|
Видео

Шинэ мэдээ

Хууль хүчтэй юу, завхруулагчид нь хүчтэй юу?

Хууль хүчтэй юу, завхруулагчид нь хүчтэй юу?

 

Монголд сүүлийн үед татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөгөөр хэнэгч үгүй гараа угаасан цагаан захтнуудын хэрэг илчлэгдэж шил даран дуулиан тарих болсон. 
 
Гэвч энэ бүхэн бусдын хүч хөдөлмөрийг юман чинээ үл тоон сорж мөлждөг, хүний хөрөнгииг өөриин юм шиг захиран зарцуулдаг цагаан захтнуудын гэмт хэргийн зах зух нь гэдгийг хүлээн зөвшөөрөх нь цөөнгүй.
 
Бүр байтлаа төрийн нэрээр албан тушаалын амтат бялуунаас амталчихаад түүнээсээ салж чадахгүйд хүрэхээрээ хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндөлсөж, улаан цагаандаа гарсан луйварчид ч байх. Тэдний нэг нь Л .Пүрэвгял. Тэрээр "Монголболгаргео” ХХК-ийг хувьчлахаас өмнө тус компанийн ТУЗ-ийн 2008 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар жилийн хугацаатай томилогдсон нөхөр.
 
Харин дараа нь буюу 2011 онд "Монголболгаргео” ХХК-ийн Монголын талын 50 хувь хувьчлагдахад Л.Пүрэвгял нь компанийг хэвийн үйл ажиллагаатай болгож өгнө гэж хууль ёсны эрх залгамжлагч "Жинлиань” ХХК-ийн удирдлагуудаас гуйж, амлалт өгч ажилласан байдаг. Өмнө нь ажиллаж байсан туршлагатай, орон нутгаа мэддэг хүн гэдэг утгаар "Жинлиань” ХХК түүний хүсэлтийн дагуу хоёр жилийн хугацаатай буюу 2011 оны 11 сараас 2013 оны долдугаар cap хүртэл ажиллуулсан аж.
 
Гэтэл энэ хугацаанд хувьчлалаас өмнөх Л.Пүрэвгялын хууль бусаар хувьдаа хөрөнгө завшсан ашиг сонирхолын зөрчилтэй олон тооны баримтууд илэрсэн учир ажлаа хүлээлгэж өгөхийг хөрөнгө оруулагчид шаардсан боловч өнөөдрийг хүртэл "Монголболгаргео”ХХК-ийн эсрэг хууль бус олон үйл ажиллагааг явуулсаар иржээ. Тэрээр компанийн талаар худал ташаа мэдээлэл, баримт сэлтээр төр, захиргааны байгууллагууд болон хууль хяналтынхны толгойг эргүүлж итгүүлэн, тэднийг хууль бус үйл ажиллагаандаа удаа дараа татан оролцуулсан байна.
 
Л.Пүрэвгял өөрийн хамтрагч нягтлан Ж.Пүрэвээтэй нийлж төр, захиргааны байгууллагууд, Баянхонгорын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн зарим алба хаагчдыг хууль бус үйл ажиллагаандаа оролцуулснаар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй нөхдүүд тэднийг өөгшүүлэн нэг талыг барьж, хувийн ашиг сонирхлоор ханджээ. Саяхан гэхэд Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бурмаа,шийдвэр гүйцэтгэгч Т.Анхзаяа нар хууль зөрчиж компанийн уурхайн үйл ажиллагааг алдагдуулж удаа дараа зогсоосон.
 
Мөн Л.Пүрэвгял тэргүүтэй нөхөд, хууль бус хамгаалалтын албаныхантай хамтран тус аймгийн Галуут сумын нутагт байрлах "Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн уурхайд 2016.05.18-ны өдөр дайран халдахад тус аймгийн цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баярням, ахмад А.Алтангэрэл нар 10 гаруй цагдаагийн алба хаагчидтай уурхайд ирсэн байна.
 
Харамсалтай нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн дээрх хүмүүс үндсэн үүргээ умартан, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль зөрчин эмх замбараагүй байдал үүсгэсэн нөхдийн талд илт үйлчилжээ. Улмаар цагдаагийн хамгаалалт дор Л.Пүрэвгял нарын хууль зөрчигсөд уурхайд нэвтрэн гэр бариад суучихсан байгаа юм.
 
КОМПАНИИН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙН МЭТ ИДЭЖ ШАМШИГДУУЛСАН НЬ
 
Л.Пүрэвгял "Монголболгаргео”-г өөрийн өмчийн компани мэт аашлан, төр болон хууль хяналтын байгууллагуудад худал мэдээлэл, баримт сэлт үзүүлэн өөрт ашигтайгаар үйлчлүүлээд зогссонгүй шат шатны шүүхэд компанийн эсрэг нэхэмжлэл зарга гаргаж, дур зоргоороо авирлаж байдаг байна. Түүний хувьд компанийн гүйцэтгэх захирлын суудалтай үхэн хатан зууралдахын учиг нь "Монголболгаргео”' ХХК-ийн хөрөнгөөр чамгүй гараа угаасан явдал байж.
 
Наад захын жишээ дурдахад Л.Пүрэвгял өөрийн хамтрагч ерөнхий нягтлан Ж.Пүрэвээтэй хуйвалдан компанийн нэр дээрх ашиглалтын 015A дугаартай лиценз бүхий ашиглалтын талбайтай залгаа байх хэсэг газрыг хүүгийнхээ нэр дээр худалдаж аваад "БСО-Санчир” гэдэг компанийг байгуулсан байдаг. Энэ рь өөр хүний нэр дээр байдаг хэсэг газар бөгөөд үүгээр халхавч хийж, үнэн хэрэгтээ "Монголболгаргео” ХХК-ийн 015A лиценз бүхий талбайг ашиглах далд санаагаар үйлджээ.
 
Түүнийгээ ашиглахын тулд дээрх талбайг нягтлан Ж.Пүрэвийн хүүхдэд зарж, 2010-2011 онд буюу хоёр жилийн хугацаанд өөр хүний нэртэй газраар өнгөлөн далдалж  "Монголболгаргео” ХХК-ийн 015A талбайг ашиглаад нөөцийт нь дуусчихсан байна. Мөн компанийн ашиглалтын 311А лиценз бүхий талбайг 2011 оны зургадугаар сард "Баяжмал Алт” компанитай нөхөн сэргээлт хийхээр хамтран ажиллах гэрээ байгуулаад өгчихсөн зэрэг хууль бус, эрх мэдлээ ашиглан компанид хохирол учруулжээ.
 
Хамгийн гол нь тухайн компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ гэж хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хамтран ашиг олно гэсэнтэй агаар нэг. Зүй нь ажил гүйцэтгэх гэрээ баймаар. Мөн дээрх хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тус компаниас хоёр удаагийн тохиолдлоор нийт  100 сая төгрөгийг Л.Пүрэвгял хувьдаа авсан нь санхүүгийн баримтаас харагддаг.
 
Түүнчлэн Л.Пүрэвгял өөрийн хамаатан Д.Төрбаттай "Зээлийн гэрээ” байгуулан 200 орчим сая төгрөгийн зохиомол өр төлбөр үүсгэсэн байна. Өөрийгөө компанийн гүйцэтгэх захирал гэдэг мөртөө дээрх өр төлбөрүүдийн асуудлаар өөрөө нэхэмжлэгчээр шүүхэд хандаад .явдаг. Энэ мэт байдлаар Л.Пүрэвгял "Монголболгаргео” ХХК-д 500 гаруй сая төгрөгийн бодит хохирол учруулсан баримт бий гэдгийг " Монголболгаргео”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай "Жинлиань” ХХК-ийнхан
хэлнэ билээ.
 
Гэтэл хамгийн ноцтой нь ТӨХ дуудлага худалдаагаар түүний үйлдийг эс мэдэгчийн дүр эсгэсэн үү эсвэл мэдээгүй юу ямар ч байсан ашиглачихсан лицензтэй хоёр талбайг оролцуулан "Жинлиань” ХХК-д худалдаж орхисон байх юм. Гэвч Жинлиань” компани хувьцаа эзэмшигчийн үүргийн дагуу "Монголболгаргео”ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалтаас эхлээд бүхий л үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарч ажилласаар иржээ. Харин Болгарын тал 1991 онд гарч явснаасаа хойш хөрөнгө оруулалт хийгээгүй ч "Жинлиань” компанийнхан Болгарын талын хууль ёсны хувьцаа эзэмшигчтэйгээ хуулийн хүрээнд хамтарч ажиллахад бэлэн байгаа аж.
 
ГАДНЫХАНТАЙ НИЙЛЖ ХУУЛИЙГ ЗАВХРУУЛЖ БАЙНА
 
Хууль ёсны гэж тодотгохын учир гэвэл өнөөх Л.Пүрэвгял гэгч нөхөр Болгарын талын хэсэг нөхөдтэй хуйвалдан хуурамч баримт, тодорхойлолтыг бүрдүүлэн "Болгаргеомин” ЕАД буюу төрийн өмчит улсын үйлдвэрийг эзэмшдэг "Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан гээд явдаг. Гэвч булхай гэдэг даравч далдайж, булавч бултайдаг.
 
Болгарын талын хувьцаат худалдаж авсан гэх түүний "Болгаргеомин ЛТД” ДЗЗД компани нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн ажээ. Хамгийн утгагүй асуудал гэвэл албан ёсоор улсынхаа бүртгэлд бүртгэгдээгүй компанитай "Болгаргеомин” ЕАД буюу төрийн өмчит улсын үйлдвэр нь гэрээ хийсэн болж таарах гээд байгаа аж. Учир нь Болгарын "Болгаргеомин” ЕАД буюу улсын үйлдвэрийн нэгдлийг худалдах, худалдан авах гэрээг 2013.05.15-ны өдөр "Булгаргеомин ЛТД” ДЗЗД-тэй байгуулсан гээд байгаа нь түүнийг гадныхантай нийлж хил дамнасан луйврын үйлдэЛ хийж байна гэж хардахаас аргагүй.
 
Түүний эрх мэдлийн төлөөх улаандаа гарсан үйлдэл ингээд зогссонгүй. Л.Пүрэвгял өнгөрөгч оны 11 дүгээр сарын энэ сарын 09-ний өдөр "Болгаргеомин ЛТД” ДЗЗД-ийг улсын бүртгэлд хууль бусаар бүртгүүлээдавсангэнэ. Түүндээ дөрөөлөн Л.Пүрэвгял хууль бус үйлдлүүдээ хийсээр яваа бөгөөд "Монголболгаргео” ХХК-д эзэн суух хүслээ гүйцэлдүүлэх, эрх мэдлээ ашиглаж идэж ууснаа хаацайлахын тулд Монголын хуулийг уландаа гишгэлж, хууль ёсны эрх залгамжлагч Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай "Жинлиань” ХХК болон 70 гаруй жирийр ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байна.
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler