| |
Нээлттэй данс ба Ж.Эрдэнэбатын “бодлого” эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
Төр засгийн зүгээс эдийн засгаа дэмжсэн алхам шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа. Ямартай ч Ерөнхий сайдын хэлж байгаагаар төр төсвийн байгууллагынхан худалдан авалтаасаа эхлээд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэж байна. Тэр хэлэхдээ " Монголчууд дотоод үйлдвэрлэлээ дэмжсэн худалдаа хийх шаардлагатай гэсэн Засгийн газрын шийдвэр гаргана. Аливаа Төр, төсвийн байгуулага худалдан авалт хийх бол зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Хэдий тийм боловч Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага тулгарна. Энэ тохиолдолд Монгол Улсын үйлдвэрлэж чадахгүй байгаа тэрхүү бүтээгдэхүүнийг гаднаас импортолно. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бусад улс орноос импортоор авах биш зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авна гэсэн шийдвэр гаргана” хэмээн хэлж байсан. За мөн данс нь хаагдсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүргийг Сангийн сайдад өгсөн гэдгээ хэлээд буй.
Ерөнхий сайд хэлэхдээ " Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа аж нэгж байгууллагуудад хүндрэл тулгараад байгаа бөгөөд энэ асуудлыг засаж, залруулах үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд өгсөн. Ямар нэгэн татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон мөн дансыг нь хаасан аж ахуй нэгжүүдийн дансыг нээ хэмээн үүрэг болгосон. Тэдгээр байгууллагын үйл ажиллагааг нь явуулж байж, аж ахуй нэгжүүдээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагаа явуулахыг нь зогсоочихоод ямар төлбөр авах юм бэ” гэж байгаа юм.
Тэгэхээр Ерөнхий сайдын тухайд зөөлөн маягийн бодлого барьж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарын хамт хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байгаа. Уулзалтынхаа төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цугуулж уулзан, санал бодлыг нь сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа. Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал, НӨАТ-ын хууль дээр жижиг үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад өгсөн. Ингэснээр Татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. "Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө. Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэж байв.
Тэгэхээр ганц л зарчим баримталдаг Ерөнхий сайдын зөөлөн бодлого эдийн засагт ямар үр дүн дагуулах вэ гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна.
Эх сурвалж: Шуурхай.мн