|
Видео

Шинэ мэдээ

Статистик мэдээлэлд эргэлзэх шалтгаан

Статистик мэдээлэлд эргэлзэх шалтгаан 

Хэрэглээний үнийн индекс энэ оны эхний дөрвөн сарын байд­лаар 4.6 хувиар өссөн гэдгийг Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ. Энэ нь сүүлийн гурван жилд хамгийн бага өссөн үзүүлэлт гэнэ. Тэгвэл Хөвсгөл аймагт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн бага байсан бол Дархан-Уул, Орхон зэрэг аймагт хамгийн өндөр буюу улсын дунджаас 1.3 хувиар илүү байжээ. Товчхондоо Дархан-Уул аймгийн иргэд хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн өндөр үнээр авч хэрэглэж байна гэсэн үг юм. Харин статистикчид хэрэглээний үнийн индексийг "Сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн бага өссөн үзүүлэлт боллоо” хэмээн тайлбарлаж буй. Гэтэл хамгийн сонирхолтой нь хэрэглээний үнийн индекс улсын дунджаас доогуур байгаа Хөвсгөл аймгийн иргэдээс орон нутгийн Иргэдтэй харилцах танхимд ирүүлсэн санал хүсэлтэд талх, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох арга байгаа эсэхийг цөөнгүй хүн лавласан байх юм. Үнэндээ бодит байдал дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн жил орчмын хугацаанд өсөлттэй байгааг худалдааны төвөөр үйлчлүүлдэг хүн бүр мэдэж байгаа. Хамгийн сүүлийн судалгаа л гэхэд хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.2 хувиар өсчээ. Цаашид ам.долларын ханшийг барьж дийлэхгүй энэ хэвээр байвал улам өсөх нь мэдээж. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 884 мянган төгрөг ажээ. Энэ нь 2012 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт болж байгаа гэнэ. Гэвч өрхийн зарлага нийт орлогын 91 хувийг эзэлж байгаа төдийгүй дунджилсан байдлаар авч үзвэл 30 орчим хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг байна. Мэдээж энэ хувь хэмжээ валютын ханшийн өсөлтийн нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа тул дээшлэх нь гарцаагүй юм. Тэгээд ч өнгөрсөн сарын эцэст ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1784 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар 1808 төгрөгтэй нэг "ногоон” тэнцэж байв. Гэтэл өнгөрсөн жилийн эц­сээр статистикчид хүнснээс бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулах зардал жилийн өмнөхөөс 25 хувиар нэмэгдсэн гэдгийг цагаан дээр хараар бичиж үлдээсэн байх юм. Зөвхөн энэ байдлаас харахад 2012 оноос хойш буюу 16 сарын хугацаанд хүнс болон бусад бүтээгдэхүүний зардал багаар бодоход 30 гаруй хувиар өссөн болж таарч байна. Харин үүний эсрэг талд иргэдийн худалдан авах чадвар өнөөдрийн байдлаар 40 орчим хувиар буураад байгаа юм.

 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг 884 мянга хэмээн тооцож буй хэдий ч ажиллах хүчний гуравны нэгийг өөртөө агуулдаг хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 308 мянган төгрөг хэвээр байна. Үүнээс гадна хугацаа хэтэр­сэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 299 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 19.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 188.1 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өссөн байна. Түүнчлэн арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 98.3 хувиар өсчээ. Зөвхөн энэ ба­римтаас харахад иргэд өмнө авсан зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүртэл "уруудаж” гэсэн гаргалгааг үүсгэж ч болохоор байна. Магадгүй үүнд итгэхгүй бол нийт тэтгэвэр авагчдын 83 хувь нь 294.2 тэрбум төгрөгийн, ажиллагсадын 31 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байгаа гэсэн судалгааг олж харж болох юм. Гэтэл энэ бүх таагүй байдлын эцэст Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Манай нэг иргэн 500 сая ам.доллароор суудлын машин авсан байна лээ. Иргэн нь 500 сая ам.долларын машин худалдан авсан улсыг эдийн засаг хямарсан гэж хэлэхгүй” хэмээн тайлбар хэлж байсан удаатай.

 

Итгэхэд бэрх судалгаа

 

 Статистикчдын гаргасан тооцоо­гоор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо оны эхний дөрвөн сарын эцэст 35.1 мянга болж, өмнөх оны энэ үеэс 2562 буюу 6.8 хувиар буурчээ. Маш товчхондоо энэ жилийн эхний улирал ажилгүйдлийн тоо буур­сан сайхан үзүүлэлтэй эхэлж байна. Үүнийг улирлын ча­нар­тай ажил буюу уул уурхайн сал­бар, барилгажилт зэрэгтэй хол­бон ойлгож болох юм. Мэдээж бүрт­гэлгүй ажилгүйчүүд энэ судалгаанд хамрагдахгүй. Гэвч өнгөрсөн са­рын байд­лаар ва­лютын ханшийн нө­лөөллөөс болж сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган аж ахуйн нэгж түр хаалгаа барьж, 707 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон гэсэн судалгаа гарсан нь бий. Мөн 100 гаруй мянган иргэн ажилгүйдлийн тэтгэмж авсан гэсэн баримт ч байгаа юм. Энэ нь 2012 онтой харьцуулбал 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ бүхнийг харьцуулаад үзэхээр ажилгүйдэл буурсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй судалгаа болж ха­рагдаж байгаа юм. Тэгэхээр бид ста­тис­тикчдын амнаас унасан "Ажил­гүйдэл буурлаа” гэсэн гоё үгэнд итгэх үү, эсвэл мянга мян­гаараа хаалгаа барьж буй аж ахуйн нэгжүүдийн богинохон настай таа­гүй хувь заяаг өрөвдөх үү гэсэн хэцүүхэн нөхцөл байдал шуудхан хэлэхэд үүсээд байна.

 

Инфляц 12.3 хувьд хүрлээ

 

 Хэрэглээний бараа, үйлчил­гээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар гуравдугаар са­рынх­тай харьцуулахад 1.0 хувь, жи­лийн өм­нөхөөс 12.3 хувь болж өссөн талаар Үндэсний статис­тикийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, инфляци 12.3 хувьтай байна гэсэн үг юм. Ерөнхий индекс 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, гутал, хувцас, бөс барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийслэлийн хувьд, өнгөрсөн сард гуравдугаар сарынхаас хэрэглээний сагсны 329 нэр төрлийн бараа, үйлчилгээний 34 хувийнх нь үнэ өсч, 46 хувь нь тогтвортой байж, үлдсэн бараа, үйлчилгээний үнэ буурсан аж.

 

Төмөр замын тээврийн орлого 7.7 сая төгрөгөөр буурчээ

 

 Төмөр замын болон агаарын тээв­рийн ачаа тээвэрлэлт, зор­чигчдын тоо мөн л өнгөрсөн сард буур­сан үзүүлэлттэй гарлаа. Тод­руулбал, төмөр замын тээврээр дөрөвдүгээр сард тээсэн ачаа өмнөх сараасаа 218.2 мянган тонноор буюу 3.4 хувиар буурчээ. Зорчигчдын тоо ч мөн адил гуравдугаар сартай харь­цуулахад 133.8 мянган хүнээр буюу 11 хувиар буурсан үзүүлэлт гар­сан байна. Иймээс төмөр замын тээв­рийн салбарын орлого 122.8 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөсөө 7.7 сая төгрөгөөр буурав. Харин агаа­рын тээврийн салбарын тухайд жилийн өмнөхөөс тээсэн ачааны хэмжээ 69.9 тонноор буюу 6.1 хувиар, зорчигчдын тоо 14.9 мянган хүн буюу 6.9 хувиар буурсан байна.

 

 

С.Ганбаатар 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler