|
Видео

Шинэ мэдээ

Өлгийн дарга нар халамжийн мөнгөөр унаажжээ


Тун саяхан даа, Үндсэн хуулийн Цэцийн даргыг ажлаас чөлөөлөх талаар хэлэлцэж байх зуур түүнийг төсвийн мөнгөөр "Lexus 570" авч унасан хэмээн хэл үг гарч байв даа. Үүнийхээ төлөө огцрох ёстой гэх УИХ-ын гишүүд ч ярьж байсан юм.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн дарга нар Халамжийн сангийн хөрөнгөөр гурвын гурван "Ланд 200” автомашин авч унасан байна. Өмнөх дарга нарын албан ажилдаа хэрэглэж байсан автомашинууд нь хэрэгцээнд ашиглах бүрэн боломжтой гэдгийг нутгийн иргэд дуулгаж буй Баян-Өлгий аймгийн төсөвт байршуулсан мөнгө болох халамжийн сангийн нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай аймгийн ИТХ-ын ажлын албанаас Засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга А.Манкей нарыг АТГ-т шалгуулах хүсэлт тавьжээ.

Учир нь тус аймгийн төсвийн сангаас зориулалтын бусаар ашигласан мөнгийг тооцвол, аймгийн ИТХ-ын 2014 оны 36 дугаар тогтоолоор 2013 оны төсвийн үлдэгдэл буюу халамжийн сангийн мөнгөнөөс аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөд 224.7, халамжийн санд 200 саяыг тус тус хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар баталсан байна.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны найман удаагийн тогтоолоор баталсан 548.3 сая төгрөгийн зарцуулалтыг бүтцээр нь авч үзвэл доорх байдлаар хуваарилжээ.

1 4.8% Нөхөн сонгуулийн зардалд
2 8.1% Цалингийн зардал
3 4.5% Гадаад албан томилолт
4 8.4% Шатахуун, тээврийн зардал
5 37.8% Автомашин, тоног төхөөрөмж худалдан авах
6 14.5% Урсгал засвар зураг төсвийн үнэ
7 1.5% Биеийн тамир, уралдаан тэмцээний зардал
8 3.3% Интернэт сувгийн түрээс, вэб сайт шинэчлэх зардал
9 4.5% Буцалтгүй тусламж, тэтгэмж
10 4.3% Эмчилгээний зардал
11 2.5% Бусад арга хэмжээ
12 6.3% Тусгай сангуудад

Мөн 2014 оны эцэст тус аймагт халамжийн сангаас зарцуулаагүй 1261.2 сая төгрөг байсныг 2015 онд ямар зориулалтаар зарцуулсан нь тодорхой бус байгаа аж. Харин дарга нараа шалгуулахаар явуулсан албан бичгийн хариуд АТГ-аас "Дээрх албан бичигт дурдсан мөнгө нь халамжийн сангийн мөнгө биш, тус сангийн үлдэгдэл мөнгийг жилийн эцэст орон нутгийн санд төвлөрүүлэн зарцуулах нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал, Төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа нь гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэх хариу өгчээ.

Угтаа халамжийн хуулийн 8.1-т "Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна. 8.2-т нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг дараах үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж заасныг аймгийн ИТХ-ынхан онцоллоо. Тэдний үзэж байгаагаар тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг зориулалтаар нь бус ашигласанд бухимдалтай байгаа гэх.

Саяхан Өлгий хотын төв талбайд хүүхдийн цэцэрлэгийн асуудлаас болж иргэд жагсаал зохион байгуулж, эсэргүүцэл илэрхийлсэн ч дарга нар анхааралдаа авахгүй, харин шинэ машин хөлөглөсөн дарга нар нааш цааш холхих нь иргэдийн хараанд өртөж, ийнхүү маргаан дагуулж эхэлсэн байна.

Иргэдийн хэлж байгаа нь хууль бусаар тэрбум төгрөг зарцуулж, өөрсдөө үнэтэй машин хөлөглөхийн оронд нэг ч болов цэцэрлэг бариад өгсөн бол олон айл өрхийн амьжиргаа, ажил орлогтой байх боломжийг нээх байсан гэж үзжээ. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн дарга нарт ийм сэтгэл, зүтгэл байсангүй гэх гомдлын үг илгээж байна.

Б.Цэцэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler