| |
Видео
Шинэ мэдээ
Уул уурхайн дагасан ажилгүйдлийн гинжин хэлхээ
Эрдэс баялаг дагасан
сүүлийн хоёр жилийн эдийн засгийн уналт зөвхөн Монголд төдийгүй бусад
орны уурхайчдад ч хүндээр тусаж эхэллээ.
Үнэ
ханшийн уналт, эрэлтээс давсан нийлүүлэлтээс үүдэлтэй энэ хямралыг уул
уурхайн гигантууд ажлын байрны цомхтголоор аргацааж, орлого, зарлагаа
тэнцүүлэхийг хичээж байна.
Энэ оны эхний гуравдугаар улирлын
судалгаагаар АНУ-д уул уурхайн салбар дахь ажиллах хүчний тоо сар
дараалан буурч, өнгөрсөн есдүгээр сард л гэхэд 10.300 хүнийг ажлын
байргүй болгосон бол хагас жилд гурван тэрбум ам.долларын алдагдал
хүлээсэн Их Британийн "Anglo American” групп ажилчдынхаа 35 хувийг буюу
53.000 ажлын байрыг цомхтгох төлөвтэй талаар олон улсын хэвлэлүүдэд
бичиж байна.
Австралид уул уурхайн нийт
мэргэжилтний 16.2 хувь нь ажилгүй болжээ. Энэ нь 2012 оны хямралын
үеийнхээс бараг 10 дахин өссөн дүн юм. Уул уурхайд үүссэн энэхүү цохилт
2017 он хүртэл үргэлжилж, ажлын байр эргэн нэмэгдэх төлөвгүй хэмээн олон
улсын шинжээчид үзэж байна.
Манайд ч уул уурхайн
салбарын байдал үүнээс дордож, ажилгүйчүүдийн эгнээнд албан ёсоор
шилжигсдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэнийг Нийгмийн даатгалын
ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна.
2015
оны арваннэгдүгээр сарын байдлаар Ажилгүйдлийн даатгалын санд 16.9
тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 18.6 мянган хүний ажилгүйдлийн
даатгалын тэтгэмжид 19.7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ингэснээр
сангийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 тэрбум төгрөгөөр,
зарлага 3.5 тэрбум төгрөгөөр өссөнийг албан ёсны сайтад нь дурджээ.
Сүүлийн таван жилд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа
орлогоосоо давж гарсан үзүүлэлт хэмээн салбарынхан нь үүнийг онцолж
байгааг анхааралгүй өнгөрч боломгүй.
Өмнө нь бид
төсөвт үүссэн цоорхой, татварын орлого тасалдсанаар уул уурхайн салбар
уруудаж буйг мэддэг байлаа. Харин одоо төсвийн орлого, зарлагыг тооцсон
тооцоогүй айл өрх, жирийн иргэдийн амьдралд авдаг цалин, олдог орлогын
хэмжээ эрс багассанаар илт мэдрэгдэж эхлэв.
Саяхныг хүртэл
цагийн ажил хийх хүн олддоггүй байсан бол одоо ажлын зар гарсан даруйд
хэдэн арваараа өрсөлдөх болсон талаар хүмүүс ярьж байна.
Байдал
ийм байхад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн, ялангуяа нийгэм дэх
дундаж, түүнээс дээш орлоготой хэсгийн дийлэнхийг бүрдүүлж буй уул
уурхайн салбар дахь цомхтголоор халагдсан, цалингүй, хугацаагүй чөлөө
авсан хүмүүсийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн
томоохон жишээ гэхэд Монголын хамгийн том ажил олгогч "Энержи ресурс”
үндсэн ажилтнуудынхаа 10 хувийг цомхтгохоо мэдэгдсэн явдал юм. Саяхныг
хүртэл үндсэн болон туслан гүйцэтгэгч компанид ажиллагсадтайгаа нийлээд
10 гаруй мянган хүн буюу энэ тооны айл өрхийг тус компани "тэжээж”
байсан.
Харин одоо үлдсэн 1844 үндсэн ажилтныхаа
10 хувь буюу 184 хүнийг аргагүйн эрхэнд ажилгүйчүүдийн эгнээнд
шилжүүлэв. Энэ нь эрх баригчдад нэгийг бодуулж хоёрыг сануулсангүй.
Туслан
гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч гээд олон зуун компанийг оруулбал
гуравхан сая хүн амтай, үүнийх нь тал хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн насны
хүмүүс эзэлдэг манай орны хувьд энэ бол маш муу үзүүлэлт юм.
Ажиллагсдаа
цомхтгох, түр чөлөө олгох явдал МАК, "Вагнер Ази” "Сентерра гоулд
Монголия”, "Алтайн хүдэр”, "Болд төмөр Ерөө гол”, "Саус гоби ресурс”
гээд уул уурхайн томоохон компаниудад энэ оноос эхэлсэн. Одоо хүртэл
үргэлжилж сар бүр л хэдэн арваар нь ажлаас чөлөөлж байна.
Үүнд
дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн ханшийн уналтаас гадна
манай төр, засгийн тогтворгүй байдал, санаатай, санамсаргүй бодлого,
шийдвэрүүд хамгийн их нөлөөлснийг эрх баригчид эрх биш хүлээн
зөвшөөрөхөөс аргагүй.
"Оюутолгой”, "Тавантолгой”,
"Гацуурт” болон төмөр замын мега төслүүдээ ядаж гацаалгүй хөдөлгөсөн бол
Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, айл өрхийн амьдрал өнөөдрийнх шиг
ажилгүйчүүдээр дүүрч, өр зээлийн гинжинд хэлхэгдэхгүй байх байлаа.
Уул
уурхайн салбараас эхэлсэн ажилгүйдэл, өр зээлийн гинжин сүлжээ өдгөө
банк, барилга, худалдааны салбараар хүрээгээ тэлж байна.
Үйл
ажиллагаагаа хумьсан, сул зогссон компани, ажилгүй болсон иргэн бүрийн
цаана төлөгдөхгүй татвар, чанаргүй зээл бий. Үүнийг дагаад чадамжгүй
худалдан авалт, бэлэн мөнгөний хомсдол гээд нийгэм, эдийн засгийг
сөхрүүлж буй хүндрэлүүд ар араасаа цуварч эхэлсэн нь ард түмнийг
сөхрүүлж гүйцэж байна.
Энэ оны аравдугаар сарын
байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 855.5 тэрбум төгрөгт хүрч, арилжааны
банкуудын олгосон нийт зээлийн 7.2 хувийг эзэлжээ. Өмнөх оны мөн
үеийнхээс 41 хувиар өссөн энэ үзүүлэлт нь уул уурхайгаас улбаатай
хүндрэл цаашид банкны салбарыг ч гогдож мэдэхээр болж буй түгшүүрийн
харангын эхний дохио юм.
Монголбанкны энэ оны
аравдугаар сарын мэдээллээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3.3 их наяд
төгрөг, нийт зээлдэгчийн тоо 75.877-д хүрсэн гэнэ. Гэтэл энэ зээлийн
үлдэгдлийг эргэн төлөх чадалтай хувь хүн, айл өрх эдгээр 75.877
зээлдэгчээс хэд үлдсэн бол?
Арилжааны банкуудын
хийсэн албан бус судалгаа, тандалтаас харахад зээлд хамрагдагсдын олонх
нь уул уурхайн салбарт ажиллагсад байдаг. Үндэсний статистикийн хорооны
өнгөрсөн оны мэдээгээр уул уурхайн салбарт 20 мянга гаруй хүн ажиллаж
байсан гэх судалгаа бий. Өнөөдөр тэдний хэд нь ажлын байрандаа үлдсэн
бол. Судалгаа тооцоо байна уу?
МҮЭХ-дын хуулийн
хэлтсийнхэн цомхтголд өртсөн, цалингүй чөлөө хүчээр авсан, тодорхойгүй
хугацаагаар амралтыг нь олгож ажилгүйчүүдийн эгнээнд хүчээр шилжүүлсэн
олон хүний өргөдөл гомдолд дарагджээ.
Дийлэнх нь
уул уурхайн салбарт ажиллагсадтай холбоотой. Гэвч төр, засгийн цаг
хугацаа алдсан, шийдвэргүй, тодорхойгүй, улстөржсөн байдлаас шууд
хамааралтайгаар үүссэн, цаашид ч үргэлжлэх ажилгүйдлийг хэн, хэрхэн
анхаарах вэ? Цаг хугацаа алдсанаас болж эдийн засаг, нийгмийн байдал
өдрөөс өдөрт хэцүүдсээр байгаа үед энэ "ажилгүйдлийг” хуулиар ч, хүчээр ч
зохицуулах боломж компани, байгууллагуудад хомсодсоор байна.
Ийм
байхад УИХ, Засгийн газар ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн, шилжихээ
хүлээж байгаа олон мянган хүмүүсийн төлөө яагаад юу ч хийхгүй байна вэ?
УИХ-ын гишүүд ажилтай, орлоготой. Өнөөдөр хоол, маргааш зээлийн хүүгээ
төлнө гэх зовлонгүй.
Тийм болохоор УИХ, Засгийн
газраар хэлэлцэж буй мега төслүүдийг хөдөлгөсөн ч, үл хөдөлгөсөн ч
тэдэнд ялгаагүй. Харин орлоготой байхын тулд заавал ажил хийх ёстой ард
түмний хувьд гацаанд байгаа ганц ч гэсэн төслийг яаралтай хөдөлгөх
хэрэгтэй байна.
Удахгүй шинэ оноо угтана.
Байгууллага, хамт олон бүхэн л өнгөрснөө үнэлж, ирээдүйгээ сайхнаар
угтаж шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Харин энэ шинэ жилээр олон
байгууллага, компанийн удирдлагууд он цагийг туулж, өнөөдрийг хүртэлх
амжилтыг хамтдаа босголцсон ажиллагсадтайгаа "салах ёс” хийх нь. Энэ нь
ажлаас чөлөөлөх мэдэгдэл.
Үүнийг өнөөдөр гардан
авсан, авах гэж байгаа олон хүн бий. Гэхдээ тэдний дийлэнх нь сайхан цаг
ирэхээр ажилдаа эргэж орно, хамт олонтойгоо баяртай эргэж уулзана гэх
өөдрөг итгэлээр өнөөдрийн авсан мэдэгдлээ маргаашийн урилга хэмээн
найдаж "цом гардах” хэмээн нэрлэж байна.
Амьдрал
ийм байхад эрхэм улстөрчид гацаанд оруулсан мега төслүүдээ таг мартан,
маргаашийн сонгуульдаа бэлтгэн шоудах нь төр, ард түмнийхээ төлөө зүтгэх
төрийн тангарагтай тань нийцэхгүй.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН