| |
Шинэлэг шийдэл шаардсан төсөв
Фэйсбүүкийн олон нийтийн сүлжээнд "Mommy Central" нэртэй монгол ээжүүдийн групп бий. 27 мянга хол давсан гишүүн ээжүүд энд өөр зуураа боломжоороо туслахыг эрмэлзэж, "Тэр эмч сайн, энэ эмнэлэгт хандаарай” гэхчлэн түрүүнд төрсөн, туршлагатай ээжүүд яах учраа мэдэхгүй явсан дараагийнхдаа зам зааж өгнө. Хүүхдээ хараад ажилгүй суудаг зарим ээж энэ группээр дамжуулан ажил орлоготойгоо залгасан тохиолдол ч олон бий. Хүүхэд өсгөхөд тулгардаг олон асуудлыг ихэвчлэн зөвлөлддөг энэ группийн гишүүд өнгөрсөн сарын 22-ноос хойш арай өөр асуудлаар ярилцаж эхлэв.
Хүүхдийн мөнгө, хувьцааны үлдсэн мөнгө гэх үгс энд тэндгүй үзэгдэнэ. Хүүхдийн долдугаар сарын 20 мянган төгрөгийг хэзээ өгөхийг өөр зуураа сураглаж, Хаан, Хас, Капитал... банкинд данстай ээжүүдийн мөнгө нь орсон уу гэхчлэн ахин дахин лавлана.
Оны эцэст төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг шүргэх нөхцөл үүслээ.
Мэдээллийн вэб сайтуудад гарсан хүүхдийн мөнгөтэй холбоотой мэдээний холбоосыг групптээ байршуулж, ингэж байна шүү хэмээн хуваалцана. Хамгийн сүүлд Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга "Энэ жил хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг эхний зургаан сард олгочихсон. Тэгэхээр санхүүжилт тасарсан гэж болно. Тодруулж хэлбэл, энэ сараас эхлэн хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй” гэж ярьсныг нийтээрээ уншаад найдвар хэсэгтээ тасрав бололтой, нам жим оргив.
"Хамаг орлого хаагаад хаячихлаа, гэртээ байдаг хүний” гэж нэг ээж аргаа баран бухимдав. Тээр тэнд мэт санагдаж байсан төсвийн алдагдал ээжүүдийн өдөр тутмын амьдралд нь нөлөөлсөн нь энэ. Эрх мэдэлтнүүдэд инээдтэй сонсогдож магадгүй, тэдний өглөөний цайны үнэд хүрэхгүй байж мэдэх ч алаг үрээ өсгөөд ажилгүй гэртээ суудаг эх 20 мянган төгрөгийн үнэ цэнийг илүүтэй мэднэ ээ.
Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн Монгол Улс хүүхдүүддээ май гээд өгөх мөнгөгүй болчихоод байна. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд оны хоёрдугаар хагасын хүүхдийн мөнгөний асуудлыг эх үүсвэрийг нь тусгалгүйгээр орхисон юм. "Сайн хувьцаа” хөтөлбөр бас цааш үргэлжлэх, эсэх нь эргэлзээтэй үлдэв. Хувьцааны хоёр, гуравдугаар ээлжийн мөнгөө асууж сурагласан хүмүүс гудамжинд захаасаа авахуулаад таарах вий:
Төсвийн тодотголын төслийг Засгийн газар энэ сарын 20-ны дотор УИХ-д өргөн мэдүүлнэ
Төсөв, тодотгол, алдагдал гэх үгс иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэж буй нь энэ. Энэ оны зургадугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1.12 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Монгол Улсын төрийн орлого нь зарлагаа санхүүжүүлж гүйцэхгүй, өдий хэмжээний хөрөнгө оны нэгдүгээр хагаст сох дутсан гэсэн үг. Уг нь 2016 онд, бүтэн жилийн хугацаанд нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэхүйц алдагдалтай байхаар өмнөх УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд баталж байв.
Нэг их наяд даван алдагдал хүлээсэн төсвийг шинэ Засгийн газар тодотгохоор зэхэж байна. Төсвийн тодотголын төслийг Сангийн яам өнгөрсөн долоо хоногоос боловсруулж эхэлсэн ба ажлаа аваад арав гаруйхан хонож буй Сангийн шинэ сайд Б.Чойжилсүрэн анхны өндөр даваатайгаа нүүр туллаа. Оны эцэст төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давах нөхцөл үүслээ хэмээн МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Ч.Хашчулуун ярьсан бол Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан 1.6 их наядын алдагдлыг тооцоолж байна. Тэгэхээр бараг хоёр их наядын орлогыг Засгийн газар хаанаас ч юм олж босгох ёстой. Эсвэл зардлыг чинээнд нь тултал танах сонголт онолын хувьд тэдэнд бий. Гэхдээ зөвхөн онолын хувьд!
БҮТЭЭЛЧ ХЭМНЭЛТ ХИЙХ ҮҮ
Төсвийн алдагдал ийнхүү өссөн гол шалтгаан нь урсгал зардлын хэтрэлт. "Эдийн засаг хямралтай байгаа үед урсгал зардал өсөөд байна гэдэг нь төрийн хувьд асар буруу алхам бөгөөд үрэлгэн байдлын илэрхийлэл. Тэгэхээр төрийн албан хаагчийн цалин хөлс зэрэг хүний амьжиргаа руу шууд хандсанаас бусад зардлыг ангилж, шинжилгээ хийж, хасахыг хичээх ёстой. Мөн зарим бүтээн байгуулалтын ажлыг царцаах боломж бий. Түүнээс бусад зардал, тухайлбал, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээний зардал зэргийг зогсоох боломжгүй. Ингэвэл эдийн засагт эргээд маш том цохилт авчрах эрсдэлтэй. Мөн өрийн үйлчилгээтэй холбоотой зардлыг бид хойшлуулах боломжгүй. Өрийн үйлчилгээнд нэг их наяд шахуу төгрөг зарцуулж байгаа” хэмээн Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан өгүүлэв.
Өмнөх Засгийн газрын үед сайд жилд нэг л удаа гадаад явна, тодорхой түвшний албан тушаалтан тэдэн удаа томилолтоор гадаад явна гэхчлэн бүтээлч санаачилгууд гаргаж байв. Харамсалтай нь, тэдгээрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс албан томилолтын зардал болон жижиг худалдан авалт, ялангуяа гадаад валютын зардлыг төсвийн тодотголоор аль болох танах хэрэгтэй гэж эдийн засагчид тэмдэглэж байна. Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрынхан "Зарим хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой тэвчиж болох зардлуудыг сайтар хасаж байгаа” гэхээс ил үү дэлгэрэнгүйг төсвийн төслийг Засгийн газарт танилцуулахаас өмнө ярихгүй байх үүрэг авчээ.
ГАРЦ НЭМЭХ ХҮЛЭЭЛТ
Үнэнийг хэлэхэд, төсвийн тодотголын хүрээнд орлого талд нааштай хүлээлт ховор. Цорын ганц нааштай хүлээлт нь Оюутолгойн зэсийн гарц болон алт зэрэг уул уурхайн зарим эцсийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх. Бизнесийн орчин хүндэрсэнтэй холбоотойгоор татварын орлого тухайлбал, ААНОАТ тасалдаж алдагдлыг улам тэлж болзошгүй. Тэгэхээр орлого талдаа Сангийн яам өөдрөг бус, аль болох бодитоор харахыг хичээх шаардлага тулгараад байгаа юм.
Нэгэнт төсвийн зардлыг нэг их наяд давуулан танаж, орлогыг тэлж чадахгүй тохиолдолд Засгийн газар бий болсон алдагдлыг гадаад, эсвэл дотоод эх үүсвэрээр хаахаас өөр аргагүй. Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр хамгийн анхаарал татах хэсэг нь чухам энэ байх биз ээ.
Дотоод зах зээл дээр бонд арилжих нь удааширсан эрэлт багатай болсон учраас дотоод зах зээлээс бид төсвийн алдагдлыг нөхөх хэмжээний нэг их наяд төгрөгийг босгож чадахгүй. Тэгэхээр гадаад зах зээл рүү хандахаас өөр сонголт байхгүй. Гэхдээ энэ удаад Монгол Улс "Чингис” бондынх шиг бага зардалтай хөрөнгө босгож чадахгүй л болов уу. 10-аас багагүй хувийн зардалтай бонд гаргана гэж шинжээчид тэмдэглэж буй. "Нөхцөл байдал ер нь нэг, хоёр жилийн өмнөхөөс илүү их хурдацтай дордсон шүү дээ” хэмээн тэд ярьж байна.
ЧАДАМЖТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН МӨРӨӨСӨЛ
Монгол Улс төсвийн тухай хуулиа богино хугацаанд яаран яаран баталдаг. Тэгэхдээ "хуулийн хүрээнд...” гэж ярьж байгаад л ДНБ-ий гурав орчим хувийн алдагдалтай төсвийг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь түүнээ бараг тоогоо алдтал тодотгодог туршлага хэдийнэ тогтлоо.
Төсвийн алдагдал хэрээс хэтэрч, тэр нь он жил дараалан ужгирсаар эдийн засгийн сулралт, бизнесийн орчин, өрийн дарамтад үзүүлэх сөрөг нөлөө нь улам томрон данхайсаар байна. Төсвийн зүгээс Монгол Улсын эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхүйц хэмжээний алдагдал сүүлийн жилүүдэд толгой дараалан тохиолдлоо. Ийм байдлыг засна, эрүүл, алдагдалгүй, танасан, бүсээ чангалсан төсөв батлуулна гэж үе үеийн Засгийн газар ярьдаг ч үнэн хэрэгтээ биелсэн нь үгүй, бүр урсгал зардлаа ч тодорхой түвшинд барьж чадахгүй хэтрүүлсээр байна. Усыг нь шахсан төсөв Сангийн яам, Засгийн газар оруулж ирлээ ч УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийнхээ үеэр алдагдлыг нь яаж ийгээд нэг их наяд давуулан өсгөж гарна.
"Зарим хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой тэвчиж болох зардлуудыг сайтар хасаж байгаа"
Төсөв ил тод байх ёстой, хариуцлагатай байх ёстой, эдийн засгийн үр ашигтай байх ёстой... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад энэ мэт уриа лоозон маягийн сайхан зарчмууд бий. Харамсалтай нь, түүнийг хэрэгжүүлэх, төлөвлөх тал дээр Монголын төр чадамжгүй байна. СЭЗИС-ийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайханы цөхөрсөн үгийг дуулгая. "Төсвийг буруу төлөвлөөд, түүнийг үргүй зарцуулж, алдагдал нь төлөвлөснөөс хэтрээд байгаа тохиолдолд тэр хэтрүүлсэн этгээдүүдтэй тооцох хариуцлага гэж байхгүй. Алдаж л байдаг, тодотгоод л өнгөрчихдөг боллоо: Хариуцлагын тогтолцоо Монголд байхгүйн улмаас, хуулиа хэрэгжүүлэх чадамжгүй төр байгаагийн улмаас өнөөдөр бидний энэ алдагдал, өмнөх алдаагаа дахин дахин давтсаар байгаа байдал үргэлжлээд байна. Тэгэхээр бид чадварлаг, цомхон, хариуцлагатай төртэй болохыг л хүлээхээс өөр аргагүй. Монгол Улсын төлөө гэсэн хариуцлагатай, ялангуяа чадварлаг, жинхэнэ утгаараа мэргэжлийн, жинхэнэ утгаараа Монголын ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй төр байхгүйгээр ямар ч хууль гаргаад, ямар ч сайхан үг хэлээд бүтэхгүй л юм байна.”
Энэ оны төсвийн тодотголын төслийг Засгийн газар энэ сарын 20-ны дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр зэхэж байна. Улмаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, төсвийн тодотголын төслийг хэлэлцэх хүлээлттэй байгаа юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин/