|
Видео

Шинэ мэдээ

ЗАМЧИД ЗАМ ХААНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

ЗАМЧИД ЗАМ ХААНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

 

Өнөөдөр замчид, Авто замчдын ҮЭХ, МҮЭХ-ныхон хэвлэлийн хурал хийлээ.

"Гудамж” төслийн хүрээнд авто замын ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн авто замчид санхүүжилтээ авч чадалгүй өнөөдөр 2 жилийн нүүрийг үзжээ. Халуунд халж, хүйтэнд хөрж, цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж зам, гүүрийн барилга байгууламжийг барьж, засвар арчлалтыг хийж гүйцэтгэсэн замчид өмнө нь төв талбай дээр жагсч санхүүжилтийг шийдэхийг шаардаж байсан билээ.

 

 

Мөн Авто замчид Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл, Сангийн сайд Б. Болор, Хөдөлмөрийн сайд Ч. Баярсайхан, "Гудамж” төслийн захирал Б. Батболднарт удаа дараалан шаардлага хүргүүлжээ.

Энэ удаад "Авто замчдын эрхийг хамгаалах түр хороо”-г байгуулан дараах 3 шаардлага хүргүүлж , мэдэгдэл гаргасан байна.

 

1.Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралт " Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар " –аар батлагдсан " Гудамж төсөл " -ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын санхүүжилт болох 7.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгохыг шаардаж байна.

2.Улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд шаардагдах нэмэлт хөрөнгийг 2016 оны төсвийн тодотголын төсөвт тусгах, Засгийн газрын 2016- оны хоёр дугаар сарын 8-ны өдрийн 93 дугаар тоот тогтоолын хэрэгжилтийг хангахыг шаардаж байна.

3.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу " Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний дагуу авто зогсоол барих ажлыг цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн тул нэр бүхий 4 компанийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт 12.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгохыг шаардаж байна

Иймээс тус шаардлагыг 2016 оны 5 дугаар сарын 25- ны дотор шийдвэрлэж өгөхгүй бол Замчид хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангуулахын төлөө тэмцэж авто замуудыг хаах арга хэмжээ авах юм байна. Үүнээс гарах аливаа эрсдлийг авто замчид хариуцахгүй болно гэдгээ ч мэдэгдлээ.

Аж ахуй нэгжүүд өрөнд орж дампуурахад хүрлээ

Авто замчдын ҮЭХ-ны дарга Б. Цэрэнпүрэв:

-Авто замчдын эрх ашгийг хамгаалахаар авто замчид бид түр хороо байгуулан ажиллаж байна. Учир нь авто замын салбарт бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн замчид бид бүтээсээр,ажилласаар, ядуурсаар байна. Өнөөдөр "Авто худалдааны цогцолбор "- ын 4 байгууллага түүнтэй хамтарсан 30 байгууллагын 12.8 тэрбум төгрөгийг 2 жил олгоогүй. "Гудамж” төслийн 22 байгууллагын 7.5 тэр бум төгрөгийг олгоогүй. Монгол улсын Засгийн газар авто зам, засвар ашиглалтын 28 компанийн 1000 гаруй ажилчидтай байгууллагын төсвийг 8 тэрбум төгрөгөөр баталж ажлын байрны баталгааг 5 хувиар алдуулсан. Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн олон мянган хүн цалин мөнгөө аваагүй. Нийгмийн даатгал , эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүйн улмаас нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Мөн компани аж ахуй нэгжүүд өрөнд орж дампуурхад хүрсэн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс авто замуудыг хаах арга хэмжээ авна гэсэн шаардлагаа хүргүүлэн мэдэгдэл хийж байна.

Үндэснийхээ баялаг бүтээгчдийг шахаж дарамталдаг хүнд сурталаа болиоч ээ

МҮЭХ-ны ерөнхийлөгч С. Эрдэнэбат:

Замчид 2 жил гаруй хугацаанд цалин мөнгө санхүүжилтгүй, ар гэрээ тэжээх бололцоогүй, хувь хүнээс эхлээд компани аж ахуй нэгж хүртлээ бүгд давхар давхар өрийн сүлжээнд орсон байна. Төр өөрөө хувийн хэвшлийн компаниудаар хөрөнгө санхүүг нь гаргуулаад ажил гүйцэтгүүлээд дараа нь санхүүжилтийг нь олгохгүй хэдэн сар, жилээр хойш нь тавиад орхидог бичигдээгүй хууль бий болжээ. Ялангуяа барилга, авто замын хүнд нөхцөлд ажиллаж байгаа баялаг бүтээгчдээ үнэхээр сөхрүүлж туйлдуулж байна.

Энэ бүхний ард хэд хичнээн компани ажилчид аж ахуй нэгжүүд цалин орлогогүй болж дампуурах, зээлсэн зээлийнх нь чанар муудах, өрөнд орж байр орон сууцаа алдах, гэр бүлээ юугаар хэрхэн яаж тэжээ гэж өнөөдөр өдийг хүртэл явуулаад байгаа юм бэ?

Эдгээр хүмүүс тэр бүр тэмцэл цуглаан хийж чаддаггүй. Яагаад гэвэл дараа нь тендерт оруулахгүй занадаг, дарамталдаг, хүнд сурталаараа иргэд аж ахуй нэгжийг гартаа оруулчихсан. Үндэснийхээ баялаг бүтээгчдийг ингэж шахаж дарамталдаг хүнд суртлаа болиоч ээ гэж зориуд хэлмээр байна. Хамгийн дуулгавартай, хэл үггүй ажлаа хийж гүйцэтгэдэг авто замчид цаашид баялагаа бүтээгээд явмаар байна. Гэтэл төрөөс тусалж дэмжих нь бүү хэл хохироож байгаад харамсалтай байна. Төсвийн сахилгабат хариуцлагыг сайжруулах хэрэгтэй.


Асуудал хурцдаж туслан гүйцэтгэгч компаниудтай шүүхдэлцэхэд хүрээд байна

"Алтанбалыш” ХХК-ны инженер Б. Гантөмөр :

-Гудамж төслийн хүрээнд 26 уулзвар нээх ажлыг 2014 онд хийж гүйцэтгэсэн. Нийт 22 компани 7.5 тэрбум төгрөгний санхүүжилтээ авч чадаагүй байна. Эцсийн санхүүжилтээр компаниуд цалин мөнгөө тавьдаг. Мэдээж бид бүхэн туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилласан. Банкны хүү төлж явсаар хүүнээс хүүгийн өрөнд баригдаж, техник тоног төхөөрөмжөө барьцаалаад байдал бүр хүндэрч хоорондоо шүүхдэлцэх хэмжээнд хүрсэн. Эрхэм төрийн түшээд маань бидний барьсан замаар тав тухтай, хурдан шуурхай зорчиж байж бидний хийсэн ажлын хөлсийг өгөхгүй, төсвийн тодотголд тусгаж өгөхгүй байгааг гайхаж байна. Яаралтай нэг тийш болгож шийдэж өгөөч ээ. Эс тэгвээс манай компанийн зүгээс зам хаах үйл ажиллагаанд нэгдэнэ гэдгээ илэрхийлье.

 


Замчдад мөнгийг өгөөгүй байж , сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглаж байна

"Паблик роүлд” ХХК-ны захирал н. Наранбат:

-Гудамж төслийн хүрээнд 2014 онд 100 –н айлын уулзварыг засаж гүйцэтгэсэн. Тухайн үед нэмж хийх ажлууд зайлшгүй гарсан. Захиалагч тал, хяналтын багтайгаа хурлын протокол үйлдээд гарын үсгээр баталжуулаад тоо хэмжээ үнэ өртгөө тогтоосны үндсэн дээр нийгмийн хариуцлага, хийж буй ажлынхаа гүйцэтгэл чанарт ач холбогдол өгч хийж гүйцэтгэсэн. Барилгын ажил захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч гэсэн гурван талт гэрээгээр хийгддэг. Гэтэл захиалагч санхүүжүүлэгч талууд асуудлыг хоёр тийш нь шидчихдэг учир гарц гаргалгааг гаргаж шийдвэрлэж өгөхгүй 2 жил боллоо. Одоо сонгуулийн үе дөхсөн болохоор Монгол улсын Засгийн газраас авто замын сүлжээг өргөжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд маш олон ажил хийгдлээ. Төр засгаас олон нийтэд 2700 км зам барилга байгууламжийг барьж бүтээсэн гэж танилцуулан сонгуулийнPRсурталчилгаагаа хийж байна. Гэтэл тэр зам барьсан компаниудын мөнгийг шийдээд өгөөч ээ. Замчид бидний одоогийн нөхцөл байдлыг нааштайгаар шийдэж өгөхийг шаардаж байна.


Г.Азжаргал

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler