| |
Видео
Шинэ мэдээ
Шударга сонгууль явуулъя гэвэл санал тоолох явцыг "шилэн" болгох хэрэгтэй
Эрх баригчид Сонгуулийн хуулиар нэг талдаа гараагүй байж Үндсэн
хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх боллоо. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,
энэ парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс суртахууны эрх
байхгүй гэж товч бөгөөд тодорхой хариулт өгсөн байна лээ. Тийм ээ, нэг
ажлыг бүрэн гүйцэд дуусгаагүй байж, нөгөөх рүү дайрдаг нь АН-ынхны гэм
биш зан. Сонгууль хаяанд ирлээ улстөрчид өө. Гэтэл давхар дээлтэй
Р.Бурмаа сайдын урт настай, удаан жаргалтай Сонгуулийн нэгдсэн хуулийн
төсөл үлгэр домог боллоо. Тэгээд ч УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн ийм супер хуулийн төсөл Монголоос өөр хаана ч байдаггүй юм билээ. Учир мэдэх хүмүүс Сонгуулийн нэгдсэн хууль гэж гурван өөр эрх,
үүрэгтэй субьектыг хүчээр нэгтгэж, завхруулах хэрэггүй гэдэг зөвлөгөөг
давхар дээлтэй сайдад өгч буй. Р.Бурмааг хараад бүтэхгүйг мэдсэн
Монголын улс төрийн 22 намын удирдлагууд МАН-ын генсек Ж.Мөнхбатаар
ахлуулж, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг
боловсруулсан. Энэ УИХ Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага байна
гэдгийг өөрсдөө аль гурван жилийн өмнө хүлээн зөвшөөрчихсөн юм шүү дээ. Тэгсэн мөртлөө Р.Бурмаагийнх урагшлахгүй, Ж.Мөнхбатынхыг дэмжихгүй
байгаа нь Сонгуулийг хуулийг удаашруулж, цаг хожих сонирхолтой
байгаагийн тод илрэл. Товчхондоо бол АН-ынхан дараагийн
сонгуулиар дахиад л өнөөх хэл ам дагуулсан санал тоолох хар машинаа
ашиглаж, намдаа хамгийн их хандив өгснийг нь жагсаалтаар гулсуулж,
төрийн түшээ болгох арга саамаа эрэлхийлж байгаа бололтой.
Хэрвээ түшээд иргэдийнхээ дуу хоолойг сонсдог бол наад хар машин, намын
нэрсийн жагсаалтыг чинь энгийн иргэд бараг л үзэн ядаж байгааг энд
дайчихад гэмгүй биз ээ. Тэгээд ч өндөр хөгжилтэй, Америк
цаашлаад Англи ,Франц, Герман зэрэг орнууд сонгуулийн саналын хуудсыг
гараар тоолж байна. Томчууд нь саналаа гараар тоолохыг илүүд үзэж байхад
манайхан л хаа холын Канадаас саналын хуудсаа 20 тэрбум төгрөгөөр
хэвлүүлж, сонгуулиа хийж байдаг. Амтай болгон төсөв хүндэрлээ,
эдийн засаг хямарлаа гэж ярьж байхад ирэх сонгуулиар дахиад Канад руу 20
тэрбумаар саналын хуудас хэвлүүлэх хошин шогийн ажил хийхгүй л гэж
найдаж байна. Сүүлийн үед шилэн төсөв гэдэг үг мооданд ороод байна. Бүх
юм нэвт, шувт харагддаг шилэн болж, хяналт сайжирч байна. Яг үүнтэй
адилаар "шилэн сонгууль" хийж яагаад болохгүй гэж. Ж.Мөнхбатаар
ахлуулсан Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэн 2012 оны
Сонгуулийн хуульд найман өөрчлөлт оруулахаар болсон. Үүний нэг нь
сонгогчдын саналыг гараар тоолж, энэ явцыг телевизийн бичлэгээр шууд
баталгаажуулах буюу сүүлийн үеийн хэллэгээр бол шилэн болгох санал
багтаж байгаа юм. Түүнээс гадна төрийн албан хаагчдаар тойрог, хэсгийн
хороог бүрдүүлж, сонгууль будлиантуулах эх үүсвэр тавьдаг байдлыг
өөрчлөх ёстойг хэлж буй. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцож байгаа намуудын
жигд төлөөлөл болон нам бус жирийн иргэдийн оролцоотойгоор тойрог
хэсгийн хороог хангах асуудлыг тавьж байгаа. Олуулаа хэлэлцвэл буруугүй
гэдэгчлэн ардчилсан парламент байгуулагдсан 25 жилийн түүхэнд анх удаа
Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 улс төрийн намууд хамтдаа
боловсруулсан Сонгуулийн хуулийн өөрчлөлтийгл дэмжээд явах шаардлагатай
байна. Дахиж л хар машинаар санал тоолж, иргэдийнхээ нурууг битгий
аваарай гэж нийтлэлийнхээ төгсгөлд зориуд сануулмаар санагдлаа. Шударга сонгууль явуулъя гэвэл шилэн л болгох хэрэгтэй байна.
С.Пуужин