|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатар АН-ынханыг ялуулах, Алтангадасынхныг олуулаа болгох “гудас” биш шүү

1960 оны Үндсэн хуульд "АИХ-ын депутатуудыг 5 жилийн хугацаатайгаар тус аймгийн харьяалалтай хороо, аймгийн төвөөс бусад орон нутгийн хот бүрээс нэг, аймгийн төвийн болон улсын харьяалалтай хотын 10000 хүн ам тутмаас 1 депутат тус тус сонгоно” гэсэн байдаг. Харин өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Улаанбаатар хотын тойргийн мандатын тоог нэмэх асуудлаар маргаан үүсгээд байна. Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар "Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл”, "Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргын мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох” тогтоолын төслийг хэлэлцэж "Нийслэлийн мандатын тоог нэмэхгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Тус намын бүлгийн даргын мэдэгдсэнээр өнгөрсөн баасан гаригт СЕХ Төрийн байгуулалтын байнгын хороонд 2008, 2012 оны сонгуулийн жишгээр буюу 48 мандатын 14 нь хотоос, 34 нь орон нутгаас байх зарчмыг баримтлах саналыг оруулж ирсэн байсан. Харамсалтай нь СЕХ-нд АН-аас үүрэг даалгавар өгч тойрог мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж эхэлсэн байна.

Ингэснээр ихэнх аймгууд нэг мандаттай нэг тойрогтой болох бол нийслэл 5 мандаттай болох юм байна. Өөрөөр хэлбэл хөдөөнөөс 26, хотоос 50 гишүүн сонгогддог болох юм байна. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас сонгогддог байсан гэдгийг мартаж болохгүй. Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Энэ бол Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болно хэмээн МАН-ын бүлгийн дарга ярилаа. Энэ бол улс төр биш, АН-ынхны СЕХ-нд өгсөн шиг үүрэг даалгавар бүхий хуйвалдаан бүр ч биш. Харин болоод өнгөрсөн бодит түүх юм.

2012 оны сонгуулийг угтаж 2011 оны сүүлчээр АН-ынхан "бойкот” хийж байж УИХ-ын сонгуулийг мажоритари давамгайлсан холимог тогтолцоогоор явуулахаар батлуулсан.  Ингэхдээ  мажоритари 48 тойрогт нэр дэвшигч нар тухайн тойргийн нийт сонгогчдын 28 хувиас илүү санал авсан бол УИХ-д шууд сонгогдох зохицуулалт оруулсан байдаг.  Энэ нь нэг талаас олон мандаттай тойрогт олон нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдолд "олонхийн санал аваагүй” гэдэг шалтгаанаар дахин сонгууль явуулахаас сэргийлсэн хэрэг. Нөгөө талаар сонгогчдын олонхийн санал аваагүй боловч 28 хувийн санал авсан л бол намын нэрээр санал хураалгасан пропорциональ суудал руу гулсаж орох боломжийг бий болгосон юм. Үүгээрээ энэ заалт Үндсэн хуульд заасан иргэдийн "шууд сонгох” эрхэд халдсан зүйл боллоо хэмээн үзэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байгаа билээ.

Тэд Үндсэн хуульд заасан иргэдийн "шууд сонгох эрх”  гэдэг нь хэлбэрийн хувьд иргэд саналаа хэн нэгнээр дамжуулах бус, өөрийн биеэр шууд санал өгөхийг хэлэх боловч агуулгын хувьд сонгогчийн өгсөн саналыг хэн нэгэн өөрчлөхгүй байх баталгааг хэлнэ хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, сонгогчид олонхийн саналаар тухайн тойргийн мандатын тоонд заасан нэр дэвшигчдийг сонгочихоод байхад өрсөлдөөнд ялагдал хүлээсэн боловч нийт сонгогчийн 28 хувиас илүү санал авсан нэр дэвшигчид УИХ-д шууд сонгогдох боломжийг уг хуулиар олгосон нь "сонгогчийн өгсөн санал эцсийн бөгөөд хөдөлбөргүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна” гэж үзэж байгаа юм. Гэвч энэ тохиолдолд хуулийн агуулгыг нөгөө талаас нь унших шаардлага, шалтгаан бас бий. Сонгуульд намууд илүү хариуцлагатай оролцож, ялсан нь эрх мэдлээ хэрэгжүүлнэ, ялагдсан ч эрсдлээ хүлээнэ гэсэн үг гэхчлэн уран гоёор тайлбарлаж болдог.

 Гэвч үнэн хэрэгтээ "Яавал АН ялах вэ” л гэдэг арга замыг хуулийн аргаар хийхээр эрмэлзсээр ирсэн билээ. Жагсаалтаар орж ирдэг гишүүдийн дийлэнх нь тухайн орон нутгаа төлөөлж буй гэж хэлэхэд хэцүү, товчхондоо "хотынхон” байдаг. Тэд УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч орон нутагт очиж ажиллаад байх нь тун ховор. Харин одоо тэд ерөөсөө л хүн амын дийлэнх нь хотод байхад 14-хөн төлөөлөлтэй байх гэж үү хэмээн сонгогчдын толгойг эргүүлсээр нийслэлээс УИХ-д сонгогдох гишүүнийхээ тоог нэмэхийг хүсч байна. Үнэндээ орон нутагт АН-ынхан ялагдаад байдгийг өнгөрсөн сонгуулиудын тоо баримтууд хангалттай харуулдаг. Тиймээс 2016-2020 онд "олуулаа” байх, чадвал Засгийн эрхийг барих боломж нь улайрч дайрсаар нийслэлээс сонгогдох боломжийг нэмэгдүүлэх явдал болж таарч байна. Энэ бол тэдний УИХ-д олуулаа болох хамгийн боломжит хувилбар. Гэхдээ нийслэлчүүд тэднийг сонгоо ч уу, үгүй ч үү, ямартай ч аз турших арай барьцтай, эрсдэл багатай зам нь энэ аж.

Тэгэхээр АН-ыг ялуулах боломжийг л хуульд тусгаж, тэдэнд тохируулаад байвал тэд олуулаа болоод байх болохоос УИХ-аас баталсан хуулийг "хөдөлгөлгүйгээр” шударгаар өрсөлдөөд ялах итгэл найдваргүй болсон бололтой. Тэгвэл энэ нь сонгогчдын эрх ашигт ямар хамааралтай юм бэ. Орон нутгийн иргэдийг төлөөлөх төлөөлөл багасан байж нийслэлд жагсаалтаар ч атугай АН-ынхныг нэмлээ гээд тухайн орон нутгийн тулгамдсан асуудал шийдэгдэхгүй. Харин ч нийслэлээс олон гишүүн сонгогддог, аливаа тулгамдсан асуудал бэрхшээлийг нь үтэр түргэн шийдвэрлээд өгдөг хүч хуримтлагдсан газар нутагт очиж амьдрахыг хэн ч хүснэ. Тэгэхээр МАН-ын бүлгийн яриад байгаачлан төвлөрлийг сааруулахад сөрөг нөлөөтэй биш гэж үү. УИХ-ын гишүүн хөдөө орон нутагт, сум, багт, алс хязгаар нутагт суугаа малчны хотонд очих нь бүр ч нүдний гэм болж төр, иргэний харилцаа холдох дүр зураг харагдаж байна.

Нийслэл хэчнээн том, гоё сайхан ч гэсэн тухайн улс орныг бүхэлд нь төлөөлдөггүй. Тэр тусмаа өргөн уудам газар нутагтай, зах хязгаар нутагтаа тархаж аж төрдөг онцлогоо бодож эрт дээр үеэсээ яавал иргэн бүрийг биш гэхэд аль болох олон иргэнийг төлөөлөх төлөөлөлтэй болгох вэ гэдгийг бодож хийсэн бодлогыг АН-ын ялалтад зориулж эвдсээр байх уу. Ингэж сонгуулийг, сонгуулийн үр дүнд байгуулагдах засаг, төрийн байгуулалтыг эвдэх эрх тэдэнд байхгүй.

Хэн нэгэн бөхийг ялуулах гэж, аль нэг тамирчинг түрүүлүүлэх гэж олон улсын тэмцээн уралдааны дүрмийг ч түүнд зориулж өөрчлөөд байдаггүй байх аа. Үүний адил Улаанбаатар АН-ынхныг ялуулах, "Алтангадас”-ынхныг олуулаа болгох гудас огт биш. Энэ мэхийг чинь анзаарахгүй өнгөрөх тэнэгүүд ч биш. Шударгаар л өрсөлдөцгөө л дөө, олуулаа болчих ч юм билүү. Өгөгдсөн нөхцөлд ялаад, иргэд сонгогчдын итгэлийг хүлээж чаддаг байсан экс гишүүдээсээ суралцах цаг нэгэнт болжээ, шинэ үеийн АН-ынхан!

  С.Зэндмэнэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.