| |
Б.Насанбаяр хэн хэний "Заазуурт цавчуулчихав"
Ойрын өдрүүдийн улс төрийн халуун МҮҮН хэмээх айхавтар өвгөний үүсгэн байгуулсан гаж урсгалын талаар өрнөв. Энэхүү гаж урсалыг боловсролын салбарт оруулах "Барбарис төлөвлөгөө"-г БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэрэгжүүлсэн гэж сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр баахан нүдүүллээ. Нарийндаа бол тэртээ 2005 онд одоогийн "ардчилсан" тодотголтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Сан Мён Мүүнийг Монголд урьж авчирсан байдаг. Тухайн үедээ ноён Сан Мён Мүүний Монголд байх хугацаандах тав тухыг өнөөгийн Засгийн газрын Тамгын газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хариуцан ажиллаж байсан нь видео хальсан дээр түүх болон үлджээ. Тэр ч байтугай С.Баярцогт МҮҮН-ий гаж урсгалаас шагнал авсан баримтыг иргэн Э.Цэрэндолгор дэлгэж эхэллээ. Дээрх баримтаас харвал Б.Насанбаяр гэдэг бүсгүй МҮҮН-ий гаж урсгалыг Монголд урин дуудсан гол хүн нь биш болж таарах нь... Сан Мён Мүүнийг хүндэтгэн урин залж, Монгол ёсолгоо хэмээн ард түмнийгээ "хошгируулж" МҮҮН-ий ёсолгоо хийсэн эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол дахь МҮҮН-ий гол төлөөлөгч нь болж таарлаа. Өнөөдөр хүмүүс Б.Насанбаярыг л МҮҮН болгож хараад байгаа болохоос цаад үнэнч, том шүтэн бишрэгч нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар юм байна. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2009 онд Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад "шилэн" Цогоо нэгэн ноцтой баримт дэлгэсэн нь монголыг шуугиулж байв. "Элбэгдолжий, Элбэгдолжий, Элбэгдолжий" хэмээн хоолой мэдэн хашгирах солонгосчууд чинь МҮҮН-ий "хүүхдүүд" байсан юм биш үү. Тэд тухайн үедээ Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд зориулж мөнгө хандивласан гэж хэвлэлээр бичиж байсан нь ор хоосон худал мэдээлэл биш болж байх шиг. МҮҮН-ий гаж урсгалын нөхдүүд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах хүндхэн даалгавар өгснийг Ц.Элбэгдорж нэр төртэй биелүүлсэн. Түүнийг даалгавраа биелүүлэхэд монголчууд бид ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр одоо ч МҮҮН-дээ үнэнч гэдгээ "монгол ёсолгоо"-гоороо харуулж байгаа.
Хамгийн гол нь Б.Насанбаяраар дамжуулж Ерөнхийлөгчид сануулга өгч байгаа хүн нь "Женко" Х.Баттулга. Энэ хоёрын маргаан "Женко"-г Ерөнхийлөгч өрөөндөө дуудаад баахан камерийн өмнө зад загнаснаас үүдэлтэй. Ц.Элбэгдорж эх орноо бодож загнасан юм биш. Далдуураа "Эм Си Эс" компанийг дэмжсэнд нь л "Женко" бухимдуу явдаг гэж учир мэдэх хүмүүс ярилцах юм билээ. Харин "цэнхэр үст" Э.Цэрэндолгор гэнэт МҮҮН яриад хэвлэл мэдээлэл, сошиалаар "од" болоод эхлэнгүүт "Женко" Ерөнхийлөгчөөс хариугаа авах тун чиг эвтэйхэн боломж олгосон юм. Үүний зэрэгцээ "Женко"-гийн шадар хүн Б.Батзаяаг Авлигалтай тэмцэх газар баривчлан хорьсон нь ч Ерөнхийлөгчийн Х.Баттулгад өгч буй "даруухан" сануулга байв. Бүр цаашилбал, Х.Баттулгаар дамжуулан З.Энхболдод өгч буй "битүү, дотуур тамиртай" сануулга байлаа. Ингэснээр эрх баригч Ардчилсан намын лидерүүдийн дунд, бүр цаашилбал төрийн гурван өндөрлөгийн дунд ширүүхэн зодоон болж байна. Тодруулбал, нэг талаас Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нөгөө талаас З.Энхболд, "Женко" Х.Баттулга, С.Эрдэнэ гэсэн том зодооны заазуурт Б.Насанбаяр цавчуулчихав. Эрх баригчдын том зодооны дараагийн далайлт УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр дээр буухыг хэн ч үгүйсгэхгүй.
С.ОГТОРГУЙ