|
Видео

Шинэ мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: ХАНИАД ХҮРЭХ ҮЕД АНТИБИОТИК УУХ ГЭЖ ЯАРСНЫ ХЭРЭГГҮЙ

Хүйтний улирал ирж буйтай холбоотойгоор бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл тохиолдох нь  эрс ихэсдэг. Энэ үед хэрхэн урьдчилан сэргийлэх, зөв эмчлэх талаар Доктор Айболит хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны магистр Р.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

Хүйтний улирал болж хаа сайгүй амьсгалын замын өвчлөл их байх шиг. Гэвч эцэг эхчүүд маань хүүхдээ буруу эмчилж эхэлсэнээс хүндрүүлэх тохиолдол элбэг байдаг байх?

Одоо өвлийн улиралтай холбоотойгоор хүүхдийн өвчлөл эрс ихэссэн. Ялангуяа амьсгалын замын өвчлөл, вирусийн  халдварууд болох өндөр халууралттай, бөөлждөг, суулгадаг, гүйлгэдэг, нүд нь өвддөг өвчлөлүүд нилээн гарч байна. Тиймээс эцэг эхчүүд юуны түрүүнд хүүхдээ дулаан хувцаслах, витаминжуулах, дулаан хувцаслан цэвэр агаарт гаргах, дааруулахгүй байх, вирусийн халдвартай хүүхдээс тусгаарлах зэргээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Хэрвээ хүүхэд өндөр халуурч амьсгалын замын өвчнөөр өвдсөн тохиолдолд өрхийн эмч эсвэл хүүхдийн эмчид үзүүлж эмчилгээг зөвөөр эхлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө дур мэдэн эмийн сангаас эм авч өгдөг тохиолдлууд нилээд байгаа. Хамгийн гол нь эмчилгээгээ зөв сонгох шаардлагатай гэж хэлмээр байна.

Витаминжуулах гэснээс орчин үед эцэг эхчүүд маань бага насны хүүхдүүдэд витамин ихээр өгдөг болж л дээ. Үнэхээр сайн гэсэн болгоныг өгөх шаардлагатай юу?

Витаминжуулалтыг тодорхой хэмжээний заагтай өгөх ёстой.  Биеийн эсэргүүцэл доройтсон үед, өвчлөл өндөрссөн гээд яг шаардлагатай үед л өгнө. Ялангуяа витамин Д-г хамаагүй өгвөл илүүдэл болж  түүнээс үүдэн хүндрэлүүд гардаг.  Ер нь витаминыг эмчийн зөвлөгөөтэйгөөр, хэмжээг нь заалгаж уух хэрэгтэй. Сар завсарлаад ч юм уу улиралын чанартай өгч байж болно.

Витамин Д-ийн илүүдэл хэрхэн илэрдэг вэ?

Яс нь зөөлрөх ч юм уу бүр эсрэгэр өөөрчлөгдөж илэрнэ. Ямарваа эмийг эмчийн заалтаар л өгөх хэрэгтэй. Том хүн хүүхдийн хэмжээг мэддэггүй. Хүүхэд гэдэг их нарийн шүү дээ. Эм өгөх үед кг, жинг нь бодож түүнд тохируулж богино хугацаанд өгдөг.  Манай эцэг эхчүүдийн хувьд эм бол замбараагүй хэрэглээ. Хамраас дөнгөж нус гоожлоо гэхэд түүнийг дарах гэж эмийн сангаас хамаагүй эм аваад хэрэглэчихсэн хүмүүс зөндөө ирдэг. Их эм ууснаас болж хүүхэд мөөгөнцөртчихсөн, эм тариа таарахаа байсан, харшлын урвал өгчихсөн ирдэг. Тийм учраас юуны түрүүнд эмчид хандах хэрэгтэй.

Тэгвэл бага насны хүүдүүдэд ямар нэг витамины дутагдал гэж байдаг уу?

Байж болно. Жишээ нь шүд нь үүрээд унаж болно. Тэр бол кальцийн дутагдалтайн шинж. Хүүхэд нярай үедээ  цус багадалт, харшил, сульдаагаар өвчлөх нь элбэг. Эдгээрийг дагасан суурь 3 өвчин дагалдаж явдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдэд дутагдах витамин янз бүр. Нэг нь туранхай нөгөө нь мяраатай, харшилтай, харшилгүй янз бүр байж болно. Тухайн хүүхдээс шалтгаалж витаминыг өгнө. Эцэг эхчүүд олон янзын витаминыг зэрэг уулгах тал байдаг. Энэ нь буруу. Тэдгээр витаминууд бие биенийхээ чанарыг дарж устгаж байдаг.

Ер нь 0-15 насны хүүхдүүдэд ямар өвчлөл зонхилон тохиолддог вэ?

Эдгээр насныханд ихэвчлэн амьсгалын замын өвчлөл хатгаа, ханиад, шуухниа, гэдэсний халдварууд, 15 насныханд архаг ангина буюу хоолойн өвдөлт , янз бүрийн халдварт өвчнүүд, салхин цэцэг, гахайн хавдар, А вирусийн гепатит нилээд тохиолддог. Тус өвчлөлүүд нь улиралын чанартайгаар ихэсдэг. Өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл зонилдог бол дулааны улиралд халдварт өвчин зонхилох жишээтэй.

Эдгээр өвчин зонхилох  гол шалтгаан юу вэ?

Цэцэрлэг, ясли, сургуулийн хүүхдүүдэд голчлон тохиолддог. Учир нь хүн ихтэй бөөнөөр цугласан газар амьсгалын замын халдварт өвчин гарсан тохиолдолд амархан тархдаг. Ийм үед тухайн сургууль, цэцэрлэгийн эмч нартаа үзүүлж арга хэмжээ авах эсвэл ханиадтай хүүхдийг сургууль цэцэрлэгт авахгүй байх шаардлагатай. Юуны түрүүнд халдварын голомтыг л таслан зогсоох хэрэгтэй. Агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг олон хүн цугласан анги танхимд заавал хийж байх ёстой. Дээр нь ахуйн дэглэмийг сайн барьж гарыг нь угаалгаж, амыг нь байнга зайлуулах зэрэг дэглэмүүдийг сахих хэрэгтэй.

Хүүхдийн хөхөөр хооллохын ач холбогдлын талаар?

Хөхөөр өсгөнө гэдэг бол чухал асуудал. Хөхний сүүг юу ч орлож чадахгүй, хаана ч үйлдвэрлэж чадахгүй. Болж өгвөл хүүхдийг  2 нас хүртэл хөхөөрөө хооллож өсгөх хэрэгтэй. Хүүхдийн дархлалын системийг сайжруулдаг ганц зүйл нь эхийн сүү. Ялангуяа ангир уураг гэдэг бол юутай ч харьцуулашгүйюм. Зарим эхчүүд хүүхдээ 6 сар хүргээгүй  хөхнөөс гаргах явдал байдаг. Харин тэдгээр хүүхдийн бие ерөнхийдөө л их сул, байн байн өвдөж биеийн эсэргүүцэл муутай болчихдог.

Хүүхдүүд буруу хооллолтоос болж өвчлөх нь элбэг байдаг?

Орчин үед хүүхдүүд маш буруу хооллож байна. Өглөө босон суун хооллох эсвэл хоолгүй гарч орой нэг дор хэтрүүлэн иддэг. Ингэснээр ходоод нь хямарч биеийн эсэргүүцэл сулардаг.  Амт чанартай хоол ундыг цагт нь тохируулан идэх хэргтэй. Зөв хооллох нь дархлал сайжруулах гол зам шүү дээ.

Ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд дулаан хувцаслах, хавар намрын улиралд витаминжуулах, зөв хооллох, халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гар хөлөө сайн угааж ариун цэвэр сахих, өвдсөн тохиолдолд даруй эмчид хандаж хүндрүүлэхгүй байвал л та урьдчилан сэргийлж байна гэсэн үг.
Дулаан хувцаслалт гэдэг их чухал. Нимгэн хувцаслаж даарч хөрөөд, малгайгүй явсанаас өвчлөх нь элбэг байдаг. Хүйтний улиралд тохируулан дулаан хувцаслаж явах хэрэгтэй. Ханиад хүрсэн тохиолдолд заавал эм уугаад байх шаардлага  байхгүй шүү дээ. Халуун бууруулах эм өгөөд  халуун аарц, аньс, чацарганы шүүс өгч хоёр гурав  хоног  гэрээрээ ажих хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд л эмийн сан руу гүйж орох хэрэггүй. Ер нь антибиотик уух тусам биеийн эсэргүүцэл суларна. Үүнийг заавал мэдэж байх ёстой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler