|
Видео

Шинэ мэдээ

“Монголболгаргео”-ийн хэрэг буюу Л.Пүрэвгял хууль зөрчиж байна!

“Монголболгаргео”-ийн хэрэг буюу Л.Пүрэвгял хууль зөрчиж байна!Ижил төстэй нэртэй компани байгуулж залилдаг, Төрийн өмчийн компанийн захирал дарга хийж байсан хүн нь луйвардаж, үнэгүйдүүлж өөрийн хувийн өмч болгодог хэрэг орон нутагт одоо ч гарсаар байна!!! Он дараалан замхарч яваа ийм нэгэн хэрэг Баянхонгор аймагт гарсан тухай сенсаци ид яригдаж байна. Энэ тухай саяхан хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Ингээд энэхүү хэвлэлийн хурлын мэдээллээс сийрүүлэн хүргэж байна.

Дээрх хэргийг үйлдсэн этгээд нь Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан Л.Пүрэвгял гэгч гэнэ. Аймгийн хүндэт иргэн тэмдэг гялалзуулсан энэ хүнийг ийм юм хийгээд явж  байна гэхэд итгэхэд бэрх. Тэрээр Аймгийн хурлын даргын албан тушаалаас буухдаа 2008 онд Төрийн өмчит "Монголболгаргео” ХХК-ийн  гүйцэтгэх захирлаар томилогдох "бялуу” хүртэж, эзэн суужээ.

Харин Засгийн газар 2011 онд тус компанийг хувьчлах шийдвэр гаргаж мань хүний төрийн өмч дээр дураараа дургидаг үе дуусчээ. Гэхдээ энэ үеэс мань эр ТӨХ-ны хяналт сул байдал, орон нутгийн алслагдмал байдал зэргийг ашиглаж энэ компанийг хувьдаа завшиж болох бүхнийг төлөвлөсөн нь хожмын маргаанаас тодорхой болдог байна.

"Монголболгаргео” ХХК-ийн 50 хувь нь  Монголын Засгийн газар буюу ТӨХ, үлдсэн 50 хувь нь Болгар улсын "Болгаргеомин” ЕАД буюу улсын үйлдвэрийн нэгдэлд ногддог. Тийм учраас Л.Пүрэвгял хоёр талд үйлчлэх, эсвэл сөргөлдүүлэх тактикуудыг төлөвлөж голоос нь өөрийн болгох далд санаа агуулж байсан бололтой.

Ийнхүү 2011 онд ТӨХ-ны 514 дүгээр тогтоолоо гаргаж "Монголболгаргео” ХХК-ийн Монголын талын 50 хувь болох 85,420 ширхэг нэг багц болгон нээлттэй дуудлага худалдаа зарласан байдаг. Эхний удаад "Алтайн хүдэр” ХХК дуудлага худалдаагаар худалдаж авсан боловч төлбөрөө хугацаанд нь төлөлгүй хойшлуулснаар дуудлага худалдаа хүчингүй болжээ.

Дараагийн удаад нь Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай  "Жинлиань” ХХК 2,95  тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар  2,2 сая ам.доллароор худалдаж авчээ.

Хятад нэртэй хятадын хөрөнгө оруулалттай компани өмчийн эзэн болсон мэт харагдаж байгаа боловч угтаа "Жинлиань” ХХК-ийн 52 хувийг Монгол хүн эзэмшдэг, гадны хөрөнгө оруулалттай компни аж.

Ингээд мань Л.Пүрэвгял  "Жинлиань” ХХК-ийн удирдлагуудыг аргалж гүйцэтгэх захирлаар улиран ажилласан байна. Үүнээс эхлээд л ноотой ноцтой залилан эхэлсэн бололтой юм.

2011 онд хувьчилж аваад 2013 он хүртэл Л.Пүрэвгялд хууртсан "Жинлиань” ХХК-ийн удирдлага Л.Пүрэвгялын үйл ажиллагаанд шалгалт хийхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

Шалгалтаар "МонголБолгаргео" ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын лиценз бүхий гурван талбайн хоёрыг нь худалдаж олборлолт явуулж үрэн таран хийсэн хэрэг манджээ.

Тодруулбал, Л.Пүрэвгял  нягтлан Ж.Пүрэвээтэй хамтран компанийн нэр дээрх ашиглалтын  015А дугаартай лиценз бүхий   ашиглалтын талбайтай залгаа байдаг хэсэг газрыг хүүгийнхээ нэр дээр худалдаж аваад "БСО-Санчир” гэдэг компанийг байгуулсан байдаг. Наанаа өөр хүний нэр дээр байдаг хэсэг газрыг авсан мэт боловч хэрэг дээрээ "Монголболгаргео” ХХК-ийн 015А лиценз бүхий талбайг ашиглах далд санаа агуулж. Энэ үйлдлээ хаацайлж бүдгэрүүлэхийн тулд дээрх талбайг нягтлан Ж.Пүрэвийн хүүхдэд зарж,  2010-2011 онуудад буюу хоёр жилийн хугацаанд өөр хүний нэртэй газраар халхавчлан "Монголболгаргео” ХХК-ийн 015А талбайг ашиглаад дуусчихжээ.

Мөн өөрийн хамаатан Д.Төрбаттай зээлийн гэрээ хийж 200 орчим сая төгрөгийн зохиомол өр төлбөрийг компанид үүсгэж гүйцэтгэх захирал гэж өөрийгөө нэрлэчихээд  төлбөр мөнгө авахаар өөрөө шүүхэд нэхэмжлэгчээр ороод явдаг гэх итгэмээргүй хэргүүд хөвөрнө.

Түүнчлэн 311А лиценз бүхий ашиглалтын талбайг  2011 оны зургадугаар сард нөхөн сэргээлт хийлгэх нэрээр халхавч хийн  "Баяжмал Алт” гэдэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад өгчихсөн зэрэг үйлдүүд нь компанид их хэмжээний хохирол учруулсан байна.

Даравч дардайхын үлгэрээр эдгээр нөхдийн хийсэн хуурамч ажиллагаа, хууль бус үйлдлүүд илэрч эхэлсэн бөгөөд компани хувь нийлүүлэгчдийн хурлаа зарлан хуучин гүйцэтгэх удирдлагыг солих болмогц Л.Пүрэвгял гэнэт тамга аван Улаанбаатар хот руу зугатчихжээ.

Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Л.Пүрэвгял гүйцэтгэх захирал гэж тэмдэглэгдчихсэн. Тамга хүчинтэй байгаа тул эд нар намайг яаж ч чадахгүй гэдгийг аль эрт төлөвлөчихсөн байж л дээ. Энэ бүх хүчин төгөлдөр бичиг баримтаар хэнийг ч төөрөгдүүлж болох боломжтой тул шүүхэд гомдол гаргаж хэвлэлийн бага хурал хийж худалд ташаа мэдээлэл тараах зэргээр компаний үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж чадав. Цаана нь олон арван ажилчид зохих ёсны өмчийн эзэд орлого, мөнгөгүй хоцрох нь тэр!!!

Энэ хооронд Болгарын Засгийн газар хаа байсан алс дорнодод эзгүй хээр ашиг өгдөг эсэх нь үл мэдэгдэх "Болгаргеомин” ЕАД буюу төрийн өмчит улсын нэгдлээ хаах аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулчихажээ. Үүнийг мэдэж байсан Л.Пүрэвгял Болгар улсын хэсэг иргэдээр "Болгаргеомин ЛТД” ДЗЗД гэгчийг байгуулуулав.

Ингээд Монголболгаргео ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар Л.Пүрэвгял гэнэт 50 хувийн хувьцаа эзэмшигч мэт дүрээр ороод ирэв.

Нэг талаас 2,2 сая ам.доллароор худалдаж авсан "Жинлиань” ХХК, нөгөө талаас хуурамч бичиг баримттай ижил нэртэй Болгар нөхөр Л.Пүрэвгял  нарын хооронд хурал хийх ямар ч утгагүй бөгөөд тэнцвэргүй шударга бус Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болох юм. Мөнгөө төлсөн хүн, луйвар хийсэн хүн хоёрын хооронд хариуцлагын асар их ялгаа гарах нь тодорхой.  Энэ маргаан өдгөө гурав дахь жилдээ үргэлжилж байна.

Түүний төлөвлөгөө улам нарийсаж манай улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлгүй "Болгаргеомин ЛТД” ДЗЗД-ийг 2015 оны 11 сарын есний өдөр  улсын бүртгэлд бүртгүүлээд амжчихсан байх юм.

Хэрвээ УБЕГ- ын ажилтнууд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиа баримталдаг, бусад хууль тогтоомжийн дагуу ажилладаг байсан бол өнөөдөр Л.Пүрэвгялын хууль бус үйлдлийг өөгшүүлж дээрх компанийг бүртгэхгүй нь тодорхой.

Энэ хэрэгт УБЕГ-Т Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Баатарсайхан гэгч нөхөр оролцсон байж болзошгүй. Ингэж хардахын учир нь Б.Баатарсайхан нь одоо Л.Пүрэвгял нарын өмгөөллийг хийж яваа нь бүр сэжигтэй.

Түүгээр ч зогсохгүй шат шатандаа хууль зөрчөөд буйгийн ард авлигын хэрэг ч явж байхыг ч үгүйсгэх аргагүй.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад Баянхонгор аймгийн Шүүхийн гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бурмаа, шийдвэр гүйцэтгэгч Анхзаяа нар хууль зөрчиж компанийн уурхайн үйл ажиллагааг алдагдуулж удаа дараа зогсоосон байдаг.

Мөн Л.Пүрэвгял тэргүүтэй нөхөд, хууль бус хамгаалалтын албаныхантай хамтран тус аймгийн Галуут сумын нутагт байрлах "Монголболгаргео”ХХК-ийн эзэмшлийн уурхайд 2016.05.18-ны өдөр дайран халдахад дуудлагаар ирсэн тус аймгийн цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа  Ж.Баярням, ахмад А.Алтангэрэл нар 10 гаруй цагдаагийн алба хаагчидтай уурхайд иржээ. Харамсалтай нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн дээрх хүмүүс үндсэн үүргээ умартан, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хууль зөрчин эмх замбараагүй байдал үүсгэсэн нөхдийн талд илт үйлчилсэн байдаг.

Үүний нотолгоо нь хууль сахиулах үүрэгтэй дээрх нөхдүүд Л.Пүрэвгял нарын хууль зөрчигсөдийн талд үйлчлэн, хүч хэрэглэж уурхайд нэвтрэн гэр бариулсан явдал юм.  Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллага нь тогтоож хариуцлага хүлээлгэх биз.

Энэхүү хэнд ч ойлгомжтой атлаа ээдрээтэй болгоод байгаа залилангийн хэргийг холбогдох хууль хяналтын байгууллага төр засаг анхаарладаа авахыг хүсье. Гадны хөрөнгө оруулагчдийг үргээсэн, явцуу эрх ашгийн хүрээнд төрийн өмчийг өөрийн болгох гэсэн зальт ажиллагаагаа зогсоохийг Л.Пүрэвгял танаас шаардаж байна.

Энэ асуудал дээр Монгол улсын хууль хяналтын байгууллага, ТЕГ, АТГ  болон бусад холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж хэргийг шалгаж, шийдэж өгнө үү!!!

13282880_1095006287226779_1938985759_o

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler