|
Видео

Шинэ мэдээ

ТАТВАР НЭМЭХ НЬ ЗӨВ, БУРУУ

ТАТВАР НЭМЭХ НЬ ЗӨВ, БУРУУ

 

-Эсрэг тэсрэг байр суурь-

Ч.Хүрэлбаатар: Татвар нэмэхийг дэмжихгүй
/УИХ-ын гишүүн/


-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг хэн хэнгүй мэдэж байгаа. Хоёр жилийн өмнө эдийн засгийн асуудлыг бид ярьдаг байсан. Монгол Улсын эдийн засаг агшиж байна. Үүний зэрэгцээ улсын төсөв бүрдэхгүй байна. Манай орны валютын нөөц хомс байна. Ийм нөхцөлд бид ямар бодлого явуулах вэ гэдгээ олон талаас нь авч үзэх ёстой. Эдийн засаг өсч, тэлж байгаа үед татвар нэмэхэд ямар ч асуудал байхгүй. Учир нь эдийн засгийн хэт халалт бий болохоос сэргийлж татвар нэмэх арга хэмжээг авдаг. Харин эдийн засаг хумигдаад, унаж яваа энэ үед хөрөнгө оруулагчид хүнд байдалтай байгаа нь үнэн.
 
Энэ мэтчилэн иргэдийн орлого буурчихсан нөхцөлд татвар нэмнэ гэдэг нь цаашид эдийн засгийн агшилтыг хурдасгах эрсдэлтэй. Тиймээс татвар нэмэх энэ асуудлыг дэмжих боломжгүй. Тэр утгаараа Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр татвар нэмэх хуулиудыг хойшлуулбал яасан юм бэ гэдэг санал гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал төсвийн тодотголд байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад бид ярина. Одоо Монгол Улсад төлж буй Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр. Бусад орноос өндөр байхад нь дахиад нэмнэ гэж байгаа бол үндсэндээ хувийн хэвшлийнхэн ажиллагсдынхаа цалинг бууруулах, худлаа тайлан гаргах зэрэг бидний өнгөрсөн хугацаанд засч залруулахаар хичээж байсан бүх ажилд ухралт гарна.
 
Тиймээс одоогийн түвшинд хангалттай өндөр байгаа шимтгэлийг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг бий болгох эрсдэлийг үүсгэнэ.Түүнчлэн 150 метр квадратаас дээш орон сууцны татварыг нэмэх асуудлыг судлах шаардлагатай. Өндөр орлоготой иргэд энэ байранд байгаа тохиолдолд татвар авах нь буруу биш гэж бодож байгаа.
 
Ц.Даваасүрэн: Гэртээ хоносныхоо төлөө яагаад татвар төлнө гэж...
/УИХ-ын гишүүн/
 
-Төсвийн тодотголоор дундаж орлоготой иргэд рүү нэлээд халдаж байна. Гэр бүлээ авч яваа, боломжийн орлоготой болохоор тэмүүлж байгаа хэсгийг нам цохиод хаячихаж байна. Түүгээр ч барахгүй том талбайтай орон сууцанд амьдардаг байлаа гээд гэртээ хоносныхоо төлөө яагаад татвар төлж байгаа юм. Эдийн засгийн хямралтай үед татвар нэмэх бус татварын бодлогоороо ажлын байр нэмж, татвар төлөгчийнхөө тоог нэмэгдүүлэх бодлого баримталбал хямралаас гарна. Энэ чиглэл рүү бодлого явсан бол хямралын ард гарах байсан байх.
 
Түүнээс одоо иргэд хийж байгаа бизнесээ жаахан өргөн болгох гэхээр орлогоо нуух байдал руу орох болчихоод байна. Орон сууцны татварын тухайд 365 хоногт хуваахаар өдөрт 30 мянган төгрөг боллоо гэж бодьё. Тэгэхээр ийм айлууд бараг гэртээ хоноод 30 мянган төгрөгийн татвар төлж байхаар хямдхан зочид буудалд хоночихсон нь дээр болоод байна. Тухайн хүн орон сууцаа түрээсэлж орлого олоогүй, байгаль орчинд хохирол учруулаагүй, гэртээ хоносныхоо төлөө яагаад татвар төлөх гээд байгаа юм.

Д.Хаянхярваа: Өндөр орлого бүхий иргэдийн татварыг л нэмж байгаа
/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
 
МАН-ын бүлгээс өнөөдрийн /өнгөрсөн баасан гарагийн/ хурлаар төсвийн тодотголд тусгасан архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн хос хөдөлгүүрт автомашины албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар шийдлээ. Үүнээс гадна нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсвийн тодотголоор хэлэлцэхгүй байхаар тохиролцсон.
 
