|
Видео

Шинэ мэдээ

М.Бямбаа:Ямар ч оронд очсон монгол бүжиг хүмүүсийн харааг булааж чаддаг

М.Бямбаа:Ямар ч оронд очсон монгол бүжиг хүмүүсийн харааг булааж чаддаг

 

ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаатай ярилцлаа. Тэрээр бүжиглэхээс гадна "Зэрлэг цэцэгсийн хүлэмж” болон саяхан нээлтээ хийсэн "Миний эхнэр тагнуулч” гэх кинонуудад тоглосон билээ.

-Саяхан Хөх хот руу 13 орны хамтарсан фестивальд оролцсон гэсэн. Монголоос хичнээн уран бүтээлч оролцсон бэ?

-Бүжгийн чиглэлээр 13 орны хамтарсан фестиваль боллоо. Энэхүү фестивальд ҮДБЭЧ-ийн 28 бүжигчин Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч, Сэвжидийн дэглэлт "Жалам хар”, Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүүгийн дэглэлт, М.Бирваагийн хөгжим "Салхит шувуун”, "Шилийн богд”, Д.Баярбаатарын "Жороон жороо” гэсэн бүжгүүдээрээ оролцлоо.

-Хамгийн сүүлд "Миний эхнэр тагнуулч” кинонд тоглосон. Бүжиглэх, жүжиглэхийн аль нь илүү хэцүү байдаг вэ?

-Энэ оны эхээр "Шуугиан таригч” гэх инээдмийн кинонд тоглолоо. Түүнчлэн "Боловсрол” суваг телевизийн "Гэрлэн дохио” 40 ангитай цуврал кинонд туслах дүр бүтээсэн. Энэ есдүгээр сард нээлтээ хийнэ. Энэ цуврал кино нь маш мундаг жүжигчдийг хамруулсан, гоё кино болсон гэж бодож байна. "Миний эхнэр тагнуулч” кино маань өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Ажлынхаа хажуугаар зураг авалтандаа орсон учраас кино зураг авалтын багийнхан маань намайг ойлгож, дэмжсэнд баярлаж байна. Бүтээсэн дүрийн хувьд нэлээд хүн мөрдөх дуртай, шургуу найзын дүрд тоглосон. Миний дүр үзэгчдэд амьдралд хэрэггүй найз гэж байдаг, ялангуяа тэдний буруу зөвлөгөө юунд хүргэж болох талаар харуулахыг хичээсэн. Хүмүүст сайн хүрч байгаад баяртай байна. Бүжигчин хүн үггүйгээр тайзан дээр хэлэх гэсэн санаагаа ойлгуулдаг. Харин кино урлаг бол тэс ондоо учраас надаас нэлээд ур чадвар шаардаж байдаг. Гэхдээ мундаг жүжигчдээсээ бага багаар суралцсаар л байна.

-"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр таныг хүмүүс сайн мэддэг. Анхны дүрийнхээ талаар яриач?

-"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр хамгийн ажиллагаатай нь байсан. Үс, нүүр будалт хийхээс эхлээд бүх зүйл нь байнга гоё байх шаардлагатай. Яргуйн дүр надаас их өөр учраас их ажилласан. Дуу хоолойныхоо өнгийг хүртэл өөрчилж нарийн болгож ярьдаг байлаа. Зураггүй байсан ч өглөө таван цаг гэхэд үсээ янзлаад, нүүрээ будчихсан "Байлдааны бэлэн байдалд” гэдэг шиг л байдаг байв. Дүрээ бүтээхэд "Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид тэр дундаа Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч маань их л зүйлийг зааж сургасан даа. Урнаа эгч намайг "Миний дүү жүжигчин бол. Хөгширсөн ч эмээ, өвөөгийн дүр олдоно” гээд инээж байсан. Хэтийн зорилгод жүжигчний мэргэжлээр сурах бодол бий. Бүжиг бол залуу хүний мэргэжил. Бид 20 жил бүжиглээд л тэтгэвэртээ гардаг учраас дараа нь юу хийх тухайгаа бодох хэрэгтэй байдаг шүү.

-Жуулчдад зориулсан урлагийн тоглолтууд хийгдэж байгаа гэсэн. Үзэгчид хэр их байна вэ?

-ҮДБЭЧ-аас жил бүрийн зургадугаар сараас арван сар хүртэл жуулчдад зориулсан тоглолт хийдэг. Одоо бол жуулчид их байгаа нь мэдэгдэж байна. Үзэгчдийн суудал дүүрэн хүнтэй л тоглолтууд үргэлжилж байна. Үндэсний урлагийг харуулдаг болохоор жуулчид маш их сонирхож үздэг шүү. Мөн энэ жил XX зууны манлай бүжиг дэглэгч, Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ойн хүрээнд бүжгийн тоглолт хийлээ. Тун удахгүй нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан болох гэж байна. Энэхүү уралдааныг ҮДБЭЧ-ын хамт олон зохион байгуулахаас гадна бүжигчид, дэглээч нар маань оролцох болно. Түүнчлэн XX зууны манлай бүжиг дэглэгч, Сэвжидийн 100 насны ойд зориулсан хөшөө барих гэж байна.

-Яагаад Монгол бүжгийг сонгох болов. Монгол бүжгийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Монгол бүжиг маш гоё хэмнэлтэй, хийморлог дээрээс нь үндэсний соёлыг шингээсэн учраас татагдахгүй байхын аргагүй. Саяхан манай чуулгынхан Италид "Монгол бүжгийн гайхамшиг” гээд тоглолт хийсэн мөн Ерөнхийлөгчийн айлчлал, Монголын соёлын өдрүүд гэх томоохон үйл ажиллагаануудад үндэсний соёлыг гадныханд тайлагнаж байдаг ийм агуу урлаг. Гадныхан ч гэсэн маш их гайхаж, биширч "Үнэхээр Чингисийн Монгол юм аа, яг морин дээрээ давхиж яваа юм шиг харагдах юм” гэцгээдэг. Хаана ч очсон монгол бүжиг маань бусад орны бүжгээс хүмүүсийн харааг булааж чаддаг. Манай чуулгынхан "Нарны домог”, "Монголын их хатдын тууль” хэмээх бүжгэн жүжиг дэглэж тайзнаа амилуулсан. Монголын түүхэн дэх Өүлэн, Алунгоо гэх есөн хатдын талаар бүжгэн жүжгээ тольлууллаа. Бүжигчдийн хувьд бүжиглэхээс гадна жүжиглэх авьяасыг шаардсан ийм уран бүтээл тавигдсан. Бүжгэн жүжгээр дамжуулаад хүмүүс тэр дундаа хүүхдүүд хоёр цагийн дотор хатдынхаа түүхийг мэдээд авчих боломжтой болж байгаа юм. Манай чуулга урын сандаа 300 шахам бүжиг, бүжгэн жүжгийн 10 гаруй уран бүтээлтэй. Энэ бүхнээс өөрийн хэмжээнд сурч, мэдэх гээд хийх зүйл их байна. Хэдий бид хоёр өдрийн тоглолт хийхийн тулд бүтэн хоёр сар бэлдэж маш их ядардаг ч гэсэн тайзан дээр гараад л тэр бүхнийг мартдаг. Мөн үзэгчдийн халуун алга ташилтан дор өөрийн орноо сурталчлаад явж байх үедээ омогшиж, нулимс дуслуулж зогсох үе ч байдаг юм. Энэ бүхэнд л өөрийнхөө мэргэжлээр бахархаж явдаг юм даа.

-Та хэзээнээс ҮДБЭЧ-ын бүжигчнээр ажиллаж эхэлсэн бэ?

-Миний ээжийн өвөө нь цам бүжиглэдэг хүн байсан юм билээ. Би бүр багадаа цамын бүжиг үзэх их дуртай, дахиж үзнэ гэж уйлдаг хүүхэд байсан гэж ээж, аав маань ярьдаг байлаа. Тийм болоод ч тэрүү багаасаа л бүжигчин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж Хөгжим бүжгийн коллежийн бүжигчний ангид элсэн орж байлаа. Хөгжим бүжгийн коллежид орсон үеэс Н.Оюун багш маань суурь хүмүүжлээс гадна бүжигчин хүн ямар байх ёстой, гоо зүй гэж юу болохыг заасан. Сургуулиа төгсөөд шууд ҮДБЭЧ-д ороогүй. Ангийнхаа хоёр охинтой хамтарч "Pinky” гээд хамтлагтай байв. Гэсэн ч дуулах гэдэг тийм амархан зүйл биш юм билээ. Тиймээс бүжигчний чиглэлээрээ чуулгад орсон. Тайзны нүүр будалтаас эхлээд л бүх зүйлийг л сурч эхэлсэн. Энэ сайхан том айлд ороод 13 жил болсон байна.

-Таны эгч Хөгжим бүжгийн сургуулийн хийлийн анги төгссөн гэсэн. Аав ээж тань урлагт хэр ойр хүмүүс вэ?

-Аав, ээж минь урлагт хайртай ч энэ чиглэлийн мэргэжилтэй хүмүүс биш. Аав маань урлагийн хүн цаг, наргүй их хэцүү мэргэжил учраас бид нарыг урлагийн хүн болоход тийм ч тааламжтай хандаж байгаагүй. Биднийг бага байхад аав, ээж хоёр улсын байгууллагад ажилладаг байсан юм. Харин 1990 оноос хойш хувиараа худалдаа хийдэг болж аав минь заазуур хийж зах дээр зардаг байв. Харин ээж савхины өөдсөөр хүрэм, энгэсэгний сав хийгээд Их дэлгүүрт худалддаг байлаа. Биднийг өлсгөхгүй, юмаар дутаахгүй гэсэн дээ Хятадаас бараа зөөж, ганзагын наймаа эрхэлсэн. Аав, ээж минь гайхалтай хөдөлмөрч хүмүүс. Ямар нэг зүйлийг эхлүүлсэн бол түүнийгээ дуустал нь тууштай хийж байхыг таван охиндоо сургасан. Тиймээс мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг болж өссөн дөө. Саяхан ээж минь бурхан болсон юм. Хэдий бурхан болоод удаагүй байсан ч би тайзан дээрээ инээгээд л бүжиглэж байлаа. Уйтгар гунигийг минь урлаг хуваалцах юм шиг л тайз руугаа яарсан.

-Та охиноо урлагийн хүн болгоно гэж боддог уу?

-Миний охин урлагт үнэхээр дуртай. Дуулна, бүжиглэнэ гээд л урлагийн мэдрэмж өндөртэй. Жаахан байхаасаа эхлээд л ээжийнхээ ажил дээр, урлагийн хүмүүсийн дунд өсчихсөн болохоор дуртай байхгүй гээд ч яах билээ. Би хааяа охиндоо бүжиг дэглэж өгдөг юм. Гэхдээ урлагийн хүн болгох бодолгүй л байна. Том болохоор өөрийнх нь саналыг сонсож байгаад л шийднэ дээ.

-Тайзан дээр алдаа гаргах тохиолдол байдаг болов уу?

-Бүсний дэгээ мултрах, малгай унах, халтирч унахаас эхлээд алдаа гаргаж байсан тохиолдол гардаг. Тийм алдаа хийсэн үедээ нэг хэсэгтээ л сэтгэл санаа хямрана. Тэр бүхнээсээ суралцаж дараа нь алдахгүйн тулд л их хичээдэг дээ.

О.АРИУНЦЭЦЭГ

 dnn.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler