| |
СЕХ МАХН-ынхныг бүртгэж хууль зөрчих үү
МАХН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын малгайд хорогдож, сайдтай, шантаажтай туг, дарцаг шиг хийсч байв. МАХН-ын эрх ашигт нийцэхгүй л бол "Ерөнхий сайдыг огцруулна", "Засгийн газраас гарна" гэж айлын эрх хүүхэд шиг дураараа аашилж байлаа. Улс төрийн ууган хүчин гэгддэг МАН-ынхан хүртэл угшил нэгт МАХН-ынхантай хамтарч сонгуульд оролцох санал санаачилга гаргасан удаатай. Хоёр намаас ажлын хэсэг гарч, хэд хэдэн асуудалд тохиролцсон байдаг. Гэвч Н.Энхбаяр гэдэг хүний хэмжээ хязгааргүй шуналаас болж, хэлэлцээр амжилтад хүрээгүй. Тэгвэл яг одоо улс төрийн нөхцөл байдал 180 градус эргэчихээд байна. Засгийн газраа шантаажилдаг МАХН-ынхныг Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэрээсээ "хөөв". Дээр нь МАН-ын тавьсан саналыг чамлаж байсан МАХН-ынхан өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцож чадахгүйдээ тулчихаад өлсгөлөн зарлаад сууж байна. Учир нь тус нам хуульд заасан хуулийн хугацаанд амжиж нэр дэвшигчдээ тодруулаагүй гэх мэдээлэл байна. Нэр дэвшүүлэх нийтлэг журмын 129 дүгээр зүйлд "Нам эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 23-27-ны нэр дэвшилтийн асуудлыг нэг тийш нь цэгцэлчихсэн байна гэсэн үг. Гэтэл МАХН нэр дэвшигчээ тавдугаар сарын 28-ны шөнийн 04.00 цагт тодруулж дууссан сурагтай. Хэрвээ хуулийн хугацаанд амжаагүй бол СЕХ бүртгэхээс татгалзах хуулийн заалттай. Энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяр амжилт үзүүлж, чадахгүйгээ эртнээс мэдсэн учраас "Шударга сонгуулийн төлөө", "Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооё", "Ард түмний эрх ашгийн төлөө" зэрэг уриа лоозонтойгоор ард түмнээр өрөвдүүлэх хуучин тактикаа барьж эхлэв. УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН чамлахааргүй амжилт гаргасан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дөрвөн жилийн настай Н.Энхбаярын ялалт өнөөдөр гудамжны улс төр лүү шилжих хэмжээнд доройтжээ. Нэгэнт хуулийн хугацаандаа амжиж МАХН нэр дэвшигчээ тодруулаагүй болохоор СЕХ бүртгэж, авахгүй байх магадлал өндөртэй. Хэрвээ СЕХ МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж авбал Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болж таарна. Сонгууль эхлээгүй байхад СЕХ хуулиа зөрчөөд эхэлбэл хэл амны бай болохоос гадна улс төрийн хямралд түлхэх аюултай. Тэгэхээр СЕХ-нд хуулиа дагахаас өөр сонголтгүй болж байна. МАХН улс төрийн өлсгөлөнгөөс айж нэр дэвшигчдийг нь бүртгэвэл СЕХ хуулиа хэрэгжүүлдэггүй "муухай" харагдах нь лавтай.
С. Наранчимэг