| |
Аюулт үзэгдэл, ослын улмаас 161 хүн амь насаа алджээ
Өнгөрсөн зун үер усны аюулд осолдож амиа алдсан иргэдийн тоо өмнөх жилүүдээсээ олон байв. Зургадугаар, долдугаар, наймдугаар сард гол усанд живж осолдсон иргэдийн тоо 113 хүрчээ. Үүний бараг 50 хувь нь хүүхдүүд байгаа юм.
Тухайлбал, энэ оны эхний 8 сард аюулт үзэгдэл, осол 3194 гарч, 161 хүн амь насаа алдаж, 1034.7 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Харин объектын түймэр 2695 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 73 удаа, хонины цэцэг өвчин 76 удаа бүртгэгдсэн байна. Тэгвэл Объектын түймрийн улмаас 6.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, аюулт үзэгдэл, осолд нийт 440.5 сая төг зарцуулсан байна. Харин усны ослын улмаас 113 хүн, объектын түймрийн улмаас 23 хүн, бичил уурхайн нурангины ослоос 13 хүн, үерийн улмаас 4 хүн, ой хээрийн түймрийн улмаас 3 хүн, аянгын улмаас 3 хүн, хүчтэй салхи шуурганы улмаас 2 хүн амь насаа алджээ. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 899 буюу 22 хувиар буурав.
Ийнхүү байгалийн аюулт үзэгдэл болон осол аваарын улмаас өнгөрсөн найман сарын хугацаа буюу хагас жилийн байдлаар 161 хүн амиа алдсан гэх тоо Статистикийн ерөнхий газар бүртгэгдсэн ч үүний цаана бүртгэгдээгүй хэчнээн хүн золгүй байдлаар амиа алдсан бол гэж бодогдоно. Хамгийн гол нь манай иргэд хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж амиа алдах тохиолдол гарсаар байгаа юм. Тиймээс өөрийнхөө аминд хариуцлагатай байж, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг, агаар салхинд гарч аялж зугаалж амарч явахдаа өөрийнхөө болон ах дүү, аав ээж хамаатан садан, найз нөхөд үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангаж байхыг анхааруулъя аа.
О.Сайхан