| |
Төрийн хяналтаас гарсан АЖИЛГҮЙДЭЛ
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.1 хувь хүртэл агшиж, түүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл хүндхэн байдалтай байна. Энэ зах зээлийн төлөв ойрын хугацаанд ч таатай байхгүй нь бололтой. Учир нь энэ оны эхний упиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрснийг өнгөрсөн сард Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр ажилгүйдэл туйлдаа хүрч, түүхэн дээд хязгаарыг давж байна.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг өсөж, уруудаж байсан ч ажилгүйдлийн түвшин ийнхүү түүхэн дээд хязгаарыг давж байсан түүх байхгүй. Тухайлбал, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн байдаг. Мөн Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн ч ажилгүйдлийн түвшин хос оронтой тоонд хүрч байв.
Тэгвэл эдийн засгийн шилжилт, эх дэлхийн хямралын үеийнхээс илүү ажилгүйдэлтэй бид өнөөдөр нүүр тулаад байна. Угтаа бол ажилгүйдлийн түвшинг таван хувь байвал хэвийн буюу ердийн түвшин гэж үздэг. Тэгвэл ажилгүйдлийн түвшин 2008-2011 онд дунджаар 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй буурч 2012 онд 7.9 хувьд хүрсэн юм. Харин энэ удаад сүүлийн таван жилийн хамгийн өндөрт тооцогдож 11.6 хувьд хүрээд байгааг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, Монголын эдийн засгийн чуулганы үеэр "Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ажил эрхэлж байна. Харин 700 орчим мянган хүн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна” хэмээн "Монгол Айдия” компанийн захирал М.Халиунбат илтгэлдээ дурдсан юм.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлснээр, өнгөрсөн онд 55 мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээнд элсчээ. Ингэснээр оны эхний улирлын байдлаар 143.5 мянган иргэн ажилгүй болоод байна. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаатай зэрэгцэн ядуурал газар авч байна. Товчхондоо, ажилгүйдэл ядуурлыг дагуулдаг бичигдээгүй хуультай. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлд ажилгүйдлийн түвшин хоёр дахин нэмэгдэхэд өрхийн орлого 10 жилд анх удаа буурчээ. Улсын хэмжээнд өрхийн орлого 100 мянган төгрөгөөр хумигдсан юм. Үүнээс үүдэн иргэдийн худалдан авах чадвар муудаж, чанаргүй зээлийн хэмжээ өсөх болсныг эдийн засагчид дуулгаж байна. Ажилгүйдэл дагасан ядуурлын цаана гэмт хэргийн гаралт ч өсдөг гэдгийг хууль, хүчний байгууллагынхан онцолсон юм.
Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж нэмэгдэж, төсвөөс зарцуулах хөрөнгө хэмжээ үлэмж өссөн гэдгийг судалдааны дүн харуулж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр, өнгөрсөн онд 18.7 мянган иргэн ажилгүй болж, тэтгэмж авсан. Эдгээр иргэнд нийт 22.3 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь тухайн жилийн сангийн орлогоос 20 орчим хувиар илүү зарлага аж. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн сангийн зарлага нь орлогоо давав. Энэ байдал 2016 онд ч давтагдаж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар 6.9 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Үүнд нийт 9.5 тэрбум төгрөг зарцуулсан нь орлогоосоо даруй 30 орчим хувиар ахиу дүн. Ажилгүйдлийн сан дахь мөнгөн орлого нь зарлагаа нөхөж гүйцэхгүй байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл хэр хурдтай хумигдаж буйн бодит илрэл.
Угтаа дэлхийн бусад оронд ажилгүйдлийн түвшинг хянаж, түүнтэй уялдан төрийн бодлогоо зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийг хөгжлийнхөө жанжин шугам болгодог гэсэн үг. Нөгөөтэйгүүр, улс орныхоо эдийн засгийн өсөлтөөс илүү ажилгүйдлийн түвшинд анхаарал хандуулж, хянаж байдаг юм. Тухайлбал, АНУ ажилгүйдлийн түвшинг долоо хоног тутам хэмжиж, мөнгөний бодлогоо тодорхойлоход ашигладаг. Үүний тод илрэл нь тус улс ажилгүйдлийн түвшинтэй уялдуулан мөнгөний бодлогоо есөн жил хумиагүй жишээ бий.
Д.БААТАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/