| |
Хүчээр эвсэл үүсгэх гэсэн АН-ынханы санаархал бүтэлгүйтсэн үү
Сонгуулийн тухай хуульд Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж намын жагсаалтыг байхгүй болгон жижиг 76-аар ирэх сонгуулийг явуулахаар тохироод байна. Ойрын өдрүүдэд УИХ-аар Сонгуулийн Ерөнхий хорооноос өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэснээр сонгуулийн ажил албан ёсоор эхэлнэ.
Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг урдаас тооцож "тоглоомын дүрмийг" сонгууль ойртсон өдрүүдэд гэнэт өөрчилсөн шийдвэрийг эрх баригчид гаргуулсан. Тэд хүссэн учраас л, ингэж байж л сонгуульд даваа талтай оролцох учраас ийм шийдэлд хүрсэн. Одоо намууд бүгд ирэх сонгуульд ялахын тулд байдгаа барьж явна. Сонгуулийн тухай хуулиар жижиг намууд болон бие даагч эрхмүүдэд боломж харьцангуй бага. Өөрөөр хэлбэл хууччуул болон том намынхан давуу нөхцөлтэйгээр сонгуульд оролцох юм.
Тиймээс намууд хоорондоо эвсэж, эсвэл том намуудынхаа нөмөр нөөлгийг бараадаж байгаа нь үнэн. МАХН-ыг МАН-тай сонгуульд эвсэж орох сургаар АН-ынхан
Н.Энхбаярт "цонхны цаанаас чихэр долоогож" байгаад эвсэх тохирооноос нь буцаалгуулчихсан. Өөрийг нь сонгуульд дэвших эрхтэй, ялгүй гэсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ гэж итгэсэн Н.Энхбаяр АН-ынханд дахин нэг удаа "бүлээн жин тавиулснаар" мөрөөдөл нь үндсэндээ замхарч байна. Харин үүний дараахан АН-ын дарга З.Энхболд өөрийн боловсруулсан тактикаа хэрэгжүүлж МҮАН, ХҮН, ИЗНН гэх улс төрийн гуравдагч хүчнүүдийг өөртөө нэгтгэж сонгуульд орохоор санаархаж эхэлсэн юм. Эхлэл нь ч зөв тавигдаж дээрх намууд ээлж дараагаараа ирэх сонгууль АН-ыг дэмжиж оролцохоо илэрхийлж эхэллээ. Өөрөөр хэлбэл З.Энхболдын бэлдсэн урхинд МҮАН, ХҮН, ИЗНН-ынхан гүйгээд орчихсон хэрэг. Эрх баригчид СЕХ-ноос сонгуульд орох эрхээ хасуулсан ХҮН, ИЗНН, угаасаа М.Энхсайхан даргаасаа өөр нэр дэвшээд амжилт олох хүнгүй МҮАН-ынханд хэдэн квот өгч байгаад өөртөө татахаар оролдов.
Гэвч түүний болон АН-ын бодлого талаар болж байх шиг байна. ХҮН-ынхан сонгуулийн үеэр хүмүүсээ аваад АН-д "дагаар" орно гэж байсан тохирооноосоо буцаж гишүүд нь тус тусдаа бие дааж нэр дэвшихээр шийдэж эхлэв. Мөн С.Ганбаатарыг ХҮН-аас авчирч Дарханд нэр дэвшүүлэх даалгавартай явсан Т.Ганболдын хичээл зүтгэл талаар болж С.Ганбаатар нь МАН, АН-д хэзээ ч элсэхгүй гэдгээ зарлачихлаа.
Гурван даргатай. Гурван дарга нь тал тал тийшээ жолоогоо булаацалддаг ИЗНН-ынхан ч АН-тай нийлэх нь үлгэр болж байх шиг байна. Учир нь сонгогдох хамгийн магадлалтай С.Оюун дарга нь сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдчихлээ. Ц.Ганхуяг болон бусад дарга нар нь хоорондоо толхилцсоноор ИЗНН дотроо бужигнаантай байна. Нэгэнт дотроо хагаралдаантай байгаа тэд АН дээр ирэх нь юу л бол. Ийнхүү "их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэгчээр З.Энхболд тэргүүтэй АН-ынхан бүх зүйлийг хүчээр шийдэж, хүчээр эвсэл үүсгэх гэж оролдсон боловч тэр нь бүтэлгүйтэж байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга З.Энхболдын байр суурь нэлээд ганхаж эхэлсэн талаар ч зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мэдээж тохиромжтой цагийг хүлээж суусан Алтангадас тэргүүтэй бусад фракцийнхан яаж зүгээр суух билээ. Ойрын үед ҮЗХ-г хуралдуулж асуудлыг ярилцах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж яваа сурагтай.
Г.Лхагваа /ZALUU.COM/