| |
“Монгол туургатан” олон улсын бүжгийн наадмаас 6 цом хүртжээ
Энэ сарын 23-28-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан "Монгол туургатан" олон улсын бүжгийн наадамд ҮДБЭЧ-ын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож 9 номинацид өрсөлдөн, 6 алтан цомын эзэд болжээ.
Тодруулбал, "Шилдгийн шилдэг Гранпри”-г Ж.Мэнд-Амарын хөгжим, С.Сүхбаатарын дэглэлт "Монгол угсаатны уламжлал" бүжгээрээ хүртсэн бол Орчин цагийн монгол бүжиг алтан медалийг М.Бирваагийн хөгжим, А.Даваахүүгийн дэглэлт "Салхит шувуун" бүжгээрээ хүртсэн байна.
Түүнчлэн "Орчин цагийн монгол бүжгийн ая” номинацийн шилдгийг ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч МУСТА М.Бирваа "Салхит шувуун", "Уламжлалт монгол бүжиг” номинацийн алтан медалийг Б.Баярбаатарын дэглэлт "Жороон жороо" бүжгээр, "Уламжлалт монгол бүжгийн хөгжим” номинацийн алтан медалийг ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч МУСТА М.Бирваа "Жороон жороо" хөгжмөөр, "Шилдэг бүжгийн хувцасны загвар” номинацийг "Жороон жороо” бүжгийн хувцасны зураачаар ажилласан н.Ганбат хүртсэн ажээ.