| |
Аз, азгүйтлийн зааг дээрх эрхэм
МАХН-ын дарга Н.Энхбаяр үнэхээр улстөрч. Тэр Москвад улс төр, нийгмийн бус М.Горькийн нэрэмжит сургуулийг утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн ч УИХ дахь МАН (тухайн үеийн МАХН)-ын бүлгийн ахлагч, намын дарга, Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болтлоо улс төрийн намтраа арвижуулж, түүнийхээ цор ганц эзэмшигч хэвээр буйгаараа азтай.
"Наадмаар од нь гийнэ” гэдэг шиг улс төрийн дэвжээн дээр зөвхөн өгсөх заяатай төрсөн юм шиг явж ирсэн Н.Энхбаяр 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг, 2000-2004 онд Ерөнхий сайд хамгийн том хүн, 2004-2005 онд УИХ-ын даргаас бүх зүйл хамаардаг, 2005-2009 онд Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр ямар ч ажил урагшлахааргүй болчихсон системийг Монголын улс төрд 12 жил зүтгэхдээ зөвхөн өөртөө зориулж бүтээсэн сүйхээтэй нэгэн.
МАХН-ын дарга Н.Энхбаяр үнэхээр азгүй улстөрч. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчтэй нь хавсайдан өөрийг нь унагаасан хэмээх гомдлыг одоо ч ярьдаг тэрбээр төрөлх намаасаа үсэрсэн "X” үсгийг шүүрэн авч, МАХН-ын өрхийг татаж байсан нь таван жилийн өмнөх үйл явдал. Төрийн толгойд дахин МАНАН татуулахгүйгээр гуравдагч шинэ хүчинд боломж олгохыг сонгогчдод уриалж, басчхүү МАХН хэмээх брэнд нэрийг тугаа болгож байсан түүнийг 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас ердөө хоёр сарын өмнө Авлигатай тэмцэх газраас албадан саатуулсан билээ. Улс төрд эзлэх эрэмбэ, эрхэлж байсан албан тушаалаараа жин дарахуйц нөлөөтэй явсан Н.Энхбаяр ингэж улс төрд орох эрхээ анх удаа хасуулж, "авлигачин” нэртэй хоцров. Үүгээрээ тэр азгүй. Бас одгүй. Гэхдээ Н.Энхбаярын азгүйтэл тийм ч удаан үргэлжилсэнгүй. Төрийн дээд өндөр албан тушаал хашсан есөн жилийн рейтинг, МАХН хэмээх брэнд нэр нь 2012 оны сонгуулиар Н.Энхбаярт УИХ-д бүлэг байгуулах, Засгийн газарт сайд томилох эрхийг давхар өгсөн билээ.
УИХ-д олуулаа болсон АН-ынхан МАНАН татуулахыг хүсээгүй учраас "Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа эмхэлснээр Н.Энхбаярын атганд дахин орсон байдаг. Яг л 1997-2000 онд АН-ын Засгийн газар, парламент сөрөг хүчин МАН, Бүлгийн дарга Н.Энхбаяраас бүрэн хамааралтай байсан шиг. Ялгаатай нь, МАХН-ын даргад Төрийн ордны гаднаас бус дотроос нь, бүр тодруулбал АН-ын Засгийн газарт орж ажиллах чин хүсэл байсан ч ялтайд тооцох хугацаа гэсэн хуулийн томьёолол түүнд тээг болсоор өнөөдрийг хүрч байна. Яаж ч холдуулаад хуулийн дор хүн бүр ижил тэгш эрхтэй учир тэрээр Засгийн газраар нээнтэглэж, Өршөөлийн хуулийг батлуулсан ч тусыг олоогүй. Араас нь сонгогдох эрхээ олж авахаар Тусгаар тогтнолын талбайд нэр бүхий гишүүдийн хамт өлсгөлөн зарласан ч мөн бүтээгүй.
Ийнхүү эрх мэдэл өөрт нь төвлөрсөн шигээ эргээд алдуурсан МАХН-ын даргад ганц боломж үлдсэн нь ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх учиртай Эрүүгийн шинэ хуупь байлаа. Байлаа гэдэг нь Эрүүгийн, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас саяхан гаргав. Үүнийгээ дээрх хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлага бий хэмээн тайлбарлаж буй ч цаг хугацааг нь ийн хойшлуулах том шалтгаан эрх баригчдад байсан бололтой. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ирэх онд болох Ерөнхийлөгчийг сонгуулиар урьд өмнөх шигээ өрсөлдөөний гадна үлдээх сонирхол. МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа болохоор Засгийн газраас оруулж ирэх хуулийн төслийг энэ сарын сүүлчээр хураддах ээлжит бус чуулганаар хэлэлцэж, Эрүүгийн шинэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах нь алга урвуулах төдий амархан юм. Яагаад гэвэл үнэмлэхүй олонх болсон амжилтаа үргэлжлүүлэх МАН-ын дараагийн зогсоол нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах. Тийм байлаа гээд МАХН-ын даргыг сул тавиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нь санал хуваахаас эхлээд АН-д давуу тал үүсгэх эрсдэлтэй. Тиймээс Н.Энхбаярыг хаалганы цаана үлдээх нэг арга нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулаад ч болтугай сонгуулиар дахин өнжөөх болж таарлаа.
Ингэсэн тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжинө. Уг нь Эрүүгийн шинэ хуулиар ялтайд тооцох хугацаа гэсэн ойлголтыг халж буй. Гэвч хуулийн хэрэгжилтийг ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл сунгах нь Н.Энхбаярт ашиггүй. Ирэх оны наймдугаар сарын 3-нд дуусах ялтайд тооцох хугацаа нэг сарын өмнө дуусахаас өөрөөр түүнд наалдах юм байхгүй. Өмнөх парламентад намын даргынхаа "Оймсонд хавчуулагдаж, УИХ-д үсрээд ороод ирсэн” хэмээх тодотголыг зүүсэн ч өнгөрсөн сонгуулиар МАХН-ын нэрийг тахлах ганц суудлыг авчирсан О.Баасанхүү ч түүнд хэрэггүй болно. Дараалсан ялалт нь сонгуулийн дүнгээр эргэж, томоохон ялагдлынхаа "хүнд цохилт”-оос гарч чадаагүй яваа АН-д үлдсэн ганц боломж нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль. Намын шинэчлэл гэхээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлэх эсэхээс тэдний цаашдын хувь заяа хамаарах болохоор АН-ынхан ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулахыг эрмэлзэж, бас хичээх нь дамжиггүй. Гэхдээ нийслэл, хөдөө орон нутагт үнэмлэхүй олонхийг бүрдүүлж эхэлсэн эрх баригч хүчинтэй өрсөлдөх нь АН-ын хувьд амаргүй даваа. Үүн дээр хөдөө орон нутагт нэр хүнд сайтай явж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай давхар өрсөлдөх нь магадгүй тэдний хүсээд байх зүйл биш болов уу. Тиймдээ ч эрх барьж байх үедээ Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн эцсийн найруулгыг сонсоогүй ч байж болох. Тийм биш байлаа гэж бодсон ч Н.Энхбаяртай эвсэж байхдаа эдгээр хуулиа эцэслээгүй нь З.Энхболдын, АН-ын өөрсдийнх нь алдаа. Учир нь, галт тэрэг нэгэнт хөдөлчихлөө.
Гагцхүү 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвших эрхээ хасуулж, ялгайд тооцох зүйлчлэлийнхээ хүрээнд 2013, 2016 оны хоёр том сонгуулийг өнжсөн Н.Энхбаярт дахин тоглоомын тойргийн гадна үлдэх нь асар хохиролтой ч цаг үеийн нөхцөл байдал түүнд хаалга нээх боломжийг олгохгүй нь. Үүгээрээ Н.Энхбаярын азтай гэхээсээ азгүй үеийнх нь цикл зонхилж эхэллээ. 2009 оноос хойшхи үеийнх нь шүү дээ. Үнэндээ тэр аз, азгүйтлийн зааг дээрх эрхэм ажээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/