| |
ХОХИРСОН ИРГЭД “МОННИС” –ИЙН Б.ЧУЛУУНБААТАРААС ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА
Гэр хороололд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон компаниудтай
холбоотой гомдол санал, маргаан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд
тасраагүй. Үүний ганцхан жишээ нь манайдаа нэр хүндтэй томоохон
"Моннис” группын охин компани болох "Моннис урбан девелопмент” ХХК болж
байна. Тус компанийн хувьд 2013 онд БЗД-ын 14-р хороо /Халдвартын зүүн
талд/-нд дахин төлөвлөлт хийхээр сонгогджээ. Гэвч бүтэн гурван жил
өнгөрчихөөд байхад нэг айлын байр ч ашиглалтад оруулаагүй, барилгын ажил
нь өдгөө зогсонги байдалтай байна.
Ер нь энэ мэт дахин
төлөвлөлтийн хэрэгжүүлэгч компанийнхан иргэдийн газрыг чөлөөлж авчихаад
ажлаа эхлүүлэхгүй хугацаа алдаж байгаа, мөн иргэдийн газрыг гэрээ
байгуулан авчихаад заасан хугацаандаа ашиглалтад оруулахгүй хариуцлага
алдсан, иргэдийн газрыг чөлөөлж авчихаад түрээсийн байранд амьдруулах
мөнгийг нь өгөхгүй байгаа тохиолдлууд маш их гарсан.
Иймд дахин
төлөвлөлтөөр хохирсон иргэд эхнээсээ жагсаал, тэмцэл хийхээ мэдэгдээд
байгаа. Аль 2012 онд эхний айлуудын газрыг чөлөөлж авчихаад өдгөө долоон
давхар нэг, есөн давхар нэг блок барьснаас үүдэж өнөөдөр Моннис
групп, 14-р хорооны иргэд хооронд нэлээд томоохон маргаан үүсжээ.
Түүнчлэн
иргэдийн хэлж буйгаар ганц хугацаа алдсан асуудал үүсээгүй аж. Учир нь
тус компанийнхан жил гаруйн хугацаанд иргэдийн түрээсийн мөнгийг сарын
700 мянгаар тооцож асуудалгүй өгч байсан ч 2015 онд урьдчилж ярьж,
хэлэлгүй түрээсийн мөнгийг бууруулж 300 мянган төгрөг өгдөг болжээ.
Ингээд сүүлийн үед уг мөнгөө өгөхөө больсон байна. Иймээс иргэд хандах
газруудад нь хандаж тус компанийн үйл ажиллагааг түргэвчлүүлэх талаар
хөөцөлдөж эхэлжээ. Бид өмнө нь энэ асуудлаар иргэдийн төлөөлөлтэй
уулзаж, мэдээлж байсан билээ. Тухайн үед иргэд "Моннис Урбан
Девелопмент” компанийнхан болон нийслэлийн удирдлагууд хүлээж авч,
асуудал хаанаа байгааг хэлж, тайлбарладаггүй гэдгийг онцолж байсан юм.
Харин одоо нийслэлийн удирдлагууд солигдсон тул тэдгээр иргэдийн асуудал
бүр мөсөн орхигджээ. Иргэд хий хоосон "Гэр хорооллын хөгжлийн газар”-ын
үүдийг сахиж өдрийг өнгөрөөдөг болсон тухайгаа учирлаж байна. Гэвч
одоогийн Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад өмнөх Засаг төрийн
удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан ажил хамаагүй мэт аашилж, орох
оронгүй болсон эдгээр иргэдийг хөсөр хаяжээ.
"Моннис Урбан
Девелопмент” компанийн хувьд нийт 125 айлын газрыг чөлөөлж, хоёр блок
орон сууц барихаар болжээ. Өдгөө барилгын ажил талдаа ч ороогүй байна.
Харин бид барилгын ажил яагаад удаашрах болсон асуудлаар нийслэлийн Гэр
хорооллын хөгжлийн газрын мэргэжилтнүүдээс тодруулахад барилгын ажил
хөрөнгө оруулалтын улмаас саатсан. Харин 2015 оны сүүлээр уг асуудлаа
шийдсэн хэмээн бидэнд мэдэгдсэн” гэх хариултыг өгсөн юм.
Тус газрын
мэргэжилтнүүдээс гэр хороололд дахин төлөвлөлт хийж байгаа газруудад
барилгын ажил удааширсан асуудлыг улс орны эдийн засгийн нөхцөл
байдалтай холбон тайлбарлаж байсан юм. Улс мөнгөгүй болсон учир эдгээр
компаниудын хөрөнгө, мөнгөний асуудал шийдэгдэхгүй явсаар ийм байдалд
хүрсэн гэлээ.
Тэгвэл БЗД-ийн 14 дүгээр хорооны иргэд "Моннис”
группын охин компани болох барилгын энэ компани хөрөнгө мөнгөгүй болох
асуудал төдийлөн тулгарахгүй хэмээн үзэж байна. Гол нь сэтгэл дутаж
байгааг хэлж байгаа юм. Эдгээр газраа чөлөөлж өгсөн айлуудын иргэдийн
нөхцөл байдал өдөр өдрөөр дордож байгаа аж. Газраа байраар солиод
байрандаа орохыг хоёр жил шахам хүлээж байгаад өөд болсон хүн ч тэдний
дунд байгаа аж. Мөн хэвтэрт орж, бие нь муудсан өвгөн настан өдгөө
түрээсийн байр хэсэж, тэнхээ нь өдрөөс өдөрт доройтсоор байгаа гэх мэт
эдгээр 125 өрхийн цаана байгаа амьдрал туйлын хүнд байгааг тэд нүдэндээ
нулимстай хэлж байна.
Иймээс Монголдоо томоохонд тооцогдох
"Моннис” группынхан хариуцлага, нэр төрөө ухамсарлан эдгээр айлуудын
орон сууцыг яаралтай барьж ашиглалтад оруулах нь зүйтэй болов уу.
Нэгэнт нийслэлийн удирдлагууд солигдсон тул хариуцах эзэн хандах хүнгүй
болсон иргэд өдгөө "Моннис”группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатараас
хариуцлага нэхэж байна.