| |
Орлого ихтэй ч онцын хэрэггүй салбар
Манай улсын Нийслэлд нийтийн хоолны газруудын тоо нэмэгдсээр байгаа. Ихэвчлэн солонгос, хятад хоолны газар ихээр бий болсон бөгөөд иргэд үйлчлүүлэх нь олонтаа. Гэвч тус салбар байсхийгээд л хэл ам дагуулах нь элбэг. Тэдгээр газруудын хоолны мах нь нохойн мах байх нь цөөнгүй, мөн зөрчил илэрсэн ч дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Энэ нь хууль хяналтынхантай холбоотой байх магадлалтай. Учир нь зөрчил илэрсээр байхад мөнгөн торгуулиас өөр арга хэмжээ авддаггүй, эсвэл үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоодог байна. Нэгэнт том зөрчил гаргасан бол цаашид үйл ажиллагааг нь түр хугацаагаар бус бүр мөсөн хаах нь зөв алхам болох бөгөөд чанаргүй хоолны газруудын тоо буурч иргэд эрүүл хоол хүнс хэрэглэх боломж бүрдэх учиртай билээ. Хэдийгээр тус салбарын үйл ажиллагаа доголдол ихтэй гэх боловч үйлчлүүлэгч болоод орлогын хэмжээ ихэссээр байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийтийн хоолны салбарын мэдээнд 2015 оны эхний есөн сард 734 аж ахуйн нэгж хамрагдсан нь уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 53.7 хувийг эзэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн нийт орлого 2015 оны эхний есөн сард 113.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.8 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар буурахад тусгай захиалгат хоолоор үйлчилдэг аж ахуйн нэгжийн орлого нь 25.5 тэрбум төгрөг буюу 52.9 хувиар буурсан нь голлон нөлөөллөө.
Нийтийн хоолны салбарын мэдээнд хамрагдсан аж ахуйн нэгжийн нэг суудалд ногдох дундаж орлого 2015 оны эхний есөн сард 2.6 сая төгрөгболж, өмнөх оны мөн үеийнхээс 587.2 мянган төгрөг буюу 29.2 хувиар өсчээ. Энэ өсөлтөд рестораны нэг суудалд ногдох дундаж орлого 939.5 мянган төгрөг буюу 31.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ мэтчилэн орлогын хэмжээ өндөр байгаа боловч орлогынхоо хэмжээнээс их зөрчилтэй байгаа юм. Энэхүү салбар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх үү? Үгүй юу гэдэг асуулт болоод буй. Мөн үндэсний хоолны салбар устан үгүй болох аюул нүүрлээд байгаа гэхэд хилсдэхгүй. Хаа сайгүй солонгос хятад хоолны газар байх бөгөөд түүгээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо ч мөн их байгаа юм. Тэмдэглэлт өдрийг ийн солонгос, хятад хоолны газар зохион байгуулах болсон бөгөөд үндэснийхээ хоолийг мартах дээрээ тулаад байгаа билээ. Тиймээс ийнхүү өргөжин тэлээд буй харийханы хоолны салбарыг бус өөрийн үндэсний хоолны салбарыг дэмжин үйлчлүүлж, ажиллах нь чухал биз ээ. Үндэсний хоолны салбарыг өргөжүүлж эрүүл хүнс хэрэглэхийн зэрэгцээ эдийн засагт хувь нэмэр оруулахуйц хэмжээнд хүргэх шаардлага бий.
Орлого ихтэй огт хэрэггүй салбарын нэг бол "Зочид буудал”
Улсын хэмжээнд зочид буудал, баар цэнгээний газруудын тоо цэцэрлэг сургуулийнхаас их байгаа нь гэмт хэргийн гаралтын тоо өсөхөд нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар булан тохой бүрт дэн буудал байх жишээний. Энэ нь нийгэмд тийм ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа бөгөөд зочид буудлын тоо өсөх нь өсвөрийнхөнийг буруу зам руу татан оруулж нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Бага насны охидууд эмэгтэйчүүдийн эмнэлэгийг зорих нь ихэсч байгаа нь тэдний шоу цэнгээний асуудал хэт задгайрсаныг харуулж бэлгийн хавьталд наснаасаа эрт орж байгаагийн илрэл болж байна. Хүүхдээрээ хүүхэд гаргах тохиолдол ч бий, абортонд орох нь энгийн үзэгдэл мэт болжээ. Энэ асуудал нь зочид буудалтай шууд холбоотой буюу баар цэнгээний газар архидан согтуурч үүр шөнөөр тэндээсээ гарна. Ингээд бааранд танилцсан найзуудтайгаа хонох газаргүй болсоны эцэст зочид буудлыг зорьж байгаа хэрэг. Ийн нийгэмд сөрөг нөлөөтэй зүйлс олон байна. Өнөөдрийн байдлаар зочид буудлын орлого их хэмжээний байх бөгөөд үйлчлүүлэгч ч мөн олширч байгаа юм. Тодруулбал: зочид буудлын мэдээнд 2015 оны эхний есөн сард 317 аж ахуйн нэгж хамрагдсан нь уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 72.8 хувийг эзэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн орлого 2015 оны эхний есөн сард 95.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.6 тэрбум төгрөг буюу есөн хувиар өсөхөд зэрэглэлгүй буудлын орлого 5.5 тэрбум төгрөг буюу 14.6 хувь, гурав,түүнээс дээш одтой буудлын орлого 4.0 тэрбум төгрөг буюу 8.7 хувиар өссөн нь нөлөөлжээ. Зочид буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого 2014 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 1245.7 мянган төгрөг буюу 8.9 хувиар өсөхөд зэрэглэлгүй буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого 1417.5 төг буюу 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Зочид буудлаар 2015 оны эхний есөн сард үйлчлүүлэгчдийн 69.2 хувь нь Монгол Улсын иргэд, 30.8 хувь нь гадаадын иргэд байна. Нэг зочид буудалд дунджаар 2014 оны эхний есөн сард 1317.2 зочин ногдож, нэг зочин дунджаар 1.4 хоног байрласан байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 228.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.8 мянган төгрөг буюу 15.5 хувиар өссөн байна. Ийн орлого ихэсч байгаа боловч нийгэмд маш муугаар нөлөөлж сөрөг үр дагавар их байгаа тул үүнийг өргөжүүлэх хэрэг, шаардлага огт байхгүй биз ээ.
Ж.ЭРДЭНЭ /AMJILT.COM/