Харин улсын төсвөөс болон төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөгдөх төсөл арга , хэмжээг дотор нь хоёр ангилан авч үзсэн байна. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектын нэмэгдсэн хөрөнгийг нь олгохгүй байхаар, санхүүжилт нь хэтэрсэн төслүүдийн нэмэгдсэн хөрөнгийг шинээр олгохгүй байхаар, шинээр нэмэгдсэн объектуудын хөрөнгийг төсвийн хөрөнгө оруулалтаас хасахаар пшйдсэн. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын саналыг хэвээр үлдээгээд байна.
 
Мөн НДШ-ийг нэмэхгүй байхаар шийдсэн. Хүн амын орлогын албан татварын хувьд нийгэм тэр чигээрээ хүн амын орлогын албан татварыг нэмчихлээ гэж ойлгож байна. Бид өндөр орлого бүхий иргэдийн татварыг л нэмж байгаа. Өөрөөр хэлбэл 2,5 сая төгрөгийн орлоготой хүний татварыг нэмж байна. Харин 150 мкв орон сууцтай иргэдээс татвар авах тухай бол ногдуулна. Тухайлбал, 200 мкв орон сууцтай иргэн хүнд татвар ногдуулахдаа 150 мкв-ыг хасаад 50 мкв татвар оногдуулна. Энэ бол дэлхий нийтэд баримталдаг зарчим.
 
Б.Чойжилсүрэн: Иргэд, компаниуд хунд байгааг ойлгож байна, гэхдээ...
 /УИХ-ын гишүүн, Сангийн сайд/
 
-МАН мөрийн хөтөлбөрөөсөө ухраагүй ээ. Манай мөрийн хөтөлбөрт байгаа шүү дээ. Эдийн засгийн уналтыг зогсоож, эргэн сэргээнэ гэж. Энэ мөчлөгийг хоёр хувааж байгааг би хэлсэн. Одоогийн эдийн засаг ямар байгааг ойлгуулах гэж дахин дахин яриад байгаа. Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт орууллаа гэхэд тэнд 400 мянган хүн хамрагдахгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 900 мянга орчим хүн байгаагаас 1.6 хувь нь буюу 14 мянган хүн татварын өөрчлөлтөд хамрагдах юм.
 
Арван жилийн өмнөөс бид 4/10-ын татварын бодлого баримталж ирсэн. Экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед 10 хувийн татвар авч болоод байдаг байжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед 10 хувийн татвар авахаар төсвийн орлого бүрдэхгүй байна шүү дээ. Улсын нэгдсэн төсөв 5.3 их наяд төгрөгийн орлоготой, 9.7 их наяд төгрөгийн зарлагатай, 4.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай. Ийм нөхцөл байдал л биднийг угтаж авсан.
 
Аль нэг улс төрийн хүчин хэзээ нэгэн цагт төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ийм арга хэмжээ авах л байсан. Эсвэл энэ чигээрээ санхүүгийн сахилга батгүй байдлыг үргэлжлүүлж, энэ улсаа дампууруулах юм уу. Монгол Улс онц хүнд байдалд орчихоод байна. Алтны зах зээл далд хэлбэр рүү орохыг үгүйсгэхгүй, гэхдээ ингэж айхгүйгээр орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулаад төсвийн орлогоо тэнцвэржүүлмээр байна. Алтны татвар 2.5 хувь болсноор алт тушаалт тодорхой хувиар нэмэгдсэн. Алтны татварыг таван хувь болгосноор 20 орчим тэрбум төгрөг цуглуулахаар төлөвлөсөн. Татвар нэмснээр орлого нэмэгдэнэ. Засгийн газар, Сангийн яам менежментээ сайжруулж ажиллана. Орон сууцны татварын хувь 150 ам.метртэй байрнаас авна. Энэ бол дэлхийн жишигт байдаг тансаг хэрэглээний татварын төрөл.
 
Түүнчлэн онцгой албан татварын асуудал дээр жилийн орлого нь 30 сая төгрөг буюу сарын орлого нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авна. Сарын орлого нь 2.5 сая төгрөгөөс бага иргэд 10 хувиараа татвараа төлөөд явна. Зарим гишүүд татварын хэмжээг огцом буулгах хэрэгтэй гэж байна. Зарим нь орлогоо бууруулаад, зарлагаа нэмлээ гэж шүүмжилдэг. Архи, тамхины татварыг 20 хувиар нэмэгдүүлэхээр ярьж байна. Иргэд компаниуд хүнд байгааг ойлгож байна.
 
Гэхдээ энэ мэтчилэн арга хэмжээнүүд авч, төсвийн орлогоо нэмэгдүүлэхгүй бол нийт улсаараа дампуурах нь байна шүү дээ. Эдийн засгийг сэргээнэ гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан. Эдийн засгаа тоггворжуулахын тулд зайлшгүй эдгээр арга хэмжээг авах шаардлагатай болоод байна. Бидний мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үеийнхээс эдийн засаг илүү хүндэрсэн байна.
 

Сэтгүүлчийн дүгнэлт

 
Ингээд байвал ард түмэн "элэгдээд” унагах байх даа
 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд МAH- ын Засгийн газар татвар нэмэх асуудлыг ч ярьж эхлээд байгаа юм. Тиймээс МАН мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан зүйлсийг оруулж ирлээ, эдийн засаг ийм хүнд байгаа үед татвар нэмэх асуудал оруулж ирж байгаа нь буруу хэмээн бухимдах хүн парламентын танхимд олон байна.
 
Тиймээс ч Сангийн сайд болоод УИХ-ын гишүүд татвар нэмэхийг дэмжинэ, дэмжихгүй гэх зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна. Энэ удаагийн тодотгол татварт дөрөөлсөн төсвийн тодотгол болсон. Өөрөөр хэлбэл, иргэд оршин суугаа байшин, авдаг цалингаасаа хамаарч татвар төлөхөөр болоод байна. Тодруулбал, 2.5 сая төгрөгөес дээш цалинтай иргэд, 150 ам.метрээс дээш талбайтай орон сууцтай өрх давхар татвар төлөх, оюутны тэтгэлгийг зогсоох, хүүхдүүдийн 60 хувьд нь 20 мянган төгрөг олгох гэх мэтээр асуудлыг яриад буй.
 
Мөн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг ч нэмэхээр болж байна. Энэ нь нэг талаар элгээрээ хэвтээд байгаа эдийн засгаа босгох гэж байгаа мэт боловч нөгөө талаар хуулийн дагуу иргэдээ "дээрэмдэх” төлөвлөгөө гэж харагдаж байгаа юм.
 
Хэдхэн хоногийн өмнө "төрийн өндөр албан тушаалтнуудын буюу өөрсдийнхөө цалинг 10-30 хувь бууруулахаар боллоо” хэмээн сүржин мэдэгдэл хийгээд байсан ч харамсалтай нь угийн "халаас нимгэн” гишүүд маань цалингаасаа хасуулахыг хүссэнгүй. Тиймээс оронд нь татвараар дарамталж, "хуульчлагдсан дээрэм” хийхээр нэгэнт эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг нь илт.
 
Иргэдийг санхүүгээр нь "элэгдээд унагах” өөр нэг "дээрэм” нь тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг 36 хүртэл cap байсныг 12 cap болгон бууруулж байгаа юм. Тухайлбал, Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 cap хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсан. Харин одоо үүнийг 12 cap хүртэл болгохоор Авлигийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байна.
 
Тэртэй тэргүй эдийн засаг хямарчихсан, хүн ам орлогогүй, дийлэнх нь цалин, тэтгэврийн гээд зээлтэй болчихсон байгаа энэ үед эмзэг хэсэг рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ гэдгийг тэнэг биш л бол мэдэх ёстой баймаар юм. Тиймээс хэдхэн сарын өмнө сонгогдсон тойрогтоо очиж "амаа цангатал амлалт” өгч байснаа санаж, эрхэм гишүүд иргэдийнхээ бүсийг чангалахгүйгээр өөрсдийнхөө тансаглатыг хязгаарласан тодотгол хийх хэрэгтэй болоод байна.
 
Ганцхан жишээ дурьдахад, албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ болон тавилгын зардлыг 30 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа. Зөвхөн утасны хэрэглээг 30 хувиар бууруулахад жилдээ 100-200 сая төгрөг хэмнэх боломжтой гэх мэдээллийг Сангийн яамнаас өгсөн.
 
Түүнчлэн гишүүдийн сарын утаснытөлбөр гэж 100 гаруй мянган төгрөг, унааны зардалд 300 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа. Албан тушаалын бэлэг гэх дэд сайдуудын суудал гээд үр ашиггүй хэт өндөр зарлагаа танах талаар толгойгоо чилээвэл яаж байна.
 
Хэрвээ МАН олонхиороо зүтгүүлээд хуулиа баталчихвал, "Бид зүтгэнэ-Хамтдаа хөгжинө” хэмээн Монгол Улсын иргэн бүрт "молиг үмхүүлсэн” амлалт талаар болох нь. Тэд энэ удаад бүр иргэн бүрт амлалт өгсөн шүү. Тухайлбал, цалинтай ээж, төлбөрийн дарамтгүй оюутан, ахмадаа ачилна, аз жаргалтай гэр бүл гэх алт шиг амлалтаа нэг санаач. Ард түмэн тэнэг биш.
 
Тиймээс хэдхэн хоногийн дараа болох орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид МАН-д ямар дүн тавих нь тодорхой биз. Тэгээд ч иймэрхүү үйлдлээ гаргаад байвал ард түмэн "элэгдээд” унагахаа мэдэх байлгүй дээ.

Монголын мэдээ
Ж.Отгон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler