| |
Н.Энхбаярын “13 мэх” хэзээ дуусах вэ
Эх орондоо дуулиантайхан газардсан экс Ерөнхийлөгчийн "13 мэх” хэзээ дуусах вэ? ЭМС-ын сайд нь "хэцүү үг”-тийн хэрэгт холбогдсоноос хойш энэхүү салбар нь эзэнгүй, энд тэндгүй хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн хүмүүс. Салбар нь "салж унахад” ганц хуруу л дутуу байх шиг байна. Ямар сайндаа л УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарт "гэнэтийн үзлэг” хийснийхээ дараа элэг нь эмтэрч, "мэгштэл уйлсан” юм байх. ЭМС-ын яамыг эрх баригч АН-ынхан өөрсдөдөө авах юм ярьж байсан ч тэр нь бүтэхгүй бололтой. Н.Энхбаяр "13 мэх”-ийнхээ нэгийг хийгээд л аваад үлдчихнэ. Тэр ч байтугай өөрийн хувийн эмчээ сайдад зүтгүүлсэн ч Ч.Сайханбилэг хүлээж аваагүй.Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага элгээрээ хэвтчихсэн, хариуцах хүнгүй хүндхэн байна. "Миний мэдлэг туршлага хэрэгтэй бол эх орондоо туслана” хэмээн сүржин мэдэгдэл хийж асан экс Ерөнхийлөгчийн үг үйлдэл хоёр нь зөрөөд байх шиг. Эсвэл нэг ч нүдээрээ үзэж чаддаггүй одоогийн Ерөнхийлөгчийн "өвчин” түүнд халдварласан юм болов уу. Угтаа Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хувь хүнд ямар ч гэм хийгээгүй. Харин ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашуулсан биз дээ. Тийм байтал ард түмнээрээ ингэж тоглох хэрэг байсан юм уу. Эсвэл албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахааргүй тийм хүн юм уу.
Анх 1996-2000 оны хооронд одоогийн эрх баригч АН түүхэндээ анх удаа парламентад олонхи болсон. Энэ цаг үед сөрөг хүчний дарга нь Н.Энхбаяр байлаа. Тухайн үед их эвслийн Засгийн газар удаа дараа солигдож, ард түмний амьдрал тартагтаа тулж байсан нь Н.Энхбаярын "гавьяа”. Нөгөө талаасаа төлөвшөөгүй нам төрийн эрхэнд гарахаараа "би”-гийн өвчин тусаж Н.Энхбаярын ам мэхэнд орсон хэсэг ардчилагчид Засгийн газраараа тоглосон тийм л он жилүүд байсан. Яг энэ цаг үеэс л АН Н.Энхбаярын халаасанд орсон юм. Одоо ч тэр л хэвээрээ байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа авч үлдэхийн тулд түүнтэй наймаалцдаг, АН-ын дарга нь суудлаа авч үлдэхийн тулд түүнд хадагтай золгодог болчихож. Н.Энхбаяр, АН хоёрыг сэм наймаалцаж, нам хуйвалдаж байх хойгуур ард түмэн чинь амаараа шороо үмхэж, элгээрээ мөлхөж байна. ЭМС-ын яамаа даруйхан шиг хариуцах эзэнтэй болгохгүй бол мөхлийн ирмэгт тулж ирээд байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд чинь хэлээд байгаа юм биш үү. ЭМС-ын яамны "эзэн нь” эрх баригчид нь байна уу, Н.Энхбаяр нь байна уу ард түмэнд үнэндээ сонин биш. Харин хурдхан шиг хариуцах эзэнтэй болгож, доголдолд орсон салбарыг өөд татах нь чухал.
Н.Энхбаяр гэдэг хувь хүний амбиц, албан тушаалын төлөө үхэн хатан тэмцдэг энэ үйлдэл хэзээ дуусах юм бол доо. Ядаж байхад эрх баригчид түүнд барьцаалагдчихсан байдаг. "Та нар миний хэлснээр хийхгүй бол засгаас чинь гарч УИХ-ыг чинь тараана шүү” гээд пэдийгээд сууж байгаа экс Ерөнхийлөгчийн "13 мэх” хэзээ дуусах вэ?
С.БУЯН