|
Видео

Шинэ мэдээ

Э.Бат-Үүл - Бархирмаар санагдсан хором

Би үг хэлбэл бархирчих гээд байлаа. Би үг хэлбэл орилчих гээд байлаа. Багтарч, бачуурч гүйцсэн байлаа. Тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад бархирч орилдог юм гэсэн. Сэтгэл санаагаа нүдүүлсэн хүн адилхан болдог юм билээ. Бас л багтарч бачуураад бархирмаар санагддаг аж. Анд нөхөд маань "Түгжил” мэт хавирга сүвээ рүү дахин дахин бүлсэн чинь, андгай тангаргатангууд хээв нэг урвачхаад "ичсэн хүн хүн ална" гэгчээр эргэж бас элдэвлэн дайрсан чинь, арай ичих нүүртэй нэг нь булан тойрон зугтсан чинь, угаас мунхаг харанхуй учраас адал балмад авиртайгаа лут ухаан гэж хөөрөн тэнэглэх нөхрөө харсан чинь, элдэв амлалт гоё үгэнд хууртаж хаширахгүй тоглуулж явдаг хөнгөн сэтгэлтнүүдийг өрөвдсөн чинь, лангууны ард зогсож байгаа худалдагч шиг дандаа аваа өгөө ярьж байдаг фракцын гишүүн эрхэмтэй ярилцсан чинь, тал талаасаа бүчүүлэн балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм.

90-онд гар гараасаа барин тэмцэж явсан андуудын маань нэг нь Ерөнхийлөгч Энхбаярын "TV 9” телевизэд гүйж очоод "Э.Бат-Үүл Зоригийн хэрэгт холбоотой хэвээрээ байгаа” гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл маань өвдөлтөндөө яаж тэсэх билээ.

"Одоо чи л ялалт авчирна, чамайг дэмжинэ. Би ч ёстой хэлсэндээ хүрдэг эр хүн шүү” хэмээн өөрийгөө байн байн сайрхаж байсан нөхөр маань унтаад босох хооронд хуйвалдан урвачхаад, гэнэтхэн санал хураалтын өмнө нэг их хэрсүү царайлчихсан "Үүл минь чиний ажиллагаа дутаж байна” гэсэн бултах үг хэлээд хулхи царайлан зогсож байгааг харсан сэтгэл өвдөхдөө орилолгүй яахав.

Иүсүс Христ, сүүлчийнхээ оройн зоог дээрээ арван хоёр дагалдагчийнхаа нэг Иудайд хандан "Тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа худалдаж урвана” гэж хэлсэн нь ёсоор болсон гэдэг. Урьд орой нь намайг хайрын нүдээр халиагаад дэмжинэ, энэ тэр гэж ам гарч байсан нөхөд маань тахиа донгодохоос өмнө гурвантаа худалдагдан урвасан болохыг мэдэхүйд сэтгэл минь яаж тэсэх билээ.

Харин би тэр орь дууг гадагшлуулахгүй санаатай амаа жимийгээд, амьсгаагаа татаад сэтгэлтэйгээ ноцолдож зогссоон. Нэр дэвшээд индэр дээр зогсож байхад ийм л юм болсон. Өнөөгийн улс төрд орсон хүн хүн чанар, ёс суртахуунаа гээж, эвдэрсэн нэгэн болохгүй гэвэл сэтгэл санааны олон цохилтыг дааж, гутралын олон давааг давах хэрэг гарна. Гутралын давааны өндрийг хэлэх үү! Тэгээд бас муугаараа ижилсэж мунхагтаа хөлчүүрхсэн "түгжил”-үүдийн дунд гэгээтэй явна гэдэг нэн хэцүү. Түгжилүүдэд хүн чанараа жадлуулах бүртээ өвдөж бархирах сэтгэлээ барих гэж зүдрэхдээ амаа жимийн амьсгаагаа татан зогсоо над шиг олон хүнийг би бас харсан.

Би эрх мэдэл, албан тушаал шохоорхдоггүй хүн. Миний аав "Албан тушаал бус, нэр төр, хүн чанар, оюун ухаан л үр хүүхэд, ач зээд чинь өвлөгдөн үлдэж удам судрыг чинь чимж байдаг юм шүү” хэмээн сургачихсан учраас би албан тушаалыг хөдөлмөрийн багаж зэвсгээс илүүтэйд үзэлгүй доош хийдэг байж магадгүй. Би итгэл үнэмшил, эрхэм зарчмаа дээдэлдэг хүн. Монголын тусгаар тогтнол ардчилал дээр тогтдог учраас би түүнд үхдэг юм. Шоронд хоригдохдоо хамгийн түрүүн энэ тухай бичиж суулаа. Өөрийн эрхээр зовж байгаа эрх чөлөөт хүн л гэгээрэлд хүрээд хүч чадалтай болдог учраас л эрх чөлөөнд би найгүй дурладаг юм. Би,итгэл үнэмшил эрхэм зарчимтай тул, идэш хайх зөн билгээс өөр зүйлгүй амьтанаас дээд төрөлт юм гэдгээ мэдэх зэргийн боловсорсон билээ. Тийм учраас, эд баялаг зулгаах араа шүднээс өөрцгүй зүйл болчхоод байгаа өнөө цагийн албан тушаалыг би дорд үздэг байж магадгүй.

Гээд, би энэ удаад ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж Энхбаяртай өрсөлдье хэмээн сэтгэл шулуудсан. Миний номхон амбиц оволзож байлаа. Учир юу гэвэл Монголын төрийг эзэлчихээд байгаа олигархуудын эсрэг бослого гаргах цаг нь болсныг ойлгосон юм. Эд баялгийг эрх мэдэл, эрх мэдлийг эд баялаг болгон хувиргах шидийн ёсонд суралцахаас өөр номын ёсонд гэгээрээгүй тул амилсан босоо ороолон шиг болсон олигархиуд даварч цадигаа алдахуйд 90 онд олсон бүхэн маань нуран унаж байгааг харахад яс янгинаж байлаа. Хүний эрх мөнгөөр хэмжигдэж, ардчилал авлигад боолчлогдохыг харахуйяа өр зүсэгдэх шиг болсон. Олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг маань хэнд ч худалдахаас сийхгүй олигархууд юу ч хийж мэдэхээр байгааг мэдрээд нурууны минь үс босох шиг болсон. Харсан мэдэрсэн бүхнээ тунгаан бодоод хувьсгал хийхээр шийдэж, ард түмэндээ биш олигархуудад үйлчилдэг болсон төрийн тогтоцыг өөрчлөх хөтөлбөрөө дэвшүүлсэн. Тэгээд олигархуудыг адисласан Энхбаяртай хүч үзье хэмээн нэр дэвшихээр индэрт гарсан учир энэ бөлгөө.

Ерөнхийлөгч Энхбаяр хувь хүнийхээ тухайд хэнтэй ч адилхан сайнтай муутай хүн. Ямар ч атугай аав ээжийгээ баярлуулж, эхнэр хүүхдээ гялайлгаж яваа эр хүн. Тэр нуудаг, би бахархдаг болохоос биш бид хоёр уул нь адилхан буриад цустай.

Харамсалтай нь мань эрийн олон сайн чанарыг нэг муу зүйл балладаг юм. Түүний сувдаг сэтгэл. Эхнэрээсээ олсон гэж ярьдаг юм. Энхбаяр эд баялагт ухаангүй унадаг нэгэн. Мэдээж төрд зүтгэлээ гээд өөрийгөө ор хоосон зольж байх албагүй л дээ. Гэхдээ "улсаасаа баян” болох гэж улайрч байгаа нь ой гутам. Очирбат, Багабандийн үеэс хөөцөлдсөн Их өрийн асуудлыг шийдэхдээ 50 сая доллар зувчуулахаа мартаагүй. Ийм том гавъяаг тийм шалихгүй зүйлээр гутаах уу?, ухаантай хүн. Бурхан багшийнхаа сургаалийг огоорон огоорон хорвоогийн нүгэлд улайрахыг яана. Энхбаяр эрх мэдэлд даруулгагүй шунадаг нэгэн. Тэр шуналынхаа цог заль, муу аргын хүчээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг завсаргүй хашиж чадсан юм.Түмнээ гэсэн сэтгэлээр шатсан хүн ингэсэн бол монголчууд бидний зол болох учиртай байлаа. Бидний аз дутахад Энхбаяр давын өмнө өөрийгөө асарч явдаг хүн.. Очсон газар бүрдээ эрх мэдэл булааж авна. Ерөнхий сайд байхдаа Цэдэнбал даргаас ч том "Үндэсний удирдагч” болчихов. УИХ-ын дарга болмогцоо өөрийнхөө босгосон Ерөнхий сайдын эрх мэдлийг зад танаж жижигрүүлчхэв. Засгийн газрыг УИХ-ын даргын өрөөнөөс удирдаж байлаа шүү дээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй УИХ-ын олон эрхийг булаан авч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг сенатын танхим шиг болгосон. Өнөөдөр УИХ бараг л хоёр танхимтай болоод байгааг гишүүд нь ойлгохгүй байгаа. Цадахыг мэдэхгүй Энхбаяр аймгийн Засаг дарга нарыг өөрийн бие төлөөлөгчөөр ”томилж” доош нь хийх шив дээ. Эд баялагт шунахдаа Бурхан багшийг огоорсон шигээ, эрх мэдэлд шунахдаа Үндсэн хуулийг уландаа гишгэсээр явна аа, энэ хүн.

Түүний сувдаг сэтгэл бас нэг дур гутам араншинг түүнд суулгаж өгсөн. Хүндлэл өргөмжлөлд нугасгүй гэдэг нь жигтэйхэн. Түүнийг бялдууч, зулгуйдагчид, даан ялангуяа олигархууд андахгүй. Нэгэн "Шинэ монгол” олонд дуулдахаар чанга дуугаар "манай Энхбаяр ах ийм мундаг, Цолмон эгч тийм сайхан” гэх зэргээр сайрхаж байв гэдэг. Зөвхөн та шүү хэмээн суу билгийг нь магтан дуулаад мөргөөд байвал өнгөн дээрээ төв царайлах хэдий ч цаанаа бөөн бөөнөөр нь таашаал авч суудаг. Сэтгэл судлаач Зигмунд Фройд үүнийг дур тавилтын нэг хэлбэр гэж үзсэн байдаг. Занг нь мэдэх ёслолын алба түүнийг хаан хүн шиг л алхуулна. Занг нь мэдэх хамгаалалтын алба, Африкийн дарангуйлагч Иди Аминых лугаа мөчөөрхөм сүржин хамгаалалт гаргана. Наадам, овоо тахилгыг Энхбаяр ингэж чимдэг дээ. Японы хаан хүү бүр биширсэн хэмээн цуурдаг. Би бол, хүн төрөлхтөн рационалжиж байгаа XXI зуунд дундад зууны дээдсийн аархал, мухар сүсэг амилсанд нь цочсон байх гэж боддог.

Энхбаярын сувдаг сэтгэл Энхбаярыг өөрчилсөөр өнөөдрийн Энхбаярыг бий болгосон. Тэр сувдаг сэтгэл эзнээ өөрчлөөд зогсохгүй Монголын улс төрийг өөрчилсөн. Гэнэн хэдий ч зарчимтай, хэрүүлтэй боловч хорлонгүй, амбицтай боловч шуналгүй тэр үеийн улс төрийг Энхбаярын сувдаг сэтгэл бохиртуулсаар энэ цагийн садар самуун улс төрийг буй болгожээ. Би Энхбаярын улстөрд нь тачьяадан эгдүүцэхдээ бархирмаар санагдсан юм. Элбэгдоржийн "Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр цэвэр байсан шүү” гэдэг үнэн. Энхбаярын бий болгосон улс төр манай нийгмээс ядахдаа хотны хиртэй хол байгаад өмхрөн ялзарч байсан бол өнөөдөр би хамгийн түрүүн гүйж очоод түүнийг бензин цацаж байгаад шатаах байлаа. Гай болоход энэ улс төр манай нийгмийн тархи толгой нь болчихоод байна.

Тархиа шатааж нийгмээ үхүүлэлтэй биш. Солихоос өөр аргагүй. Солихын тулд Энхбаяр Ерөнхийлөгчийг солих хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялах хэрэгтэй. Элбэгдорж заавал ялах ёстой. Олигархийг дарахаар би Элбэгдоржтой хамт явна.

Ард түмнийг маань Бурхан ивээг!

Э.Бат-Үүл, 2009 он.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler