|
Видео

Шинэ мэдээ

Ч.Сайханбилэг сайдын нэг амлалт 36 ТЭРБУМ ТӨГРӨГ

Ч.Сайханбилэг сайдын нэг амлалт 36 ТЭРБУМ ТӨГРӨГ

 

Төрийн залгамж чанар байх ёстой. Ялангуяа гадаад нэр хүнд тийм сайнгүй байгаа энэ үед олон улсад амалсан амлалтаа бид биелүүлэх ёстой” гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурал дээр хэллээ. Төсвийн тодотгол өргөн барьж, хэмнэлтийн горимд шилжиж буйгаа зарласан энэ үед тэрбээр сардаа зургаан тоннын хэрэглээтэй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэрэглээний дизель түлшийг онцгой албан тагвараас чөлөөлөх тухай оруулж ирсэн саналаа ийм тайлбартайгаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулан юм.

 

Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж амалсан ч төсвийн тодотголоор үүнийхээ эсрэг санал оруулж ирсэн гэсэн зэм намын нөхдөөсөө, Байнгын хорооны гишүүдээс сонсоод байсан Сангийн сайдад дахиад ч задлаагүй олон сюрприз байгаагийн нэг нь энэ байв. Учир нь, улсаараа бүсээ чангалж байгаа энэ үед Улаанбаатар төмөр замыг онцгой албан татвараас чөлөөлнө гэдэг нь оруулж ирсэн төслийнхөө үндсэн санаанаас зөрсөн явдал байлаа. УБТЗ нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлснөөр улсын төсвийн орлого дахиад 36 тэрбум төгрөгөөр тасарна. Хэдийгээр 1949 оны төмөр замын гэрээгээр Улаанбаатар төмөр зам өөрийн чухал хэрэгцээний бараа материалыг татвараар хөнгөлж, чөлөөлүүлэхээр заасан байдаг ч түлшний энэхүү татварыг манай улс 1997 оноос авч эхэлжээ. Жилдээ 2-3 тэрбум төгрөг энэ тагвараар упсын төсөвт орж ирдэг байсан ч сүүлийн жилд татварыг огцом нэмэгдүүлснээр эго орлого бас нэмэгдсэн. Жилдээ 30-аад тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх болсон энэ татвараас гэтэл Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг чөлөөлөх асуудлыг төсвийн төсөлд яагаад тусгав? Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 18.2 хувьд хүрсэн алдагдалтай тодотголын төсөлд 36 тэрбумын орлогоосоо татгалзах шалтгаан нь юу байв? Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн асуултууд энэ хүрээнд өрнөж байлаа.

 

Сангийн сайдын хэлснээр энэ бүхний шалтгаан нь мөнөөх гадаад нэр хүндээ аврах асуудал ажээ. Учир нь өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хойд хөршийн албаны хүмүүстэй уулзахдаа УБТЗ нийгэмлэгийн хэрэглээний түлшийг онцгой албан татвараас чөлөөлнө гээд хэлчихсэн бололтой юм. Энэ нь зүгээр л нэг "буу халах” төдий биш, протоколд тэмдэглэгдсэн албан ёсны уулзалтууд байсан учир аргагүйн эрхэнд ийн оруулж ирсэн гэж Сангийн сайд Байнгын хорооны асуулт асуусан гишүүдэд учирласан. "Сангийн сайдын хувьд дэмжмээргүй л санал. Гэхдээ нэгэнт протоколтой уулзалтаар амалчихсан учир ийм төсөл оруулж ирэхээс өөр арга байсангүй” хэмээн тэрбээр тайлбарласан. Нэг ёсондоо Ч.Сайханбилэг сайдын нэг амлалт 36 тэрбумын үнэ хүрч байна. Ажлын хэсгийн гишүүн, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар ч татварт өгдөг байсан энэ мөнгөө 2023 онд төлөх ёстой Японы зээлд зориулна гэж Сангийн сайдын тайлбарыг тодотголоо. Бас энэ татварыг чөлөөлөхгүй бол транзит тээврийг манай нутгаар дамжуулахгүй гэсэн шахалт Оросын талаас ирдэг тухай ч тэрбээр мэдээллээ.

 

Гэхдээ Байнгын хорооны гишүүдийн олонхи УБТЗ нийгэмлэгийн хэрэглээний түлшийг онцгой албан татвараас чөлөөлж, 36 тэрбум төгрөгийг орлого алдахыг хүссэнгүй. Харин төслийн танилцуулгад бичээгүй ч Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад дурдагдсан Япон улсын зээл, транзит тээврийн тухай УИХ-ын гишүүдэд танилцуулах чиглэлийг Сангийн яам болон Ажлын хэсгийнхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өглөө. Байнгын хорооны хуралдааны дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатараас цөөн зүйл тодрууллаа.

 

-Япон улсаас авсан зээлийн тухай та тодруулна уу. Хэдэн иенийн зээл, ямар хугацаатай авсан юм бэ?

-Улаанбаатар төмөр зам нийгэмлэг бие даан зээл авч болдоггүй. Тийм учраас Монгол Улсын Засгийн газраас дамжуулан 1993-1999 оны хооронд зээл авсан. Төмөр замд өгсөн төсвийн зээл гэсэн үг. Энэ зээлийг 2023-2025 онд төлж дуусгах ёстой. 20 миллиард иен буюу 100-гаад сая долларын зээл авсан.

 

-Энэ зээлээр юу хийсэн юм бэ. Баахан ажилдаггүй зүтгүүр авсан юм биш үү гэж УИХ-ын гишүүд болгоомжлоод байсан ч Байнгын хорооны хуралдаан дээр хариултгүй үлдлээ.
- УБТЗ-д учраад байсан техникийн, эдийн засгийн бэрхшээлийг даван туулахад энэ зээл маш чухал байсан. Зээлээр америкийн зүтгүүрүүд авсан. Шилэн кабель тавьсан. Суудлын вагонууд авсан. Зам харгуйгаа зассан. Ийм зээлийн тухай яригдаж байгаа шүү. 2013-2014 онд төмөр замын удирдлагад байсан хүмүүс хуучин нойтон зүтгүүр авсан гэсэн яриа байдаг. Үүнтэй хольж хутгах хэрэггүй.

 

-Уг нь ч зээлийг төлж эхлэх хугацаа болоогүй байгаа юм байна шүү дээ?
-Олон улсын өмнө хүлээсэн нэр хүнд байна, үүрэг байна. Зээл төлөх эцсийн хугацааг хүлээж болохгүй. Нэг дор төлнө гэж ч байхгүй. Тийм учраас жилд ядаж 20 тэрбумыг төлөөд явах ёстой. Нэг иен таван төгрөгтэй тэнцэж байхад авсан зээл одоо 115-120 тэрбум төгрөг болж байгаа. Иенийн ханш 15 төгрөгтэй тэнцэж байна. Ийм том байгууллага удирдаж байгаа хүн 2023 он надад хамаагүй гэж бодож хэзээ ч болохгүй. Одооноос зээлээ төлж эхэлснээр 2023 онд олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэж бодож байна.

 

Энэ онцгой албан татварыг олон улсын гэрээ хэлцлээр УБТЗ-аас авах ёсгүй гэдгээ оросын тал тодорхой хэлсэн. 49 оноос авдаггүй байсан. 1997 оноос улс оронд хэрэгтэй гээд төлж эхэлсэн.

 

-Оросын тал энэ татварыг гэрээний дагуу чөлеөлөхгүй бол транзит тээврийг зогсооно гаж мэдэгдсэн гэсэн. Тэр нь жилд хичнээн төгрөгийн өртөгтэй транзит тээврийн тухай яригдаж байгаа вэ?

-Түлшинд оногдуулж байгаа онцгой албан татвараа 49 оны гэрээний дагуу чөлөөлчих, тэгвэл бид УБТЗ-д хөрөнгө оруулж өчнөөн транзит оруулна гэж оросын тал хэлж байгаа. Үгүй бол транзитыг зогсооно гэдэг. Онцгой албан татвараар 30 тэрбум авдаг бол тэр транзит 90 тэрбумын ашиг авчирна. 


С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler