| |
Видео
Шинэ мэдээ
"Оюутолгой"-н хөрөнгө оруулалт ДНБ-ийг дэмжинэ
Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа. Төв банк бодлогын хүүгээ огцом өсгөсөн нь ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс сэргийлэх алхам болсныг тэрбээр тодотгов.
-Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгжээр өсгөж, 15 хувьд хүргэлээ. Мөнгөний бодлогын шийдвэрийн бодит нөлөө эдийн засагт хэзээнээс мэдрэгдэх бол?
-Монголбанк бодлогын хүүг өсгөсөн тэр өдрөөс нөлөөлж эхэлсэн болов уу. Учир нь энэ тун гэнэтийн шийдвэр байлаа. Төгрөгийн ханш огцом суларсан энэ үед ийм шийдвэр гаргасан нь хүлээлтийг эрс өөрчилсөн. Ер нь бодлогын хүү ихэвчлэн хоёр жил хүртэлх хугацаанаас нөлөөлж эхэлдэг. Иймд Төв банкны шийдвэр цаашид ч нөлөөлнө. Бодлогын хүүг түүхэн дээд түвшинд хүргэсэн нь ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс сэргийлэх алхам.
-Инфляци нам дор түвшинд байна. Энэ нь мөнгөний бодлогыг тэлэх боломжийг олгож байна гэж зарим судлаач үздэг. Мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр удааширч буй ДНБ-ий өсөлтийг дэмжинэ гэж үзэх эдийн засагчид ч бий. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн өсөлт саарсан энэ үед мөнгөний бодлогыг хумьсан нь зөв, эсэх талаар хэлэлцүүлэг ид өрнөж байна. Хөгжингүй болон хөгжиж буй орны мөнгөний бодлогын ялгаа энд харагддаг. Хэрэв валютын хангалттай нөөцтэй бол эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогоо тэлж, инфляцийг өсгөж болно. Ийм бодлого хэрэгжүүлсэн орон бол АНУ. 2009 онд болсон хямралын дараа эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд бодлогын хүүгээ огцом бууруулсан. Мөн мөнгөний уламжлалт бус тэлэх бодлого баримталсан. Үүний үр дүнд тус улсын эдийн засаг сэргэж эхлээд байна. Харин одооноос АНУ бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна. Хүчирхэг эдийн засагтай улсууд эдийн засгаа өстөл нь мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэх боломжтой.
Хөгжингүй болон хөгжиж буй орны мөнгөний бодлого ялгаатай
Харин манай улс шиг валютын нөөц багатай улс эдийн засгаа сэргэтэл нь мөнгө нийлүүлэх боломжгүй. Учир нь валютын нөөц нь хязгаарлагдмал. Гадаад валютын цэвэр нөөц сөрөг дүнтэй болсон талаар Төв банкны ерөнхийлөгч саяхан мэдээлж байсан. Ийм нөхцөлд эрэлтийг урамшуулж, импортыг дэмжээд байж чадахгүй. Учир нь эрэлт 100 төгрөгөөр нэмэгдэхэд, импорт 30-40 төгрөгөөр өсдөг гэсэн тооцоо бий. Иймд импортын өсөлтийг хазаарласан, төлбөрийн тэнцлийн хүндрэл, ханшийн уналтаас сэргийлсэн арга хэмжээг Төв банк өнгөрсөн долоо хоногт авлаа.
Мөнгөний хатуу бодлогыг зөвхөн Монгол Улс хэрэгжүүлж байгаа юм биш. 2014 онд ОХУ, Казахстан зэрэг улс ийм бодлого баримталсан. 2016 онд Өмнөд Африк зэрэг орон мөн л бодлогын хүүгээ огцом өсгөлөө. Эдгээр улсын валютын орлого нь өсөхгүй байгаа учраас ам.долларын хэрэглээгээ хумьж, импортоо танах зорилгоор мөнгөний бодлогоо чангалж байна. Мөн хөгжиж буй орнууд, тэр дундаа түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засагтай орнуудын өр, зээлийн хэмжээ өнгөрсөн жилүүдэд өссөн. 2010, 2011 онд түүхий эдийн ханш өсөх хандлагатай байхад хямд үүсвэрээр их хэмжээний санхүүжилттатсан. Энэ үеийг ч манай улс ашиглаж, хямд хүүтэй бонд, зээлийн санхүүжилт босгосон. Гэтэл одоо хөгжиж буй орнуудын зээлээ төлөх хугацаа ойртож байна. Үүнтэй зэрэгцээд мөнгөн тэмдэгтийн ханш нь огцом сулраад байна. Иймд бодлогын хүүг өсгөж, ханшийн уналтыг зогсоосноор удахгүй төлөх зээлийн төлбөрийг бууруулж чадна. Тухайлбал, улсын төсвөөр жишээ татахад щцарын орлогыг төгророөр тооцдог. Гэхдээ өр, төлбөрөө гадаад валютаар төлнө. Мөнгөн тэмдэгтийн ханш огцом суларвал өрийн дарамт улам нэмэгдэнэ. Иймд энэ удаагийн шийдвэр зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан.
-ОХУ рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд 2014 онд яг ийм арга хэмжээ авч байсан. Гэхдээ голлох валютуудтай харьцах рублийн ханш одоо ч сул хэвээр байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Мэдээж бодлогын хүүг өсгөснөөр эдийн засаг дахь бүх хүндрэлийг шийднэ гэсэн үг биш. Энэ бол богино хугацаанд хүлээлтийг өөрчилсөн, ханшийн сулралыг намжаасан арга хэмжээ. Гэхдээ валютын ханшийн уналт нь зөвхөн бодлогын хүүгээс хамаардаггүй. Төлбөрийн тэнцэл чухал нөлөөтэй. Иймд бодлогын хүүгээр бүгдийг шийднэ гэж ойлгож болохгүй. Нөгөө талаас, төсвийн тэлэх бодлого үргэлжилсээр байвал ханшийн уналт улам даамжирна. Хэдийгээр бодлогын хүүг 15 хувь болгон нэмэгдүүлсэн ч ипотекийн зээл найман хувийн хүүтэй гарсаар байгаа. Тэгэхээр эдийн засагт эрэлтийг дэмжсэн суваг байсаар байна гэсэн үг.
-Макро эдийн засгийн дунд болоод урт хугацаанд тэнцвэрийг хангахын тулд мөнгөний бодлогыг хумьснаа Төв банкнаас тайлбарлаж байсан. Гэхдээ мөнгөний бодлого нь макро эдийн засгийн зөвхөн нэг хэсэг нь. Цаашид энэ тэнцвэрийг хангахын тулд төсвийн бодлогод ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?
-Төсвийн орлого, зарлага аль аль нь буурчихсан байгаа. Гэхдээ алдагдал нь нэмэгдэж байгаа. Зээл төлөх хугацаа ойртож байгаа нь төсвийн хамгийн том сорилт. Өр, зээлээ төлөх санхүүжилтийг өнөө хэр олоогүй л байна. Сангийн сайдын мэдээллээс харахад төсвийн алдагдал нэмэгдэх төлөвтэй. Мөн эдийн засгийн өсөлт улам саарах нь. Нөгөө талаас, "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд 400 сая, ирэх онд 1.2 тэрбум ам.доллар орж ирэх төлөвтэй байгаа. Гэхдээ өнөө хэр тодорхойгүй байна. "Оюутолгой”-н 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд ирэх онд төлбөрийн тэнцэлд ихээхэн дэмжлэг болно.
-Мөнгөний хатуу бодлого макро эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол?
-ДНБ-ий өсөлт энэ оны нэгдүгээр улиралд 3.1, хоёр-дугаар улиралд 1.4 хувьд хүрлээ. Өрхийн орлого бараг 19 хувиар буураад байна. ГэХдээ энэ байдал удаан үргэлжлэх, эсэх нь "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтаас хамаарна. Энэ онд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр барилга, худалдаа, үйлчилгээний салбар бага зэрэг сэргэх боломжтой. Улмаар ирэх онд манай улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирвэл үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлнө. "Оюутолгой”-н хөрөнгө оруулалт төлөвлөгөө ёсоор энэ оноос эхэлсэн тохиолдолд ДНБ-ий өсөлт энэ онд өөдрөг байх боломжтой. [ЗГМ]
Г.Байгал