| |
Дарга нарын бизнесийг шалгаж болохгүй юу
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс хувьдаа завшсан эсэхийг нь АТГ-аас шалгаж эхэлмэгц элдэв дарамт шахалт учирч хэргийг шалгах явцад нөлөөлөх гэж оролдсон. Тиймээс тусгаарлан шалгахаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд баривчлан хорих болсон. Баривчлан хорьсны дараахан Ерөнхий сайд яаралтай мэдэгдэл гаргаж "Гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” хэмээн "цээжээрээ хамгаалсан”. Үүний цаад учир нь уг хэрэгт Ерөнхий сайдын төрсөн охин А.Саранзаяа холбоотой байсанд оршиж байсан нь хожим тодорхой болсныг АТГ-ын мэдэгдэл ч харуулдаг. Ерөнхий сайд АТГ-т зөвлөхөө эргэх гэж гаргасан хүсэлтдээ "нэн даруй уулзах хүсэлтэй байгаа тул 2014 оны долдугаар сарын 31-ний 09.00-11.00 цагийн хооронд уулзалтыг зохион байгуулах”-ыг мэдэгдсэн. АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргал "Би таны хүсэлтийг хүлээн авах нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсч, хууль зөрчиж байгаа тул таны хүсэлтийг хангах боломжгүй” хэмээн хариу мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайд АТГ-ын энэ хариуг үл тоомсорлон Хууль зүйн сайдын хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд саатуулагдаж буй ахлах зөвлөхөө эргэснээр нотлогдсон.
АТГ-ын мэдэгдэлд "Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх "Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээсэн байдаг.
Гэвч "хохирогч байхгүй” гэсэн тайлбарыг хэлж "Нүүрс хөтөлбөрчид”-ийг өмгөөлөх гэж оролддог. Харин хохирогч нь "Багануур” компани биш гэж үү. Үнэхээр хэмнэлт гарсан бол яагаад тэр мөнгө "Багануур” компанид очиж, үйл ажиллагаа нь сэргэж, эдийн засгийн үр ашиг нь сайжирч болохгүй гэж. Ашиг олсон л бол газрын гаваар ороогүй хэн нэгэнд очих учиртай. Иргэд нүүрсээ хямд авсан нь сайн хэрэг. Төр "Багануур” компанийг хохиролгүй болгохын тулд төрийн мөнгөөр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгэхээр "Багануур” компанид очоогүй бол "Нүүрс хөтөлбөрчид”-д очсон байж таарна. Тэгээд ч АТГ хангалттай баримт нотолгоо байгаа учраас саатуулан шалгаж байгаагаа мэдэгдэж байсан.
Харин Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоог "Үндэслэлгүй дүгнэлт гаргалаа” гэсэн үндэслэлээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст нийт 40 өргөдөл гомдол гаргаж, удаа дараа хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, одоо асуудлыг Цагдаагийн хэлтэст буюу Хууль зүйн сайдын эрх мэдлийн хүрээнд "аваачих” нь хамгийн зөв гарц гэж үзсэн бололтой. Түүнээс биш аудитын ажил хэргийг шалгах холбогдох хууль тогтоомжид цагдаад шалгуулах гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр тэдний тооцоолсноор Ерөнхий сайд, түүний төрсөн охин болон ахлах зөвлөх нарынх нь холбогдсон "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт аудит хийж төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо буруутаж үлдэх ёстой бололтой.
Үндэсний аудитын газар бол УИХ-ын дэргэдэх байгууллага. УИХ хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих учиртай. Гэтэл Засгийн газар, түүний танхимын тэргүүн нь зохион байгуулалттайгаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчин сэжигтнийг эргэж очих, түүнтэй уулзах, мөн өмгөөлөгч нь уг хэрэгт аудит хийсэн төрийн албан хаагчийг цагдаагийн байгууллагаар шалгуулах, үүргээ гүйцэтгэснийх нь төлөө сэтгэлзүйн дарамт учруулах ёсгүй.
Хяналт тавьж үүрэг ажлаа хийснийхээ төлөө цагдаагийнханд шалгуулж "дээлээ нөмрөх” ёстой бол төрд хэн хяналт тавих вэ. Толинд хараад царай муутай харагдвал толио шидчихдэг бяцхан охин шиг энэ тэнэг дүр төрхийг Монголын төрөөс олж харах болов.
Хамгийн гол нь "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгасан АТГ ч, төрийн хяналтын үүргээ гүйцэтгэж буй Үндэсний аудитын газар ч УИХ-ын дэргэдэх байгууллага. Нөлөөнд автуулахгүй, хараат бусаар хяналт шалгалт тавих, хүлээсэн үүргээ гүйцэтгэх эрхийг олгох үүднээс УИХ-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл УИХ-аас сонгодог, хяналт тавьдаг Засгийн газар нь АТГ, Үндэсний аудитын газрын ажилд хөндлөнгөөс оролцох, албан үүргээ гүйцэтгэж буй асуудлаар нь Цагдаагийн хэлтсүүдэд хандаад байгаа нь хэр зохимжтой вэ. Засгийн газар өөрийн эрх мэдлийн байгууллагад ямар нэг байдлаар уг асуудлыг шилжүүлж авах сонирхол ил тод харагдаад байна. Энэ нь цагдаагийн байгууллагад очих гэж оролдох тусмаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эрх үүргийн дор харьяалуулах хүсэлтэй байгааг нь харуулж буй хэрэг.
АТГ, Үндэсний аудитын газраас гадна Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо гээд УИХ-ын дэргэдэх эдгээр байгууллагыг Засгийн газрыг хянах үүрэгтэйг дахин сануулах хэрэгтэй бололтой. Тэр тусмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн асуудлыг шалгасныг нь ийнхүү гүн гүнзгийгээр улстөржүүлж, олон нийтэд хэлмэгдүүлсэн мэтээр ташаа ойлголт төрүүлэх нь санаатайгаар үйлдэж буй гэмт хэрэг болох хуулийн заалттай юм. Учир нь хэлмэгдүүлсэн эсэхийг тогтооход эрт байна. "Авлигатай тэмцэх газраас шалгахаар очиход нь зангиагаа засаад очдог байх”-ыг Төрийн тэргүүн сануулсаар байтал ийнхүү давчдахын учир юунд байна вэ.
Тэгээд ч Төрийн аудитын тухай хуульд Үндэсний аудитын газрын эрх зүйн талаар "Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрт захирагдана. Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, УИХ-аас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр аудитор Ш.Ичинхорлоогийн үйл ажиллагааг өөр хэн нэгэн цагдаа шалгах, эсвэл өмгөөлөгч дүгнэх боломжгүй байгаа биз.
Нөгөөтэйгүүр, өмгөөлөгч Ц.Баасандорж
"Төрийн аудитын тухай хууль тогтоомжоор Үндэсний аудитын хэмжээний
дүгнэлт гаргах эрх хэмжээ байдаггүй. Үндэсний аудитын компани төсвөөс
санхүүжилдэг байгууллагын төсөв захиран зарцуулалтыг хянадаг байгууллага
болохоос хоёр хуулийн этгээд хоорондоо худалдах, худалдан авах гэрээ
хийж үнээ тохирсон зүйл дээр нь хөндлөнгөөс орж ирж нөлөөлж, үүнийг 39
мянгаар зарах ёстой байсан гэх дүгнэлт гаргах ёсгүй. Энэ бол яахын
аргагүй өөрийн албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаагийн нэг
хэлбэр юм” гэжээ. Мөн "Шинжээчийн дүгнэлтэнд шууд болон шууд бусаар
нөлөөлж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гаргадаг мэргэжлийн байгууллагуудын
үйл ажиллагаанд АТГ хөндлөнгөөс нөлөөлж дүгнэлт гаргуулж байгаа энэ
үйлдэл нь Л.Гансүх болон бусад гэмгүй хүмүүсийг хэлмэгдэх нөхцөл байдлыг
үүсгэж байна.
Яг энэ асуудлаар Ичинхорлоо болон "Оюу Эрдэм" аудитын
газрыг шалгуулахаар Сүхбаатар болон Чингилтэй дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгуулахаар болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл цагдаагийн
байгууллага АТГ-аас хараат байдлаар энэ асуудлуудыг шалгаж чадахгүй
байгаад байна” гэж ярьжээ.
Цагдаагийн байгууллага аудитын газрыг, аудиторыг шалгах эрхтэй юу гэдгийг мэдэхгүйдээ ингэж ярив уу. Эсвэл "үнэхээр цагдаагийн байгууллага АТГ-аас хараат байдлаар энэ асуудлыг шалгаж чадахгүй байна” гэж эрхэм өмгөөлөгч нотолж чадах баримттайдаа ярив уу гэдэг нь сонирхолтой. Ямартай ч Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг өмгөөлж буй Ц.Баасандорж өмгөөлөгч УИХ-аас сонгодог, ажлыг нь хянадаг, "УИХ-ын дэргэдэх байгууллага” статустай АТГ, Үндэсний аудитын газар хоёрын талаар, тэдгээрт холбогдох хуулиудын тухайд тун ташаа бодолтой явдаг бололтой.
Өмгөөлөгч хүн гэдэг гэмтнийг "гэмгүй” гэж зүтгэх албагүй. "Цагаан будаг асгасан ч цайрахгүй” хэрэг гэж бий. Тиймээс хуулийн хүрээнд гэмтэй ч гэсэн тохирох ялыг онооход үнэн худлын дэнсийг олох гэж ажлаа хийх учиртай. "Том албан тушаалтныг өмгөөлөх” нь нэр төрийн хэрэг байж болох ч үйлчлүүлэгчээрээ овоглон хэвлэлийн бага хурал хийх бүртээ олон нийтэд ташаа ойлголт төрүүлж "Хэлмэгдүүлж байна” гэж хашгираад байх нь тийм ч чадвартай өмгөөлөгчийн тактик биш гэдгийг дашрамд сануулъя.
С.Чулуун