| |
Осама Бин Ладеныг хэрхэн устгасан тухай хувилбарууд
2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны Абботтабад хотын захад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай хэлтсийн дайчид олон улсын ¹1 алан хядагч Осама бин Ладенг хөнөөснөөс хойш таван жил өнгөрчээ. Хэдийгээр "Аль-Каида”-гийн тэргүүний цогцсыг олон нийтэд харуулаагүй, шинжээчдээр батлуулаагүй ч Нью-Йоркийн ихэр цамхгийг газартай нь тэгшилсэн түүнийг хөнөөсөн гэдэгт хэн ч эргэлзээгүй үлдсэн билээ. Харин Америкийн хамгийн заналт дайсныг устгасан нөхцөл байдал маргаан дагуулсаар үлдсэн юм.
Тагнуулын төв газрын албан ёсны мэдээллээс үзэхэд Пакистаны нийслэлээс 50 км-ийн зайд орших рашаан сувиллын хотод бин Ладенг бүгж байгаа тухай мэдээлэл 2010 оны намраас тодорхой болсон бөгөөд тэнд "Аль-Каида”-гийн элч Абу Ахмед аль-Кувейти явж байсан гэнэ. Ингээд түүнийг дагаж явсаар таван метр бетонон хашааны дээгүүр өргөст тор татсан, гурван давхар байшин дээр иржээ. Энэ байшин интернэт, станц, утсанд огт холбогдоогүй байсан нь сэжиг төрүүлсэн аж. Учир нь АНУ 1998 онд бен Ладены утсаар хийсэн яриаг хиймэл дагуулын аппаратаар сонсмогцоо агаарын цэргийн хүчнээ илгээж, Афганистан, Суданд байрлах түүний баазууд руу пуужингийн цохилт хийсэн түүхтэй. Энэ явдлаас болж тэрээр утас хэрэглэхээ больжээ. Ингээд 2010 оны арванхоёрдугаар сар гэхэд Абботтабад дахь харшид "Аль-Каида”-гийн удирдагч бүгж байгаа нь эргэлзээгүй болов.
Тагнуулын төв газрынхан бен Ладенг устгах гурван арга танилцуулж байв. Эдгээр нь агаараас объект руу бөмбөгдөх, нисгэгчгүй пуужингаар яг байг онох, тусгай ажиллагаа явуулах юм. Америкийн засгийн тэргүүнд байсан хүмүүс алан хядагчийг амьдаар нь баривчилж, шударга шүүхэд өгөх найдвараа алдаагүй байсан учир сүүлчийн хувилбар дээр нь тогтжээ. Энэ дагуу 2011 оны хоёрдугаар сард "тэнгисийн муурнууд” өндөр нууцлалын дор АНУ-ын полигонуудад барьсан бен Ладены гэрийнх шиг макетанд сургуулилтаа эхэлжээ.
Нептуны жад
"Нептуны жад” хэмээх нууц нэртэй ажиллагааг гүйцэтгэхийн тулд саргүй шөнийг сонгожээ. Ингээд тавдугаар сарын 1-ний 23:30 цагийн үед "MH-60 Black Hawk” хоёр нисдэг тэрэг Желалабадаас Афганистаны зүүн хэсэг рүү Пакистаны хилийг чиглэн нислээ. Хоёр нисдэг тэргэнд 23 "тэнгисийн муур”, орчуулагч, нууц өрөөг хайх зорилгоор овчарка нохой нисч явав. "Хар шонхрууд”-ын араас "MH-47 Chinook” нөөц дөрвөн нисдэг тэрэг гарсан бөгөөд хоёр нь Афганы хил дээр үлдэж, хоёр нь 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Пакистаны хүн суурьшаагүй хөндийд буун хүлээж байлаа. Харин "Prowler” тусгай онгоц энэ үед Пакистаны радарыг дарж байв.
Ингээд бен Ладены орогносон газрын дээгүүр нисч явсан нэг "Black Hawk” нисдэг тэрэг газарт унав. Тусгай ажиллагааны хүмүүсийн нэг нь ч бэртээгүй. Гэвч төлөвлөгөөнөөсөө өөрөөр ажиллахаас аргагүй байдалд оржээ. Уг нь төлөвлөгөө ёсоор тэд агаар дээрээс олсоор буух ёстой байв. Хоёр дахь "Хар шонхор” байшингийн дээвэр дээр буух ёстой байсан ч нэг дэхийнхнээ хажуугаар нисээд буужээ. Энэ үеэр томоохон буудалцаан болсон ч "тэнгисийн муурнууд” хохирол амсаагүй юм. Яг энэ буудалцааны үеэр "¹1 алан хядагч” унтлагын өрөөндөө буудуулж, хүү Халид, элч аль-Кувейти, түүний ах, эхнэр амиа алдацгаасан юм. Тусгай ажиллагааны явцыг Цагаан ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, танхимын гишүүд нь бичлэгээр ажиглаж байв. Тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон энэ үеийг амьдралынх нь хамгийн хүнд мөч байсан гэж дурссан байдаг. "Би бүр амьсгалаа дарчихсан сууж байсан. Бид бүгд дэлгэцээ ажиглан суух зуур миний амаа дарчихсан алдартай гэрэл зураг ч байдаг” хэмээн тэрбээр нэгэн удаа хэлж байсан түүхтэй.
Бен Ладены гэрээс баримт бичгүүдийг нь цуглуулмагцаа унасан "Black Hawk”-аа дэлбэлж, "Аль-Каида”-гийн тэргүүний цогцсыг өөр нисдэг тэргэндээ ачаад Желалабад руу ниссэн байдаг. Энэ бүх үйл ажиллагаа 40 минут үргэлжилжээ.
Тусгайгийнхан баазад ирснийхээ дараа цогцсыг ДНК-ийн шинжилгээнд өгөхөд "¹1 алан хядагч” мөн болох нь тогтоогдсон байна. Цогцсыг Арабын тэнгист хаясан аж. Үүнээс хэдэн цагийн дараа Обама ард түмэндээ хандаж, есдүгээр сарын 11-ний алан хядлагыг зохион байгуулагч устсан тухай баяртайгаар мэдэгджээ.
Эргэлзээтэй баримтууд
Тавдугаар сарын 1-2-нд шилжих шөнийн үйл явдлаас хойш гуравхан сарын дараа албан ёсны баримтууд гажиж эхлэв. "New Yorker” сэтгүүлийнхэн "Нептуны жад” ажиллагаанд оролцогч хэд хэдэн хүнтэй уулзсаныхаа дараа "тэнгисийн муурнуудад” алан хядагчийг устгах ганц л даалгавар өгсөн болохыг мэдээлжээ. Эх сурвалжууд "Бидэнд бен Ладенг яах тухай олон санаа байгаагүй. Түүнийг баривчлах, барьцаалах тухай яриа огт гарч байгаагүй. Бидэнд олзлогдогсод огт хэрэггүй байсан” гэж мэдэгдсэн байна.
Дараа нь Британийн "The Sunday Times” сониныхон тусгай ажиллагаанд оролцсон хүмүүсийн яриаг нийтэлсэн. Уг нийтлэлд десантуудыг бууснаас хойш минут хагасын дотор л Бен Ладен үхсэн гэнэ. Харин тэр удаан үргэлжилсэн буудалцааны үеэр амиа алдаагүй гэжээ. "Ажиллагаа маш цэвэрхэн болсон. Ердөө л 12-хон буудалцаан болсон” гэж "Тэнгисийн муурнууд” тус сонинд өгүүлжээ. Тэдний хэлснээр багийнхан шууд л байшингийн гуравдугаар давхар руу нэвтэрсэн бөгөөд эхлээд хонгилоор гүйж явсан Осамагийн гурав дахь эхнэр Хаираг цааш харуулсан байна. Дараа нь хоёрдугаар давхраас хашхирсан алан хядагчийн бага хүү Халидыг бууджээ. Ингээд хоёр "муур” бен Ладены унтлагын өрөөг эвдэн ороход тэнд алан хядагч, түүний залуу эхнэр Амаль нар байсан аж. Бен Ладен эхнэрийнхээ араар ороход Амаль "Үгүй, үгүй. Энэ чинь тэр биш” гэж хашхирч байв. Дараа нь алан хядагч АК-47 буу гаргаж иртэл тусгай ажиллагааныхан гал нээжээ. Эхний сум матрас дээр тусч, хоёр дахь нь хашхирч байсан эмэгтэйн хөлийг шархдуулжээ. Энэ хугацаанд бен Ладен зэвсгээ шүүрч авахад хоёр "муур” дахин зэрэг галлав. Ингээд нэг сум цээжинд нь, нөгөө нь толгойд нь тусчээ.
Гэтэл 2013 оны намар гарсан "Амаргүй өдөр” ном АНУ-д нэлээд шуугиан тарьсан юм. Энэ номыг "Нептуны жад”-д оролцсон Марк Оуэн гэгч гаргасан бөгөөд аюулгүй байдлын үүднээс өөрийнхөө нэрийг нууцалсан гэжээ. Түүний бичсэн зүйлс албан ёсны баримтаас бас л өөр байсан юм. "Бен Ладенг хонгилоор дөнгөж цухуйхад тусгай ажиллагааныхан буудсан. Унтлагын өрөөнд орж ирээд бид орныхоо хажууд шалан дээр хэвтэж буй хүн харсан. Тэр цагаан майктай, сул эрээн өмдтэй байсан. Сум түүний толгойн баруун хэсэгт туссан байсан бөгөөд шархнаас нь цус, тархи нь урсаж байв. Бие нь хөрөөгүй, амьсгаатай байсан бөгөөд бид винтов буугаараа түүнд хүрч, цээжинд нь хэд хэд буудсан” гэжээ.
Бен Ладен нисдэг тэрэгнүүдийг газардах, байшинд орох 15 минутын хугацаанд хамгаалалтад бэлтгэж болох байсан ч буугаа ч цэнэглээгүй байсанд Марк Оуэн гайхдаг гэнэ. "Би хаалганы дээр нэг тавиур байхыг анзаарсан. Тэр тавиур яг л бен Ладены зогсож байсан газрын дэргэд байлаа. Би гараа дээш сунгаж үзтэл АК-47 автомат, бас бууныхаа гэрэндээ байгаа Макарова гар буу байсан. Эдгээрийг доош нь буулгаж, хүхээг нь салгаж үзтэл хоёулаа хоосон байсан. Тэр өөрийгөө хамгаалахад огт бэлтгээгүй байж. Осама бин Ладен дайтахыг хүсээгүй. Тэрээр 10 хэдэн жил дайчдаа шахидын бүсээ зүүж, онгоцнуудаар байшин барилга сүйрүүлэхийг тушааж байсан мөртлөө хувийн зэвсгээ огт бэлтгээгүй байсан” гэж бичжээ.
Бин Ладенг 25 сая ам.доллараар зарсан
Абботтабад хотын харшид болсон үйл явдлын тав дахь хувилбарыг өнгөрсөн онд "London Review of Books”-т Америкийн нэрт сэтгүүлч Сеймур Хёрш цуврал нийтлэлээрээ гаргажээ. Түүний баталснаар бен Ладен 2006 оноос хойш Пакистаны тусгай ажиллагааны үеэр баригдсан бөгөөд олзлогдсон байдалтайгаар амьдарч байсан гэнэ. Харин хоригдлыг устгах "Нептуны жад” ажиллагаа нь Обамаг дахин сонгогдох кампанит ажлынх нь эхлэл болж, найруулан тавьсан жүжиг гэнэ.
Цагаан ордонтой ойр нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Хёршийн бичсэнээр Пакистаны тал Вашингтонд алан хядагчийг шилжүүлж, оронд нь томоохон гавьяа шагнал хүртэхийг хүссэн гэнэ.
Гэвч Америкийн тусгай албаныхан Пакистаны тагнуулын өндөр албан тушаалтан аснаас бен Ладены яг хаана байрлаж байгаа тухай мэдээллийг авчээ. Ингээд Тагнуулын төв газар "¹1 алан хядагч”-ийг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн аяны чухал хэсэг болгохоор шийдсэн байна. Хёрш "Бен Ладены тухай мэдээлэлд бид 25 сая ам.доллар амласан шүү дээ. Үүний дараа бен Ладенг ажиглах үйл ажиллагаанд оролцож байсан Пакистаны тагнуулын халагдсан ажилтан манай ЭСЯ дээр ирсэн. Энэ бол 2010 оны наймдугаар сард болсон явдал. Тэр бидэнд "Пакистанчууд бен Ладенг олзолсон, тэндхийн нэгэн шоронд аваачсан” гэсэн мэдээлэл өгсөн” гэжээ.
Гэхдээ Абботтабад хотод таван жилийн өмнө юу болсон тухай бодит үнэнийг Америкийн тусгай албаныхан "Нептуны жад” үйл ажиллагааныхаа тухай мэдээллийг ил болгосон нөхцөлд л мэдэх боломжтой. Гэвч эдгээр баримтууд өдгөө "маш нууц”-ын зэрэглэлд байгаа бөгөөд Америкийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар 25 жилийн дараа л ил болж мэдэх юм.