| |
Мэргэжлийн Засгийн газар чинь энэ үү
Бид ирэх дөрвөн жилд мэргэжлийн Засгийн газартай байна хэмээж буй. Эхнээсээ төрийн бүтэц бүрэлдэхүүн бүрдэж л байна. Зарим нь ажлаа хүлээж аваад ажилтайгаа "танилцаж” ч дуусаагүй байгаа бололтой. Тэнд ч очиж танилцлаа, уулзлаа, газар дээр нь очлоо гэсэн мэдээллүүд цахим ертөнцөд хаа сайгүй л байна.
Ард түмэн тэнэг биш. Мэргэжлийн Засгийн газар гэдэг чинь ядаж тухайн салбар, яам, агентлагтаа мэргэшсэн хүнийг нь томилж ажиллуулахыг хэлэх байлгүй. Ингэж байж гэмээнэ мэргэжлийн Засгийн газар гэгдэх байх. Гэвч одоогийн томилгоогоор бол энэ арай биш ээ. Тэс хөндлөн нөхдүүд яам, агентлагийн даргаар томилогдож байх жишээтэй.
Тухайлбал,Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зоригийг томилсон билээ. Тэгвэл эдгээр хүмүүс өмнө нь ямар ямар алба хашиж байсныг хүргэе.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдсон Ж.Сауле нь МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга байсан юм.Тэрбээр уг албан тушаалыг өмнө нь хашиж байсан юм.
Гадаад харилцааны дэд сайдад томилогдсон Б.Батцэцэг нь "Мөнхийн үсэг” компанийн захирал. Барилга хот байгуулалтын дэд сайдад томилогдсон нь Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн, Гаалийн ерөнхий газрын даргад "Star” телевизийн захирал Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь МАН-ын Хяналтын хорооны дарга Н.Цагаанхүү, МАН-ын дарга М.Энхболдын зөвлөх Л.Зориг Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болчихов. Үүнийг чинь мэргэжлийн Засгийн газар гэх үү Ерөнхий сайд аа...
Иймэрхүү байдлаар цааш үргэлжилбэл Долоон буудлын Должин эмээ ч аль нэг яам, агентлагийг удахгүй удирдах биз ээ.
Д.Бат