|
Видео

Шинэ мэдээ

СОНГУУЛИАР “ТАНЬДАГ ЧӨТГӨР ДЭЭР” ХЭМЭЭХ СОНГОЛТОО ДАХИН ХИЙХ ҮҮ

СОНГУУЛИАР “ТАНЬДАГ ЧӨТГӨР ДЭЭР” ХЭМЭЭХ СОНГОЛТОО ДАХИН ХИЙХ ҮҮ

 

Яг гурван сарын дараа УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Энэхүү сонгуульд намууд ямар байдлаар оролцох асуудал эдүгээ арай л бүрэн тодроогүй байна.

Хэдий Монголчууд эрх баригч АН, сөрөг хүчин МАН-аас залхсан мэт ярьж байгаа хэдий чсонгуульд саналаа өгөхдөө "таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр” хэмээх сонголт хийх нь ойлгомжтой юм. Өмнөх сонгуулиудаар ч ийм л байсан.

Найман жилийн өмнө ч, дөрвөн жилийн өмнө ч сонгогчдын төрд итгэх итгэл суларлаа, АН, МАН-ын рейтинг адилхан доошиллоо гэлцэж л байсан. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ гэдэг сонгуулийн дүнгээс харахад илт байсаар ирсэн.

2012 оны сонгуулиар МАН-аас Н.Энхбаяр тэргүүтнүүд МАХН нэрийг нь салгаж, тусдаа сонгуульд ороогүй бол тэд ялах байсан нь сонгуулийн дүнгээс харагддаг. Тиймээс АН, МАН-ынхан тохиролцоод сонгуулийн нэгдсэн хуулийг батлахдаа жижиг буюу өөрсдийгөө гуравдагч хүчин гэж нэрлэдэг намуудад ашиггүйгээр хийсэн тухай яригдсаар.
 

Тиймээс эдүгээ Монгол улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам бүгд тус тусдаа сонгуульд оролцох боломжгүй. Энэ нь юу гэсэн үг гэхээр намууд нэгдэж эвсч байж л сонгуульд амжилт гаргах боломжтой гэсэн үг юм.

Ингээд АН-ынхан угшил нэгтэй хэмээн МҮАН, ИЗНН-уудад өөрийн намдаа нэгдэх урилгыг илгээсэн. АН-ын дарга З.Энхболдын хувьд намдаа өөр намуудыг нэгтгэж авахаас биш эвсэхгүй гэдгээ ч илэрхийлсэн.

Гэвч түүний санаархлыг угшил нэгтнүүд нь үгүй гэчихлээ. Уг нь эдгээр намуудад АН-д багтаад том намын нэрээр дахин УИХ-д цаашлаад Засгийн газарт орчих санаатнууд олон байсан нь мэдээж.

Тухайлахад ИЗНН-ын ижил эрх дархтай гурван даргаас С.Дэмбэрэл, С.Оюун нар нь АН-д нэгдэж байж амжилтад хүрч, өөрсдийн бодлогыг төрийн бодлогод тусгуулна гэж ярьж байлаа. Гэвч нөгөө нэг дарга нь болох Ц.Ганхуяг нь АН-д сарын дотор намаа нэгтгэх боломж алга гэснээр асуудал шийдэгдэхгүй нь тодорхой боллоо.

Мөн МҮАН-аас эдүгээ УИХ, ЗГ-т алба хашиж байгаа нөхдүүд АН руу ханарахыг хүсэвч, тэдний удирдагч, намын дарга М.Энхсайхан нь уг саналд хийж байгаа үйлдлээрээ хориг тавьж орхилоо. Тэгээд ч АН-ын дарга З.Энхболдтой Тавантолгойгоос болж, тус намын МоАХ фракцтай шинэ төмөр замаас болж зөрчилдөөд түүнээсээ болж хатуу, хөтүү үг ихээр дуулж яваа М.Энхсайхан тийм ч амар бууж өгөхгүй нь тун тодорхой байсан.

М.Энхсайхан эсрэгээрээ АН болоод МАН-аас бусад жижиг намуудыг нэгэн дээвэр доор нэгтгэн тэдэнтэй хүч үзэх төлөвлөгөө боловсруулснаа зарлаж, эхний ээлжинд "Эрэл”-ийн буюу Эх-Орон хэмээх "хувийн” намтай Б.Эрдэнэбаттай тохиролцов.

Улмаар бусад намуудыг тухайлбал ИЗНН-ыг өөрсдийн байгуулах "Их эвсэл” буюу "Эх Орон-Ардчилал- Шударга ёс” эвсэлд нэгдэхийг урив.

Тэгвэл АН-д хуулийн хугацаанд нэгдэх боломж хомс гэж мэдэгдсэн ИЗНН-ын нэг дарга Ц.Ганхуяг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын удирдах болсон ХҮН-д симпаттай байгаагаа илэрхийлж хуралд нь сууж мэндчилгээ дэвшүүлсэн. Тэдэнд тэгвэл энэ удаа М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хамтрах санал тавьсан нь энэ.

Тэгвэл ирэх сонгуульд өнгөлнө гэдэгтээ итгэлтэй байгаа МАН ч бас МАХН-ыг нэгдье гэв. Харин Н.Энхбаяр хариуд нь эвсч болох юм гээд намын баяраа хамт тэмдэглэснийхээ маргаашнаас ажлын хэсгүүд гарган хэлэлцэж байна. Тэд квотын асуудлаар тохиролцохгүй байгаа тухай сураг чих дэлссээр байгааг ч хэлэх ёстой. МАН болохоор 80:20, МАХН болохоор 60:40-ийн харьцаатай гэж байгаа сураг бий.

Н.Энхбаяр мөн УДШ-д бүртгүүлсэн дарааллаар сонгуулийн саналын хуудсанд бичигдэхийг бодолцон 24 намаас 3-т бичигдэх МНН-тай сонгуульд хамтарч орох санамж бичиг үйлдчихсэн. Энд өгүүлсэн бүхэн бараг л тэр чигээрээ үлдэх магадлал тун өндөр. Зарим ажиглагчид энэ удаагийн сонгуулиар АН, МАН-аас уйдсан сонгогчид Их Эвсэлд ахиу санал өгөх тухай ярьж байгаа ч үнэндээ бол манайхан "таньдаг чөтгөрүүдээ” л дахин гаргах болов уу.

Г.Самбаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler