| |
Дүрэмгүй намын журамгүй гишүүд
АН-ын Хяналтын ерөнхий хорооноос 2014 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр нэгэн тогтоол гаргасан нь "Шийтгэл ногдуулах тухай” байлаа. Энэ тогтоолоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг дэмжсэн АН-ын найман гишүүнийг намын гишүүнээс хөөхөөр шийдвэрлэсэн байв. Намаас хөөгдөх болзол хангасан найман гишүүн нь Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар. АН-ын Үндсэн дүрэмд "Хамтарч байгуулсан Засгийн газар, Сонгогдсон Засаг даргыг огцруулсан нь тогтоогдвол намаас хасах” тухай заасан байдаг.
Дээр нэр дурдсан найман гишүүн бол хамтарч байгуулсан Засгийн газрын тэргүүнийг огцруулахад дэмжиж санал өгсөн хүмүүс. Тэгэхээр намын дүрэм үйлчилдэгсэн бол хөөгдөх болзлоо өөрсдөө хангасан хүмүүс. Гэсэн ч Хяналтын ерөнхий хорооны эл тогтоол одоо болтол хэрэгжээгүй, найман гишүүн АН-д харьяалалтай хэвээр байгаа. Нэг талаар Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэн баталгаажуулах ёстой нь найман гишүүнийг болзлоо хангачихаад байхад намаас хөөгөөгүйтэй нь холбоотой. Учир нь, Хяналтын хорооны тогтоол гарснаас хойш АН-ын ҮЗХ хуралдаж чадаагүй байв.
Харин уржигдар болсон хурлаар энэ асуудлыг сөхөлгүй, мөрийн хөтөлбөрөө л хэлэлцжээ. Тэгэхээр АН-ын Үндсэн дүрэм гэдэг нь ёс төдий бичиг баримт байсан бололтой. АН багаар тоглож чаддаггүй журамгүй гишүүдтэй гэдэг нь магадгүй "дүрэмгүй” болсонтой нь ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.
О.АМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/