бий. Гэхдээ энэ тал дээр МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, буцаасан учраас дахин хөндөөд байх асуудал биш. Зарлага хумих тухайд бол Засгийн газар санаачлага гаргасан. Жишээлбэл, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс эхлээд шүүгч нарын цалинг бууруулах хэд хэдэн санаачлага гарсан. Одооогоор сөрөг хүчний шүүмжлэлд өртөж, буцаагдаад байгаа. Эдийн засаг хүндэрсэн, ард түмний амьдрал хүнд байгаа үед тэгш эрхийн зарчим, жигд хуваарилалтын зарчмыг Засгийн газар баримтлах нь зөв гэдэг утгаар асуудлыг оруулж ирсэн боловч буцаагдсан. Бид олон нийтийн давалгаанд өртөхгүйгээр бодитой, зөв ажлаа хийгээд явсан бол эдийн засагт түлхэц болох байлаа. Одоо 2017 оны улсын төсвийг өргөн барих гэж байна. Тэр утгаараа нэлээд нухацтай ажиллаж байгаа.Ирэх жил орлого нэмэгдүүлэх, зарлага танах тал дээр чухал асуудлууд яригдана. Ер нь эдийн засаг маш хүнд байгаа учраас бид хаана хаанаа тансаглал, төсвийн сахилга бат алдагдал, төсвийн мөнгийг дураар үрдэг байдлыг таслан зогсоох ёстой.
-Хэвлэлээр буруу мэдээлэл цацагдсанаас болж татвар нэмэх асуудлаар нийтэд буруу ойлголт төрсөн гэдэг дээр санал нийлэхгүй байна. Хэвлэлүүд бодит байдлыг үнэн зөвөөр мэдээлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа болов уу. Харин ч архи, тамхи, алт, орон сууны татвар нэмэгдүүлэхгүй болсныг зарим гишүүн шүүмжилж байсан. Гишүүдийн шүүмжлэл дунд архи, тамхи, алтны татвар нэмэхгүй байх нь хэн нэгний ашиг сонирхолд нийцэж байгаа юм биш үү гэдэг санаа ч гарч байсан. Өөрөөр хэлбэл, зарим татварыг нэмэхгүй байх нь хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн юм биш үү?
-Төсвийн тодотголоор зарим татвар нэмэх нь жирийн иргэдэд хамааралгүй асуудал юм. Жишээ нь, архи, тамхины татварыг нэмэх нь зөв байсан. Өнөөдөр бид байгалийн бохирдлын талаар ярьдаг. Тэр утгаараа алтны татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах, хэт өндөр цалинтай хүмүүсийн цалинг 30-60 хувь бууруулах гэх мэт татвар нь жирийн иргэдэд дарамт болохгүй. Магадгүй эдийн засагт нэмэр болох хувилбар байсан. Харин цахим ертөнцөөр явж байгаа мэдээлэл болон хэвлэлээр ярьж байгаа зарим хүмүүсийн үгнээс болж бүх иргэдэд хамаатайгаар татвар нэмэх гэж байгаа мэт ойлголт нийгэмд төрсөн. Эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмж хүндрэлээс гардаг жишээ том эдийн засагтай улс орны түвшинд байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ Засгийн газар МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг хүндэтгэсэн. Буцаагдсан төслөө судалж, 2017 оны улсын төсөвт боломжийн санал оруулахаар ажиллаж байна. Хуулийн дагуу намрын чуулган эхлэхээс өмнө 2017 оны төсвийн төслийг өргөн барина.
-Та өмнө нь мэдээлэл хийхдээ 2017 оны төсвийн төсөлд татвар нэмэх асуудлыг тусгахгүй гэж хэлж байсан. Гэтэл Засгийн газрын тэргүүн татвар нэмэх асуудлыг судална гэсэн байгаа. Тэгэхээр бас л асуулт үлдээд байна л даа. Цаашид татвар нэмэгдэх үү?
-Татвар нэмэх асуудлыг Засгийн газар эгүүлэн татаагүй. Харин намын бүлгийн саналаар буцаагдсан. Буцаагдсан учраас төсвийн тодотгол дээр ярихгүй. Үүнтэй холбоотойгоор татварын асуудал 2017 оны улсын төсөвт орж ирэхгүй гэсэн үг.
-Өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувиас давсан гэж одоогийн Засгийн газар мэдэгдэж байгаа. Өрийн хэмжээнээс давж өр тавьсан үйлдэлд хариуцлага тооцох уу?
-Өрийн таазыг ДНБ-ий 58,3 хувь байхаар хуульд тусгасан. Гэтэл өнөөдөр ДНБ-ий 80 хувиас даваад явж байна. Хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс 40 орчим хувиар хэтэрсэн гэсэн үг. Хариуцлага тооцох олон хувилбар байдаг. Тухайлбал, хуулийн хариуцлага, ёс суртахууны, улс төрийн гэх мэт. Хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг ярих ёстой. Тэгж байж эдийн засгаа унагасан, буруу бодлого явуулсан, хууль зөрчсөн үйлдлийг тэднээр хүлээн зөвшөөрүүлнэ. Хариуцлага тооцохгүй бол цаашид хэт дураар авирлалт улс орны хэмжээнд газар авах аюултай. Тиймээс Засгийн газрын түвшинд ярьж байгаа зүйлүүд бий. Хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх нь дүрэм журмаараа явна. Улс төрийн хариуцлагыг ард түмэн тооцсон. Одоо ёс суртахуун, зарчмын хариуцлага яригдана. Арай дэндүү гэмээр нөхцөл байдал өнгөрсөн дөрвөн жилд явж ирсэн. Бид Зимбаби улсыг хамгийн муу муухайн жишээ болгож ярьдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтээ шуудайнд хийж, дэлгүүр ороод, нэг ширхэг талх авдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тэр хэрээр үнэгүйдэж, унасан гэж ярьдаг байсан. Гэтэл сая 2016 оны төсвийн тодотгол орж ирэхэд Монгол Улсын төсвийн алдагдал 4,4 их наяд төгрөгт хүрсэн байсан. Үндсэндээ хоёр тэрбум орчим ам.доллар. Зимбаби улсын төсвийн алдагдал нэг тэрбум ам.доллар байдаг. Монгол Улсын төсвийн алдагдал хоёр тэрбум ам.долларт хүрчихээд байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр сахилга бат гэдэг зүйл өнгөрсөн дөрвөн жилд шалан дээр унасан байна. Тиймээс эдийн засгийг дахин сэргээх ёстой.
-Засгийн газар олон улсад бонд босгоно гэдэг асуудал яригдаж байгаа. Ямар явцтай байгаа бол?
-Албан ёсоор "Бонд босгоно” гэдэг шийдвэр эцэслэж гараагүй байна. Эдийн засгийн сэргээх хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Хөгжлийн зээл авах уу, "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэх мэтээр. Боломжуудаа судалж байна. Монгол Улсын төсвийн алдагдал дээд цэгтээ хүрчихсэн тийм төсөв санхүү хүлээж аваад Засгийн газар 14 хоногийн дараа ажиллаж эхэлсэн. Сарын дараа төсвийн тодотгол хийсэн. Бодит нөхцөл байдлыг нийтэд зарласан. Үүнээс гадна янз янзын асуудал бий. Жишээ нь 1,6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний концесс ямар ч хяналтгүй, нэг сайд, орон нутгийн даргын үзэгний үзүүрээр шийдэгдээд явчихсан байна. Энэ нь эргээд улсад өр, эдийн засагт маш том дарамт болоод үлдчихсэн. Векселийн асуудал байна. Яриад байвал олон зүйл бий. Тиймээс эдийн засгийг сэргээх хоёр, гурван хувилбар гарган, тооцоо судалгаа хийж байна. Гэхдээ эцсийн шийдэл ямар ч байдлаар гараагүй байгаа.