| |
Х.Алтай: Хөрөнгө оруулагчдын сонирхол, итгэл сэргэх хандлага ажиглагдаж байна
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтайтай ярилцлаа.
-Сайн байна уу? Сайхан наадав уу?
-Сайн. Сайхан наадлаа. Наадмаар эхнэр, хүүхдүүдтэйгээ 10-аад хоног Хөвсгөл, Архангай аймгаар амраад ирлээ. Энэ зун бороо хур тэгширсэн сайхан зун болж байна.
-Сая УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Та бол МАН-ынгишүүн, баяр хүргэе. Та сонгуульд хэрхэн оролцов?
-Баярлалаа. Би 2007 онд МАН-д элссэн. Намын гишүүнээс гадна МАН-ын дэргэдэх НАМЗХолбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Сая сонгуулиар намын төв штаб болон НАМЗХ-ны штабт намаасаа нэр дэвшсэн залуучуудаа дэмжин ажилласан. Залуучууд маань ч багаараа сайн ажиллаж өндөр амжилт гаргалаа.
-Одоо халуун сэдэв болоод байгаа сонгуулийн үр дүн, түүний дараах МАН-ын томилгооны талаар танаас асууя. Шинэ сайд нарын томилгоо нэлээд шүүмжлэл дагуулж байх шиг байна. Энэ талаар таны бодол?
-Би тантай сайд дарга, албан тушаалын томилгоо гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд хэрхэн ажиллах, МАН-ын Засгийн газраас гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ямар хүлээлттэй байх талаар өөрийн бодлоо хуваалцмаар байна.
Таны асуултын хариу бол маш энгийн шүү дээ. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэлээ, одоо ажиллах л хэрэгтэй. Сайд дарга нарын томилгоо миний ойлгож байгаагаар техник ажил байх. Жинхэнэ чухал ажил бол манай намын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, авч хэрэгжүүлэх зоримог алхмууд байх болов уу.
-Тэгвэл таны бодлоор МАН-ын Засгийн газрын хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юу байх вэ?
-Шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-д тавьсан илтгэлдээ маш тодорхой хэлсэн учраас би давтаж ярих нь илүүц биз. Гэхдээ эдийн засгийн өсөлт зогссон, гадаад валютын нөөц шавхагдсан, өрийн асар их дарамтанд орсон энэ цаг үед бид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдэнд итгэлтэй түнш байж чадна гэдгээ ил тод зоригтойгоор амлаж, итгэлцлийг бий болгохоос эхлэх нь зүйтэй. Өнөөдөр дэлхий хавтгай болсон. Монгол Улс бол дэлхийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг. Биднийг гаднынхан ажиглаж байгаа. Бид одоо ямар алхам хийхээс ирээдүй шалтгаална. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байж манай том төслүүд хөдөлнө, гадаад өрийг шийдвэрлэх арга механизм нь хялбар болно. Манай улс ойрын ирээдүйд 1.5 тэрбум ам.долларын өр дарах шаардлагатай байгаа. Үүнийгээ төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэх арга зам хайх ёстой. Ингэхийн тулд гадаад орчинд эерэг ойлголт төрүүлэх шаардлагатай. Сонгуулиас хойш миний хуучин хамтран ажиллаж байсан, хэлхээ холбоотой байдаг гадны томоохон банк, хөрөнгө оруулалтын сан, түншүүд ганц нэг захиа ирүүлж, баяр хүргэж, ярьж эхэлж байгаа нь эхний дохио байж болох юм гэж бодоод баярлаад сууж байна.
Олон улсын Хөрөнгийн зах зээлийг харахад Монгол Улсын шинэ Засгийн газарт найдвар тавьж байгаа анхны шинж тэмдгүүд ажиглагдаад эхэллээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол, итгэл сэргэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг та надаар хэлүүлэлтгүй харж байгаа байх. Хэдийгээр АСЕМ, Наадам гээд амралтын өдрүүд үргэлжилж байгаа ч хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй Монголд төсөл хэрэгжүүлдэг компаниудын хувьцааны ханш өсөх хандлага илт ажиглагдаж байгаа.
-Томилгооны асуудал хүн бүрийн анхаарлын төвд байна. Энэ талаарх таны бодол?
-Энэ бол техник ажил гэж би дээр хэлсэн. Гэхдээ дахин асууж байгаа учир хариулахыг хичээе. Мэдээж нам маань үнэмлэхүй ялсанд би намын гүшүүний хувьд болон сонгуулийн ажилд гар бие оролцсоны хувьд сэтгэл хангалуун байгаа. Нөгөөтэйгүүр Монголын ард түмэн МАН-д Монгол Улсыг хямралаас гарга, саараад байгаа хөгжлийн хурдыг түргэсгэ гэсэн үүднээс итгэл найдвараа хүлээлгэсэн. Энэ бол том хариуцлага. Угтаа бол томилгоо нь Монгол Улсыг хөгжүүлэх гар нийлсэн зөв менежментийн баг бүрдүүлж байгаа асуудал болохоос биш хэн нэгнийг шагнаж урамшуулж байгаа явдал огт биш. Хийгдэж буй томилгоонуудын хувьд гэвэл олон сайхан залуучуудыг бодлого тодорхойлох түвшинд гаргаж ирлээ. Тухайлбал, 1974 онд төрсөн залуу хүн Монгол Улсын Ерөнхий сайдын чухал албанд тохоон томилогдлоо. ЗГХЭГ-ын дарга буюу Засгийн газрын "гал тогоог” авч явдаг маш чухал албанд намын генсекээр ажиллаж байсан залуу хүн томилогдсон. Мөн хэд хэдэн залуучууд Засгийн газрын гишүүн болон бусад хариуцлагатай албанд томилогдлоо. Түүнчлэн Лүндээжанцан, Нямдорж, Энхтүвшин зэрэг хашир туршлагатай, тулхтай улс төрчид УИХ болон Засгийн удирдах албанд томилогдож байгаа нь манай намын үндсэн философи болох залуу, дунд, ахмад гурван үеийн алтан хэлхээг холбосон чухал алхмууд боллоо гэж харж байна. Цааш цаашдын томилгоонууд дээр ч мөн адил энэ философио баримтална гэж итгэж байна.
-Гэхдээ л сайд нарын томилгоо хэл ам таталсан. Зарим сайд одоо болтол томилогдоогүй л байна...
-Бүх хүний сэтгэлд нийцсэн томилгоо хийнэ гэдэг ер нь боломжгүй асуудал шүү дээ. Сайдад дэвшүүлсэн зарим хүний нэрийг татсан нь манай нам аливаа асуудал дээр нийгмийн сэтгэлзүй, хандлагыг хүлээн авч мөн намын дотоод ардчиллыг хангаж шийдвэр гаргаж байгаагийн илрэл гэж харж байна. Хэл ам таталсны тухайд гэвэл томилохоор нэр дэвшүүлж байхад нь янз бүрээр ярьсан хэрэг шүү дээ.
-Сүүлийн хэдэн жил манай эдийн засаг сайнгүй байлаа. Үүнд юу нөлөөлсөн гэж үздэг вэ?
-МАН-ын нэн тэргүүний хийх ажил бол эдийн засгийн гадаад орчинг сайжруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Цогц арга хэмжээ гэдэг маань зөвхөн өмнөх алдаануудаа засаад, өмнөх байдалдаа орох бус шинэ, шинэ боломжийг эрэлхийлэхийг биднээс шаардаж байна.Одоо өнгөрсөн алдаануудаа ярьж халаглаж суух биш алдаанаасаа суралцаад урагшлах хэрэгтэй.
-Эдийн засгийн гадаад орчинг сайжруулах цогц арга хэмжээ гэхээр маш сонирхолтой сонсогдож байна. Шинэ боломжийг эрэлхийлэх гэдгээ та дэлгэрүүлнэ үү?
-Мэдээж хэрэг томоохон төслүүдэд гадны хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авах шаадлагатайг бид бүгд ойлгож байгаа. Хөрөнгө оруулагчдын эн тэргүүний шаардлага бол их энгийн. Нэгдүгээрт, Тоглоомын дүрэм ойлгомжтой бөгөөд тогтвортой байх шаардлагатай. Хоёрдугаарт, Зарчимтай байх буюу хэлсэн тохирсоноосоо буцахгүй байхыг шаарддаг. Шинэ Засгийн газрын тэргүүний ажил бол шууд ил тодоор олон нийтэд энэ хоёр амлалтыг өгөхөөс эхлэнэ гэж би бодож байна.
Нөгөө талаас цогц арга хэмжээний хүрээнд шинэ боломжийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнөөгийн олон улсын нөхцөл байдал, Европ тивд болж буй тогтворгүй байдал, Ойрхи дорнодын түгшүүрт байдал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт гадаад олон нөхцөл байдалд маш хурдан үнэлэлт дүгнэлт өгч тэр дундаас боломжийг эрэлхийлж зөв менежмент хийх нь бидний эн тэргүүний сорилтуудын нэг болоод байна гэж би харж байна. Гадаад орчинг сайжруулах цогц арга хэмжээ гээд үргэлжлүүлээд яривал нэлээд хэдэн сонины дугаар нийтлэл гарах шаардлагатай болж магадгүй учир товчлоод зогсооё. /инээв/
-Та 2014 онд Хөрөнгийн биржийн захирлын албаа өгсөн. Түүнээс хойш юу хийж байна вэ?
-Би гадаадын нэгэн худалдаа, хөрөнгө оруулалтын компанийг Монголд төлөөлөн ажиллаж байгаа. Түүнийхээ хажуугаар надад өөрийн хувийн бизнес байдаг юм. Тэрийгээ бас хийж байна. Хэдийгээр улс орны эдийн засаг амаргүй байгаа ч ажлууд маань гайгүй явж байгаа шүү.
-Ажлаа өгснөөсөө хойш хөрөнгийн биржид хийж байсан ажлууд нь хэр явж байгааг сонирхож байгаа юу?
-Мэдээж сонирхолгүй яахав. Надад 2010-2014 онуудад буюу Монголын эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд Хөрөнгийн биржийг удирдаж ажиллах завшаан тохиосон юм. Тухайн жилүүдэд Монгол ид моодонд орж байлаа. Олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд бараг бүгд Монголыг сонирхдог байсан. Биднийг ажиллаж байх үед эхлүүлсэн Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн тухайн үед нэвтрүүлсэн систем амжилттай ашиглагдаад явж байна. Хамгийн гол нь 2013 онд батлуулсан Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд хэрэгжээд эхэлчихсэн. Ингэснээр санхүүгийн зах зээлийн үндсэн багана болох хөрөнгийн зах зээл болон банкны сектор хоёрыг Монголд интэграцжуулах үндсийг тавьсан гэж боддог. Харин манай санхүүгийн секторт болж байгаа үйл явдлуудын талаар дэлхийн томоохон санхүүгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Блүмберг, CNBC, Ройтерс зэргээр мэдээлэл түгээдэг байсан нь багассан юм болов уу гэж ажиглагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин /М.ЗҮЙР/