|
Видео

Шинэ мэдээ

Мөнгөний зөөлөн бодлого хумигдсан эдийн засгийг тэлнэ

Оргил үедээ 17 хувь давж байсан эдийн засгийн өсөлт 2.5 болтлоо уруудсан энэ үед гялтайх цөөхөн мэдээний нэг нь инфляци огцом буурсан явдал байв. Махны үнэ буурсан, эдийн засаг хумигдах хэрээр хэрэглээ танагдсан гэх мэт шалтгаан инфляци буурахад нөлөөлсөн юм. 14-өөс 1.9 хувь болтлоо уруудсан инфляци оны эхээр үл ялиг өснө гэсэн таамаг бий. Цагаан сар ойртсон өдий цагт өсдөг жамаараа бага зэрэг дээшлээд эргээд уруудах болов уу гэсэн төлөвийг шинжээчид хэлж байгаа. Инфляцид жин дарахуйц нөлөөтэй махны үнэ яг өдийд тэнгэрт хаддаг учраас жил бүрийн сар шинийн өмнө инфляцийн хувь дээшилдэг нь байдаг л үзэгдэл. "Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд эхлэхээр инфляци эргээд өсөх байх гэх мэт болгоомжлох бас бус шалтгаан байгаа ч төв банкны байр суурийг анзаарахад инфляци огцом цойлохгүй гэсэн итгэл төрөхөөр үндэслэлүүд дуулддаг.

Өөр нэг сайн мэдээ нь ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувь руу буулгах нааштай сураг. УИХ-аар одоо яригдаж буй хуулийн төслүүд батлагдчихвал зогсчихоод байгаа найман хувийн зээл тав руу уруудаж хэрэгжиж эхэлнэ, дагаад барилгын компаниуд өндийгөөд ирнэ гэсэн эерэг хүлээлт бий. Барилгын компаниудыг дагаад цемент, тоосго, арматур үйлдвэрлэгчид, цаашлуулж яривал үйлчилгээний салбарынхан дажгүй мөнгө олоод эхлэх өөдрөг зураг харагдаж байгаа. Товчхондоо орон сууцны таван хувийн хүүтэй зээл хэрэгжээд эхэлбэл эдийн засаг тэлэхэд мэдрэгдэхээр нөлөөлнө гэсэн үг. Инфляци 14 хувь байхад найман хувийн орон сууцны зээл хэрэгжүүлж болсон юм чинь 1.9 хувь болтлоо уруудсан үед ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож буулгах нь асуудал биш гэдэг бол үгүйсгэх аргагүй тайлбар. Инфляци энэ янзаараа нам дор хэвээр хадгалагдвал ипотекийн зээлийн хүү өснө гэж болгоомжлоод байх зүйлгүй л дээ.

Гэхдээ урт хугацаандаа инфляци өсөхгүй гэсэн баталгаа өгөхөд хэцүү. Зуд болбол ирэх хавар махны үнэ хаданд гарах нь ойлгомжтой. Махны үнэ өсөөд ирэхэд л инфляци цойлох эрсдэл байгаа. "Шивээ энержи” зэрэг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын том төслүүд хэрэгжээд явчихвал инфляцид нөлөөлнө гэсэн болгоомжлол сонсогддог. Гэхдээ барилгын материалуудынхаа дийлэнхийг дотооддоо үйлдвэрлээд эхэлсэн учраас инфляци өмнөх шиг огцом цойлохгүй байх бүрэн боломжтой гэсэн тайлбар бас бий. Найман хувийн зээлийг таван хувь болгож бууруулбал хүүнд төлөх байсан 12 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах боломж иргэдэд нээгдэнэ гэсэн тооцоо байгаа. Байрныхаа зээлд төлөх байсан энэ хэмжээний мөнгөөр иргэд хэрэгтэй зүйлээ худалдаж авна. Эрс багасчихаад байгаа худалдан авалт ихсэхээр хаалгаа барихдаа тулаад буй олон компанийн орлого нэмэгдэж таарна. Энэ мэт эерэг нөлөөлөл өчнөөн л дөө.

Бас нэг эерэг мэдээ бол бодлогын хүү буурсан явдал. Төв банк удаан хугацаанд 13 дээр барьсан бодлогын хүүг нэг хувиар бууруулж 12 хувь болгоод удаагүй байна. Төсвийн алдагдал буураагүй гэх мэт шалтгаанаар бодлогын хүүг хэвээр нь үлдээх болов уу гэсэн хүлээлт байсан ч Мөнгөний бодлогын зөвлөлийнхөн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Дор хаяж зургаан сараас нэг жилийн дотор эерэг нөлөөлөл нь мэдрэгдээд эхэлчих болов уу гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлээд эхэлчихсэн.

Бодлогын хүү буурснаар эдийн засагт ямар эерэг бодитой нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад хариу хайя. Шинжээчдийн хувьд энэ шийдвэрийг эдийн засгийн мөчлөгийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого хэмээн харж буй. Төв банк бодит эдийн засгийг дэмжих үүднээс мөнгөний бодлогоо зөөллөлөө гэсэн тайлбарууд сонсогдож байгаа. Ямартай ч нэг хувиар буурсан бодлогын хүү эрс хумигдчихаад байгаа эдийн засгийг тэлэхэд голлох нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, үйлдвэрлэл хөгжинө, ажилгүйдэл буурна, үнэт цаас, бонд, банкны зээлийн хүү буурахад ч нөлөөлнө гэсэн таамаглал бий. Иргэдийн хувьд зээлийн хүү буурна гэдэг сайн мэдээ. Бизнес эрхлэгчдэд хямд хүүтэй зээл авах боломж нээгдэнэ гэдэг бас л таатай мэдээ. Засгийн газрын хувьд ч мөнгөний зөөлөн бодлого эерэгээр тусна. Төсөв алдагдалтай ийм хүнд үед бондын өндөр хүү гэсэн амар биш даваа засгийн өмнө байгаа. Бондын хүү буурвал засгийн төлөх мөнгө багасна. Хүүгийн дарамтаас тодорхой хэмжээгээр гарна гэсэн үг. Болгоомжлох нэг асуудал бий. Бондын хүү өндөр байх нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөдөг. Энэ талаас нь харвал хөрөнгө оруулагчдын сонирхол буурах эрсдэлтэй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны зах зээлд оролцох, банкны хадгаламжийг сонирхох зэрэг өөр сонголтууд бийг эдийн засагчид онцолж буй. Хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлсэн, арилжааны банкууд амаргүй нөхцөлд ажиллаж байгаа энэ үед харин ч эерэг нөлөөлөл болж мэдэх юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд дунд хугацаанд мэдрэгдэхээр сайжирна гэсэн таамаг голлож байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хавраас эрчимжихээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад өгсөх нь тодорхой.

Гадаад ертөнцийн хувьд эдийн засаг сайн биш байгаа. Таамаг, прогноз гаргадаг олон улсын байгууллагууд байсхийгээд л таамагласан тоогоо бууруулж байгаа нь үүний тод нотолгоо. Дэлхийн банк гэхэд л саяхан гаргасан "Дэлхийн эдийн засгийн төсөөлөл” тайландаа энэ оны дэлхийн эдийн засгийн төсөөллөө 2.9 хувь болтол бууруулсан юм. Тэд өнгөрсөн оны зургадугаар сард дэлхийн 2016 оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувь гэж төсөөлж байсан юм. Тус банкны өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг "Хүмүүсийн урмыг хугалахад хүргэсэн” гэж зүгээр ч нэг онцлоогүй. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч бөгөөд тэргүүн эдийн засагч Каушик Басу "2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт төсөөллөөс дахин буурсан, 2016 он ч эрсдэлийн он болно” гэсэн гутранги үг унагаад байна. Ирэх онд хөрөнгө оруулалтын урсгал сайн биш хэвээр үргэлжилнэ гэсэн төсөөллийг Дэлхийн банк гаргажээ. Гэхдээ манай улсын хувьд Оюу толгойн 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүтсэн гэх сайн мэдээ бий. Дэлхийн уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй хоёр төслийн нэг нь гэхээр Монголын эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь гарцаагүй л дээ. Манайд таатайгаар нөлөөлж болох нэг таамгийг Дэлхийн банкнаас гаргажээ. Бразил, Оросын эдийн засаг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй бол Хятад, Энэтхэгийн эдийн засаг тогтвортой өргөжин хөгжих магадлалтай байгаа гэж Дэлхийн банк харжээ. Байгалийн баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг сайн байх нь бидэнд ашигтай. Эдийн засагчид мөнгөний зөөлөн бодлогоос улбаатай эдийн засгийн тэлэлт, Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын эрчимжил зэрэг шалтгаанаар энэ оны эдийн засаг дажгүй байна гэсэн таамгийг хэлж байна.

Ц.Баасансүрэн

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler