| |
Видео
Шинэ мэдээ
Ш.АНХМАА: ТӨРӨӨС 3087 ХҮҮХДИЙГ ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА
Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхээр Төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхэд нэмэлтээр эслүүлэхээр болсон байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хичнээн хүүхэд байгаа вэ?
- Энэ жил цэцэрлэгийн гадна 43,000 гаруй хүүхэд үлдсэн. Эдгээр хүүхдийн 3087 –г нь Төрийн бус өмчийн цэцэрлэгт элсүүлэх талаар судлан ажиллаж байсан. Энэ талаар холбогдох яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд мэдэгдэж, УИХ-д өргөн барьснаар сая асуудал шийдэгдлээ. Нийтдээ Төрийн өмчийн 72 цэцэрлэгт элсэн орох байсан 3087 хүүхдийг Төрийн бус өмчийн 118 цэцэрлэгт элсүүлэхээр болоод байна.
- Эдгээр "Азтай - 3087” хүүхдүүдийн төлбөрийг хэрхэн шийдэж байгаа юм бол...
-Сангийн сайдын 2016 оны 319-р тушаалыг үндэслэн хувьсах болон хоолны зардалд энэ оныг дуустал 1,4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл Төрийн бус өмчийн цэцэрлэг тухайн хүүхдээс төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хоолны болон хувьсах зардлыг төрөөс авч байна гэж ойлгоход болно.
- Хувийн цэцэрлэгт хүүхдүүд хэрхэн элсэх бэ?
-2016 оны 9-р сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийг дуустал Төрийн өмчийн зарим цэцэрлэг дээр бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд тус бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын цахим хуудсанд байрлуулах болно.
Мөн цэцэрлэгт нэмэлтээр орох хүүхдүүдийн элсэлтийг Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон Төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлөөлөл, багш, ажилтан, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар боллоо.
- 2016-2017 оны хичээлийн жилд зорилтот бүлгээс нийт цэцэрлэгт элсэгчдийн 20% -с багагүй хүүхдийг авахаар шийдвэрлэсэн. Энэ асуудал өмнө нь яригддаг байсан боловч тодорхой хувь хэмжээ заадаггүй байсан. Тодорхой квот тогтоож өгснөөр үр дүн болон хэрэгжилтийг хянахад илүү дөхөм боллоо гэж би ойлгож байна. Энэ удаагийн нэмэлт элсэлт дээр ч мөн адил квот тогтоож өгч байгаа болов уу?
- 3087 хүүхдийн 30 хувь хүртэл хүүхдийг зорилтот бүлгээс сонгохоор болоод байна. Энэхүү бүлэгт хүн амын амжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг хамааруулж байна.
- Сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмшүүлэх зорилгоор 5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт илүү түлхүү хамруулж, 2 настангуудыг харин шинээр элсүүлсэн. Үүнээс хамааран 3-4 настай хүүхдүүд шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалж цэцэрлэгт ороход хүндрэлтэй болоод байсан. Энэ асуудал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Нийслэлийн төрийн бус өмчийн цэцэрлэгт 2-5 насны хүүхдийг элсүүлэх боломжтой учир энэ удаа эцэг эхчүүд маань хүүхдүүдээ Нийслэлийн боловсролын газрын цахим хуудсанд заасны дагуу яаралтай бүртгүүлэх, нэмэлт элсэлтэд идэвхитэй оролцох нь чухал юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс