| |
Видео
Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХУУЛИАР ХАРИУ ӨГӨХ ҮҮ
УИХ-аас зарим хуулиудыг буцаан татсанаас үүдэлтэйгээр нийгмийн шүүмжлэлд өртөөд байна. Олон нийтийн хувьд хамгийн их хүлээлт үүсгээд байсан хуулийн нэг болох Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр байсан. Гэвч энэ хууль дангаараа хэрэгжих боломжгүй учраас бусад хуулиудтай буцаан татсан. Үүнээс үүдэн өнгөрсөн амралтын өдөр энэ хуулийг хэрэгжих хугацааг авч хэлэлцэхийг шаардсан иргэд тайван жагсаал зохион байгуулсан.
Харин Ерөнхийлөгч эхэнд өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгч "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.
Ерөнхийлөгч "УИХ-аас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт "Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.
Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн юм.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан тухай мэдээллийг хүргэлээ. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих шийтгэл хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хуульд ч бас гэр бүлийн хүчирхийлийг гэмт хэрэгт тооцохоор оруулж ирээд байсан. Харин энэ хуулийн бусад тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас салангид хэрэгжүүлэх боломжтой эсэх нь хариулт хүлээж байна.
Бас нэг зүйл бол МАН-ынхан энэ хуулийг өргөн барьснаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ албан бусаар мэдэгдэж байгаа хэмээн олон нийт харж байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн