| |
Нэг хувийн татварын биелэлт муу байна
Нийслэлчүүд оны арван сараас эхлэн архи тамхи дэлгүүрээс худалдан авах хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газраар үйлчлүүлэх бүрдээ татвар төлөх хуулийг мөрдөж буй. Нэг хувийн татвараас оны 2015 оны төгсгөлд нэг тэрбум, энэ онд 13-14 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон ч биелэлт муу байгааг албаныхан онцолжээ.
Тодруулбал, өмнөх оны төгсгөлд 481 сая төгрөг, он гарсаар 577 сая төгрөгийн татвар төвлөрчээ. Энэ нь татварын биелэл 20 орчим хувьтайг явуулж буй тоон үзүүлэлт бөгөөд Нийслэлээс өмнө нь боловсруулсан төлөвлөгөөгөө эргэн харах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдах асуудал яригдаж байгаа аж.
Хууль санаачлагчид нийслэлийн хэмжээнд байгаа 1,000 гаруй аж ахуйн нэгж 1.5 сая төгрөгийн үнэтэй кассын машин авч, тодорхой сургалтад хамрагдсанаар татвар төвлөрөх орчин бүрдэнэ гэж тооцоолсон ч бодит байдал дээр ийнхүү асуудал үүсгэж эхэлсэн байна.
Иргэдийн зүгээс нэг хувийн татвар төлөх ААН-үүдээс баримтаа авах, худалдан авсан барааныхаа бичилтийг хийлгэх хүсэлт тавихад нэг хувийн хотын албан татвараа төл, төлөхгүй бол бичилт хийхгүй гэсэн тайлбар хийж буй талаар гомдоллож буй. Улмаар хоёр гурван тооцооны машинтай худалдааны төвүүд татвар шингэсэн, шингээгүй гэж барааг ангилан хоёр өөр кассын машин дээр бичилт хийдэг тухай мэдээлэл ч түгсэн. Энэ нь хоёр балансаар үйл ажиллагааныхаа тооцоог гаргадаг далд эдийн засаг хөгжсөн газрууд байсаар буйг илтгэнэ гэж татварынхан тайлбарлаж буй юм.
Нөгөө талаас Нийслэл татварын системээ боловсронгуй болгох нэрийдлээр ААН-үүд дээр дарамт үүсгэж, далд эдийн засгийг улам сэдрээж буйг ч онцлууштай. Нийслэл НӨАТ-ийн хуулийн хэрэгжилтэд найдаж, далд эдийн засаг үүсэхгүй гэж тооцоолсон ч энэ мэтээр ААН-үүдийн татварын асуудлаа нэг мөр болоогүй хэвээр буй юм.
Түүнчлэн шуудхан кассын машин худалдаад авчих боломжтой, тийм сэдэлтэй ААН-үүд хэд билээ гэдэг нь мөн л бодох асуудал. Тэгэхээр Нийслэлээс хүссэн хүсээгүй нэг хувийн татварыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журмаа эргэн харах, татварын төлөвлөлтөө дахин хянах асуудал гарч буй юм.
Одоогоор бол ирэх зургаадугаар сараас Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем жигдрээд ирэхээр Нийслэлийн татварын төлөвлөгөөний биелэлт сайжирна гэх төсөөлөлтэй хүлээгдэж байгаа аж. Нэг хувийн татвар жигдэрснээр Нийслэлийн 25-50 насны иргэд жилдээ 250-300 төгрөгийн татвар төлөхөөр тооцоо гарсан байдаг.
Ямартай ч Нийслэлчүүд нэг хувийн татвар төлөх асуудал жигдэртлээ нэлээд цаг авах бололтой.
Г.Итгэл