| |
Шидэт уураг
Монголчууд эхийн сүүгээр бойжиж, эсгий өлгийнд бяд суудаг үндэстэн. Тиймдээ ч дэлхийд эрүүл чийрэг, эрэлхэг бяралхаг, хурц торгон ухаантайгаараа гайхагдаж байсны нэгэн учиг үүнд оршдог. Ангир уургаа л хөхөж өссөнийх.
Эхийн сүүнээс нь эрт гаргасан хүүхдийн дэргэд хожуу гарсан хүүхэд нь илүү товир, илүү өсгөлөн байдгийн нууц юу вэ. Эхийн сүүнд ямар шид нуугддаг болоод тэр юм бол.
Учгийг хөвөрдөж, учрыг тайлбал энэ нь шинжлэх ухааны үндэстэй баримт юм байна. Дэлхийн олон орны эрдэмтэд эхийн сүүний талаар гайхамшигтай судалгаанууд хийжээ. Тэд эхийн сүү хөхөж өссөн хүүхэд эрүүл чийрэг, өсгөлүүлэн бойждог. Оюун ухаан нь бусдаас илүү хөгждөг гэдгийг баталсаар байна. Шинжлэх ухааны үүднээс хэдэн тайлбар өгье. Эхийн сүү нь хүүхдийн бие махбодь, оюун ухааны хөгжилд шаардлагатай бүхий л шим тэжээлийг агуулсан байдаг. Хөхөөр хооллодог хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр 3 дахин, бусад халдварт өвчнөөр 2.5 дахин, амьсгалын замын өвчнөөр 1.5 дахин бага өвчилдөг гэсэн судалгаа гарчээ. Эхийн ангир уурганд гэдэсний, амьсгалын замын болон вирусын халдвараас урьдчилан сэргийлэх дархлааны эсрэг амин дэмүүд агуулагддаг. Өөрөөр хэлбэл, эхийнхээ сүүг хөхөж бойжиж буй нярай өвчинд ороогдох магадлал илүү бага л гэсэн үг ажээ. Эмнэлэг, сувилал, нэмэлт тэжээл, орлуулагч, эм тариа, вакцин байгаагүй асан үед нүүдэлчин монголчуудын эрүүл чийрэг өсч торнидгийн нууц ердөө л энэ байж. Гэтэл өдгөө байдал өөрчлөгдөж, цаг хувирчээ. Юу гэвэл, эхийн сүүгээр амлах хэдий ч хоёр ой хүртлээ хөхнөөсөө гаралгүй бойждог хүүхдийн тоо эрс цөөрсөн байна. Хүүхдээ үнээний сүүгээр угжиж, эсвэл хурдхан шиг л махан хоолонд оруулахыг боддог эцэг эхчүүд бишгүй бий. Шалтгаан янз бүр л байдаг бололтой. Гоо сайхандаа анхаарч хүүхдээ хөхнөөс нь яаран гаргах сонирхолтой ээж нар байхад эхийн сүүндээ цадахгүй, эсвэл амин дэм дутаж байгаа байх гэх үндэслэлээр үнээний сүүгээр шууд угжих, үүнийгээ илүүд үзэх аав нар бас байна. Гэтэл эдгээр нь өрөөсгөл, зарим талаар маш буруу ойлголт гэнэ.
Хүүхдийг хөхөөр хооллох нь ээждээ ч тустай. Хөхний хорт хавдраар өвчлөхөөс сэргийлдэг. Төрсний дараа жин хасах, сэтгэл санаа өөдрөг байхад сайнаар нөлөөлдөг гэж үздэг байна. Амин дэм дутахын тухайд эхийн сүүг орлох өөр юм ч байхгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй гэж дэлхийн эрдэмтэд зөвлөдөг. Хүүхэд төрөхдөө хамгаалалттай орчноос гарч ирдэг учраас ариун байдаг. Харин төрсний дараа буюу эхийнхээ хөхийг хөхөж байж, дархлалын систем нь бүрэлдэж тогтдог. Эхийн сүүнд байдаг амин дэмийг ямар ч бэлдмэл орлож чадахгүй.
Тэгвэл хөхний сүү, үнээний сүү хоёр ямар ялгаатай юм бэ, адилхан л сүү, адилхан л органик зүйл шүү дээ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь эхийн сүүнд "бифидус” хэмээх фактор агуулагддаг бөгөөд үнээний сүүг бодвол 100 дахин идэвхтэй юм. Хамгийн наад захын жишээ гэхэд л эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрдсэн найрлагатай. Түүгээр ч зогсохгүй, хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байх нь. Харин үнээний сүүнд мэдээж ийм чанар байхгүй. Одоогоор эхийн сүүнд харшил илэрдэг тохиолдол мэдэгдээгүй. Гэтэл үнээний сүүгээр хийсэн хүүхдийн сүүн холимогт харшлах хүүхдийн тоо жилээс жилд ихэссээр өнөөдрийн өдөр 20% болсон байна. Эхийн сүү нь үнээний сүүг бодвол өнчин тархины, бамбай булчирхайн дааврууд агуулсан байдаг. Түүнчлэн эхийн сүүнд агуулагдах уураг өөх тос, нүүрс усыг задладаг 30 гаруй төрлийн ферментүүд агуулагддаг. Энэ нь хөхүүл хүүхдийн хоол боловсруулах тогтолцооны шүүрэл маш бага байдаг тул хөхний сүү нь бараг өөрөө боловсрогддог гэсэн үг юм.Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Мөн төмрөөс үүдэлтэй цус багадалттай болдоггүй. Бас хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг. Хамгийн сонирхолтой нь, эх үр хоёрын холбоосыг бэхжүүлж өгдөг. Нэг ёсондоо хүйгээр холбоотой гэдэг шиг л нандин холбоос бий болгодог гэнэ. Энэ бол гайхамшигтай баримт юм. Эхийн сүү хөхөж өссөн болохоор эр хүн би чинь уяхан ч юм уу даа гэж дуулдаг нь хүртэл санамсаргүй биш болж таарч байна. Тийм л учраас эхийн сүүг жинхэнэ шидтэй гэж тодорхойлоход буруудах юмгүй.
Хөхний сүүг ДЭМБ-аас 0-6 хүртэлх насны хүүхдийн хооллолтын алтан стандарт гэдгийг зарласан. Энэ нь одоогоор хүн төрөлхтөн эхийн сүүг бүрэн орлох зүйл бүтээж чадаагүй байна гэсэн үг юм. Гэхдээ баримтаас үзвэл угжсан хүүхэд, эхийн сүүгээр хооллож буй хүүхдээс илүү жинтэй өсч торнидог гэсэн эсрэг үзүүлэлт бий. Энэ юу гэсэн үг вэ. Дээр өгүүлсэн бүх баримт энд үгүйсгэгдэнэ гэсэн үг үү. Угжсан хүүхэд эхэн үедээ өсгөлүүн байх нь аргагүй гэнэ. Учир нь цагаар хооллодог. Харин жилийн дараа угжсан хүүхдийн өвчлөл их болдог бол хөхний сүүгээр өссөн хүүхэд эрүүл, чийрэг зөв өсдөг. Ийм тайлбарыг мэргэжилтнүүд өгч байна.
Орчин үед нэмэлт тэжээл, тусгай найрлага бүхий сүүн холимогууд олноор гарах болсон. Тиймд эмч нар тэдгээр нэмэлт тэжээлээр хүүхдээ хооллохыг урьтал болголгүй, харин хөхүүл ээж нарыг илүү хооллох хэрэгтэйг зөвлөдөг билээ. Жирэмсэн болон хөхүүл эхийн хооллолт нь зөв зохистой, шим тэжээлээр дүүрэн байж гэмээ нь хүүхэд түүнийг хөхний сүүгээрээ дамжуулан хүртэх ёстой. Хэн хүнгүй үүнийг мэднэ. Гэвч амьдрал дээр хэрэгжүүлдэг нь ховор. Хорвоо дэлхийд байгалиас өгөгдсөн зүйл гэж бий. Бэлэг гэж бий. Тэдний нэг бол эхийн ангир уураг ажгуу.
Гэвч… Олон шалтгаанаар хүүхдээ хөхний сүүгээр хооллох боломжгүй болбол яах вэ. Гоо сайхандаа анхаараад ч юм уу, эсвэл хүүхдээ хөхүүлэхээс залхаад биш, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хөхөнд нь сүү орохгүй байгаа ээжүүд тэгээд яах вэ. Ээжийнхээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод ангир уургаа хөхөх боломж олдоогүй бяцхан үрс яах болж байна аа. Ийм үед хүүхдийг зориулалтын сүүн тэжээлээр л хооллох ёстойг судалгааны дүнгүүд, эмч нарын яриа баталж байна. Гэвч ихэнх хүүхдийн сүүн холимогуудыг үнээний сүүгээр хийдэг. Иймд үнээний сүүг хүүхдийн бие махбодид тохирсон, шим тэжээлтэй, таргалалт үүсгэхгүй, дархлаа дэмждэг болгохын тулд маш нарийн технологиор боловсруулж, олон тооны шинжилгээ, эмнэлэгийн туршилтууд хийж, үр дүнг нь баталсны дараа хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна. Хамгийн сүүлийн үеийн шинжилгээ судалгааны үр дүнд "OPTIPRO” хэмээх хөхний сүүний уурагтай бүтэц, найрлагаараа хамгийн дөхүү уургийг гаргаж аваад байгаа аж. Одоогоор "NAN3” сүүн холимогийн найрлагад энэ уураг орсон байна.